Нандин-Чимэг
Миний нэрийг Чимэг гэдэг. Илүү дутуу зүйлгүй энгийн энэ нэрэндээ би яагаад ч юм дургүй байдаг байлаа. Үеийн охидын содон, чихэнд сонсголонтой нэрнүүдтэй харьцуулж, “ Шал хөдөөний нэр өгөх юм, Чимэгээ байхдаа яахав дээ ” хэмээн хошуугаа унжуулна. Тэгэх бүрийд аав минь надруу хайр дүүрэн харцаар харж “ Чи чинь аав ээж хоёрынхоо нандин Чимэг болсон үр минь юм шүү дээ ” хэмээн өхөөрддөгсөн. Би гурван хүүтэй айлд хэнзхэн мэндэлсэн ганц охин үр нь. Тиймдээ ч аав минь намайг эрхлүүлэн, хаа явсан газраа дагуулан явдагсан. Би хэдий аав ээж, ах нартаа эрх өссөн ч хүмүүжил сайтай байлаа. Ер нь ч эрхлүүлсэн хүүхэд болгон заавал ‘ эрхийн балай ’ болдоггүй билээ. Сургуульдаа онц сурч, олон ч найз нөхөдтэй байлаа. Хаа явсан газар Чимэг гэдэг нэр тодхон дуудагдна. “ Чимэгээ самбарт гараарай ”, “ Чимэг та ирж шагналаа авна уу ” , “ Чимэгээ найз нь... ” гээд л олон олон дуудагдаж, дуурсагдах энэ нэрэндээ би аль хэдийн дассан. Ер нь ч том болохын хирээр хүн болгоныг цочоож, анхаарал татаад байхаарг...