Хил хязгаар буюу Boundary
За өөрийгөө хайрлах сорилыг хийж байгаа найз маань 2 дахь өдрийнхөө даалгаврыг оруулжээ. Энэ удаад Хил хязгаар буюу Boundary-ийн тухай. Хил хязгаар бол биднийг бусдаас зааглаж буй орон зай бөгөөд хамгийн гол асуудал нь бусад хүмүүс бидний хязгаарыг давах биш бид өөрөө өөрийнхөө хязгаарыг эвддэгт байдаг гэнэ. Өнөөдрийн сорил бол ямар хил хязгаартаа бид эзэн сууж чадахгүй байгаагаа тодорхойлох юм байна. Дараах өгүүлбэрүүд миний хувьд хир үнэн, мөн хэрхэн сайжруулж болохыг тэмдэглэх юм байнаа.
1. Тийм гэж хэлэхийг хүсдэг боловч үгүй гэчихдэг. Үгүй байх зүйл дээр тийм гэчихдэг.
- Yes. Заримдаа хэн нэгний хүсэлтэнд үгүй гэж хэлж чаддаггүй. Хүсээгүй мөртлөө тийм гээд хэлчихээд өөртөө ачаа үүрүүлж явдаг.
2. Хэн нэгэнд үгүй гэж хэлэхдээ санаа зовдог (гэмшдэг).
- Yes. Туслаж чадахгүй болоод үгүй гэж хэлэхдээ гэмших мэдрэмж төрдөг.
3. Бусдын нөхцөл байдал, тухыг бодож өөрийнхөө зарчмаас өөр үйлдэл хийдэг.
- Maybe. Өөрийнхөө зарчим гээч юмыг сайн мэдэхгүй болохоор энэнд хариулах жаахан төвөгтэй юм байна аа. Гэхдээ бусдын тав тухын тулд зарим зүйлийг дуртай биш мөртлөө хийгээд байдаг байж магадгүй.
4. Хэлэхийг хүссэн зүйл байсан ч хэлэхгүй өнгөрөөдөг.
- Yes. Ихэнхидээ хэлэхийг хүссэн ч за төвөг гэж бодоод ч юм уу хэлэлгүй өнгөрөөчихөөд байдаг болсон.
5. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бусдын үзэл бодол, зарчимд өөрийгөө итгүүлдэг, дасан зохицдог.
- Наххх, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд гэхээр хаашаа ч юм. Бусдын үзэл бодлыг хүндэтгэж, үгүйсгэхгүй байхыг илүүд үздэг. Гэхдээ доторх үзэл бодол маань тийм хурдан гуйвчихгүй байх аа.
6. Хэн нэгэн тантай зохисгүй харьцахад шууд хэлж, болиулдаггүй.
- No. Ер нь хэлчихдэг гэж бодож байна. Эт лист, хэл амаараа биш ч хэлбэр дүрсээрээ илэрхийлнэ.
7. Хүсээгүй байхад таны биед хүрэхийг зогсоодоггүй.
- No. Хүсээгүй байхад биед хүрж эвгүйцүүлсэн тохиолдол сайн санахгүй байна. Гэхдээ тийм тохиолдолд эвтэйхэн зүгээр холдчихдог гэж бодож байна. Тэгээд "зогсоно" доо.
8. Хэн нэгний гэнэтийн хэрэгцээ, тусламжаас болоод өөрийн хийж буй зүйлсээ зогсоож, тасалдуулдаг.
- Yes. Нөгөө үгүй гэж хэлж чаддаггүйтэй холбоотой юм уу даа. Жишээ нь, хичээлээ хийж байхад хэн нэгэн орж ирээд тусламж хүсэхээр хичээлдээ санаа зовж байсан ч зогсоогоод заза гээд л туслаж эхэлдэг.
9. Хэрэгтэй хүн болж харагдахын тулд хэт ихийг өгөх хандлагатай байдаг.
- No. Хэрэгтэй хүн болж харагдахын тулд тэгдэггүй. Гэхдээ хэрэг нь болоод, надад тэр нь байвал өгнө дөө хэхэ.
10. Хэн нэгний асуудал, зовлонд хэт гүн хутгалддаг.
- Yes. Ер нь бол сайн дурандаа яанаа яахуу гээд хамт шаналчихдаг талтай.
11. Танд тухгүй байх зүйлсийг таны хажууд ярихыг зөвшөөрдөг буюу дор нь хэлж зогсоодоггүй.
- Neutral. Бас эргэлзээтэй юм аа. Ямар хүмүүстэй байгаагааса хамаарна. Тийм дотно биш, танихгүй шахам хүмүүстэй байвал дуугүй байж мэдэх л юм. Найзууд танилуудтай хамт байхад хэлж л орхих байх.
12. Өөрийн сэтгэл санааны хэрэгцээгээ найзын болон хосын харилцаандаа хэлж, ойлгуулдаггүй.
- No. Гайгүй хэлчихээд байдаг. Надад хэцүү байна, би стресстэй байна гээд л. Нөхөртөө бас намайг тоосонгүй, хайраар дутаад байна, эрхэлмээр байна гээд хэлчихдэг.
Бичиж эхлэх үед, бас явц дунд баахан 'тийм' юм шиг санагдаад байсан чинь дуусаад харахаар бараг тэнцүү хувьтай юм байна. Гэхдээ л хил хязгаараа их муу тогтоож, бусдыг миний хил хязгаарыг давах, эвдэх боломжийг өөрөө өгөөд байдаг юм шиг мэдрэмж төрлөө. Ялангуяа бусдад үгүй гэж хэлж чадахгүй, туслах гэж хичээснээсээ болж өөрийгөө ядраах, өөрийнхөө ажлыг хойшлуулж, өөрийгөө хохироох гээд байдаг талтай.
Энэ тал дээрээ ажиллах хэрэгтэй юм уу даа. Хүмүүсийг гомдоохгүй гэсэн сэтгэлээс үүдэлтэй байж магадгүй. Гэхдээ хамгийн чухал нь 'би өөрөө' гэдгээ мартаж болохгүй юм шиг санагдлаа.
Харин хэлэх зүйл байвал хэлэхийг, хэлж чадахгүй бол илэрхийлэхийг, бүр боломгүй бол холхон байхыг илүүд үздэг бололтой.
Гэвч холхон байхыг илүүд үзснээрээ бас л бусдын тав тухыг бодоод байх шиг...
Comments
Post a Comment