Миний аав миний супер баатар

Хүн бүрт өөр өөрийн гэсэн супер баатар бий. Тэр бол ААВ. Миний аав бол миний хамгийн мундаг БААТАР. Миний төлөө бүхнээ зориулж, бүхнийг золиослож, дуусашгүй их хайраар хайрлаж чадах өөр эр хүн энэ хорвоо дээр үгүй. Өнөөдөр аавуудын баярын өдөр. Монголчууд саяхнаас энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Сайхан аавдаа, хорвоо дээр намайг ийм хүчирхэг хүн болгож хүмүүжүүлсэн буурал аавдаа "Аавуудын баярын мэнд" хүргээд, та бол хамгийн шилдэг хамгийн супер БААТАР минь байсан, байгаа, байх ч болно гэдгийг хэлээд, томоос том тэврэлт, үнсэлтийн хамт илгээе! Монголын бүх аав нарт жинхэнэ аав, жинхэнэ баатар байж чадсаных нь төлөө энэ өдрийн мэндийг хүргэе!

Тэнгэр аавын минь санчиганд намрын хяруу унасныг 
Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа
Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг 
Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа

Хариу бүрий болтол гадуур баахан хэсчихээд
Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө
Жаахан охиноо бүгдээс харамлан хайрлаж байснийг 
Жаргалд төөрсөн охин тань яахин мэдэх билээ

Хааяа хааяахан гэртээ гөлөмцүүхэн ороод ирэхэд нь
Хацраа өгөөд үнсүүлэлгүй ширэв татаад өнгөрөхдөө
Буянтай аавын минь нүдэнд гунигийн манан татдагийг
Буруу харсан охин чинь яахин мэдэх билээ

Халуурч бүлээрч өвдөхөд ижий шиг дэргэд сахидаггүй ч
Хат суусан сэтгэл нь уярч өрөвдөн өвддөг биз
Эр хүн гэсэндээ гаднаа нулимс унагадаггүй ч 
Элэг зүрхэн дотроо насан туршдаа уйлдаг биз

Багадаа хамт тоглодог байсан атга шагайндаа охин нь хайртай
Бохь тамхи холилдсон аавынхаа үнэрт дэндүү дуртай
Айлын хүн болж гэрийнхээ хаяанаас холдох ч 
Аавын балчир охин тань таныхаа дэргэд нялхаараа

Гэрийнхээ хойморт ахмадын дайтай 
Гэргийнхээ хажууд хангайн түшигтэй 
Үрийнхээ дэргэд уулын нөмөртэй
Үг нь хатуу ч сэтгэл нь зөөлөн сайхан аав минь!

Хайр, энэрэл бүхнийг танаасаа охин нь мэдэрдэг
Хатуужил, ухаан хоёрт ч охин нь танаасаа л суралцдаг
Урам, зэмлэл хоёрыг тэнцүүхэн наддаа хүртээдэг
Ухаантай ааваараа охин нь дандаа бахархдаг

Ааваа! Үр нь таныгаа гомдоодог байж мэднэ, уучлаарай!
Үгээрээ биш зүрхээрээ мэдэрдэг болохоор хайртайгаа хэлэх гэж би яарахгүй
Үлдсэн амьдралдаа харин танийгаа ачлах гэж яарч явна
Үнэрийг тань үнэрлэж энгэрт чинь эрхэлж духаа үнэрлүүлэх гэж би очно.

Comments

Post a Comment

Popular Posts