Шинэ жил

Шөнийн тэнгэрээс цас хаялаад, ганган гацуурууд гоёлоо өмсчихсөн, хүүхэд багачууд энд тэндгүй баяр хөөрөөр дүүрэн хөгжилтэй инээх нь сонсогдно. Айл бүрийн цонхны цаанаас өнгө өнгийн гоёмсог гэрлүүд нүд булаалдан анивчна.
Залуус чих дөжрим чимээтэй атлаа нүд гялбам гоёмсог харагдах баярын солиутыг шөнийн тэнгэр өөд цацарган араас нь баяр бахдалтайгаар ажин зогсоно.
Гэрийн хойморт сүрлэг гацуур мод, энд тэндгүй саа тоглоом сэлт зүүгээстэй, өнгө өнгийн гэрэл анивчих нь улам ч үзэсгэлэнтэй харагдна. Гацуурны наахантай өргөн ширээ засан шинэ жилийн амттан бүхнийг өржээ. Шинэ жилийн баярын бялуу, чихэртэй таваг, төрөл бүрийн жимсний цуглуулга, баярын оргилуун дарс, ундаа, бас бус амттангаар ширээг чимжээ. Өтгөн цагаан сахалтай, урт цэнхэр нөмрөгтэй өвлийн өвгөн аав гэрийн хаалгаар утаа савсуулан орж ирээд хүнгэнэсэн дуугаар хүүхэд, томчуул гэж ялгалгүй нэрээр нь дуудан гоёмсог ууттай бэлгийг өгнө. Хүүхдүүд бэлгээ аваад баярлалдан гүйлдэж гацуур модны дор очиж суугаад чинийх минийх гэлцэн бэлгээ задлан гайхуулна.
Арван хоёр цаг болохтой зэрэгцэн хүн бүр сандаралдан гүйлдэж, хундагаа барин өргөн ширээний ард очиж догдлон зогсоно. Цагийн зүү арван хоёр дээр цохилон, баярын дарс оргилон, хундага хангир жингэр дугарч, хуучин он өнгөрч, шинэ он гарлаа. Бүх хүний нүүрэнд баярын инээмсэглэл тодорч, ирэх ондоо урьд урьдынхаас илүү жаргалтай, азтай, хийморьтой, сайн сайхан байхын ерөөл тавин шинэ онтойгоо золголоо. Шинэ оны мэнд хүргэе!

Comments

Popular Posts