Бороо..


Бороотой ирээд бороотойгоо буцсан хайр минь цаанаа л нэг жихүүн... Ахиж би бороонд дурлах болов уу... Удахгүй бороо орно доо..

 Тог тог хийн дуслах борооны жижиг дуслууд улам олшрохын зэрэгцээ гудманд явсан хүмүүс хаа нэг тийшээ борооноос хорогдохоор яаран гүйлднэ. Юунд ингэтлээ борооноос зугтан гүйлддэг юм бэ.. Цонх даган урсах борооны дуслыг хараад хүмүүс нэг л гунигтай эсвэл уцаартай болчихно. Юунд ингэж бороо орохоор тавгүйтдэг юм бэ..  Хүүхэд байхад гадаа бороо орохоор хөөрөн гарч гүйдэг байсансан.. Замын хажуугийн шалбааган дээр дэвслэн дэргэдүүр өнгөрөх хүмүүсрүү ус үсэргэн дэггүйтнэ. Ширүүн бороо орж хүчтэй аянга цахисаар байтал өөрсдийн хийсэн урцанд орж хорогдохдоо бэхлэлт цайздаа орчихсон мэт айхыг үл мэдэн хөөрөн сууна. Хүүхэд ахуй насны хөгжилтэй, олон ч дурсамж минь асгаран орох аадар бороо, зөөлөн шиврэх зүсэр бороотой холбоотой аж. Харин залуу нас минь.. Дахиад л бороонд.. Би бороонд дуртай. Одоо ч гэсэн би хүүхэд байх үеийнх шиг бороо орохоор гарч гүйх дуртай. Бороо намайг хөгжилтэй болгодог. Бас гунигийг минь хуваалцдаг. Хамаг гуниг зовлонг минь зөөлөн дуслах бороон дуслууд урсгачих шиг санагддаг. Цурхиртлаа уйлмаар бачимдсан үед бороо намайг тайвшруулдаг. Миний сэтгэлийн шаналанг ойлгож, надтай хамт гуниглаж, миний нулимсыг хуваалцаж, надтай хамт цурхиран уйлах шиг санагддаг. Бороотой хамт ирэхдээ сэтгэлийн минь нандин утас бүрийг хөндөж, хорвоо дээр тийм их аз жаргал байдгийг мэдрүүлсэн хайр минь... бороотойгоо хамт буцахад дахиад л тэр утаснууд хөндөгдөж, хорвоо дээр ийм их шаналан байдгийг надад ухааруулсан.. Тэр бороо хамгийн жихүүн бороо байсансан.. Ахиад би бороонд дурлах болов уу. Удахгүй бороо орно доо...

Comments

Popular Posts