Миний анхны хичээл

Хүн давахгүй гэсэн даваагаа долоон удаа давдаг гэдэг үг байдаг даа... Би бага байхдаа дандаа багш, эсвэл дэлгүүрийн худалдагч, цайны газрын ажилтан болж тоглодог байж билээ. Харин дунд сургуульд сурж байх үедээ багшийн оронд хааяа нэг хичээл орохдоо би хэзээ ч багш болохгүй гэж өөртөө хэлдэг байсан. Дараа нь ахлах сургуулиа төгсөхдөө багш лав болохгүй гэж зөрөн байж "Монгол Улсын Их Сургууль"-д инженер болноо гээд орсон. Одоо харин сургуулиа төгсөөд мэргэжилээрээ ажиллаад сууж байна. Бас л багш болохгүй гэж татгалзсаны үндсэн дээр сонгосон ажил.

...Харин өнөөдөр оюутнуудад анхныхаа лекцийг орлоо. Төгсөөд жил ч болоогүй болохоор энэ жилийн төгсөх курсын өөртэйгөө чацуу оюутнуудад хичээл орно гэдэг намайг нилээн сандаргаж байлаа. Би хурдан ярьдгийн дээр мундаг лекцийн багш нар шиг хадуураад өөр сэдэврүү орох гэтэл мэдлэгийн хүрээ тийм ч арвин биш тул сэдвийнхээ хүрээнд ярихаас аргагүй. Ингээд хоцорч орсон хичээлээ арван минутын өмнө завсарлуулаад оюутнуудад орсон анхны хичээлээ дуусган урт амьсгаа авсан юм. Заахаас өмнө сандарч байсныг бодоход харьцангуй тайван байсан. Бас сэдвээ боломжийн хэмжээнд судалсан байсан учир асуултад нэг их түгдэрсэнгүй. Нэмж хэлэхэд заасны дараа нэг оюутнаас -сонирхолтой байлаа, сайн заасан гэдэг урмын үг сонссон (урам өгсөнд баярлалаа...). Ингээд санасныг бодоход харьцангуй амжилттай байсан гэж өөрийгөө дүгнэлээ.

Энэ миний "оюутнуудад" орсон анхны хичээл байсан боловч урьд нь анхны хичээлээ нутагтаа очин Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад орсон юм. Сайн багш нарын буянд анхны лекцээ мөн нэг их сэтгэл гонсойлгохооргүй тавиад өнгөрсөн. Тийм сайн байсан гэж өөрийгөө магтах гээгүй ч цаашдаа туршлагажаад суралцаад ирэхээр болохоор юм байна гэсэн бодол төрлөө.

Ингээд бага байхдаа ханандаа цаас өлгөн хэдэн дүүдээ хичээл заадаг байсан бол МУИС гэдэг их өргөөний танхимд оюутнуудын өмнө хичээл заах гэдэг хүндтэй эрхэм ажлыг хийж үзлээ. Энэ бичлэгийг "Хүн давахгүй гэсэн даваагаа долоон удаа давдаг" гэдэг үгээр эхлүүлсэн. Багш болохгүй гэж үргэлж боддог байсан бодол минь бага багаар арилж оюутнуудын хүндэтгэлийг хүлээсэн эрхэм багш нар шигээ мундаг багш болох их хүсэл надад төрсөн юм.

Ямартай ч бага байхдаа хичээл зааж тоглодог байсан минь намайг мундаг том доктор, профессор багш болохыг, дэлгүүрийн худалдагч болж тоглодог байсан нь томоохон худалдааны компаний эзэн болохыг, цайны газрын ажилтан болж тоглодог байсан минь үйлчилгээний байгууллагын эзэн болох их ирээдүйг зөгнөж байсан байж болох юм аа хэмээн бэлэгшээж бас мөрөөдөж сууна даа.

Comments

Post a Comment

Popular Posts