Хичээл эхэлсээн - Семестер 2

Зэээ, хичээл орж эхэлсэн байдиймаа! 

За эхний семестрийн айдас стрессийг бодоход 2 дахь семестер гэдэг чинь хамаагүй тайван байдаг юм байна хөөе. Ядаж л хичээл сонголт болон хичээлийн явц ерөнхийдөө яаж явагдахыг мэдэж байгаа болохоор энэ нь юу юм бол, тэрийг яах юм бол гэж сандарч хямрахгүй байна. Тэгэхээр хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айдаг, стресстдэг гэдэг үнэн юм аа. Хичээл сонголт дахиад л үзэх гэсэн хичээл хоорондоо давхцаж нэг хэсэг толгой гашилгасан ч давхцуулаад, нэг лекцээ нөхөж үзэхээр зохицуулаад юутай ч болсоон. 

Энэ улиралд бас л 4 хичээл үзэж байгаа бөгөөд Даваа, Мягмар болон Лхагва гаригуудад хичээллэх болно. Лекцүүд бүгд цахимаар, харин лаборатори болон семинарын хичээлүүд танхимаар орох болсон. 1 болон 3 дахь өдөр лекц, семинар дарааллаад, 2 дахь өдөр харин 1 лекц, 2 семинар ороод, давхцсан нэг лекцийг нь дараа нь нөхөж үзнэ. 

Хичээл эхлэхийн өмнөх 0 долоо хоногт сургууль дээр болж байгаа танилцах хичээл, клуб, бүлгэмүүдийн танилцуулга, фестиваль маягийн юманд очиж сургуулийн нэг хэсэг гэдгээ жаахан мэдрэв. Баахан даавуун тор, усны сав, кофены аяга энэ тэр цуглуулаастай. Сургуулийн голын зам, урд талбай тэр чигээрээ дүүрэн асар, нэг том тайз, зайрмаг кофены машинуудаар дүүрэн. Тэгээд хил нээгдээд оюутнууд ирчихсэн, битүү оюутнууд сүлжилдээд л сургууль нэг амь орсон юм шиг байсан шүү. Байхгүй клуб алгаа тэнд. Бөмбөгтэй, цохиуртай, гулгадаг, гүйдэг, аялдаг, алхдаг, зодолддог, харвадаг бүх төрлийн спорт, дуулдаг бүждэг, бүр нохой муурчдын, бүх төрлийн шашны, улс төрийн үзэл суртлын, улс орон болгоны, мэргэжил салбар бүрийн гээд ай байхгүй бүлэг алга аа. Аа ганц манай Монголынх байгаагүй юм даг уу даа. Хийх ёстой хүмүүс нь бид нар байх шиг байгаан. Гэхдээ үнэндээ бид нар өөрсдөө зохион байгууллаа гээд хүрээд ирэх олон Монгол оюутан ч байхгүй, бусад орныхон биднийг сонирхохгүй, юу хийхэв дээ тэнд гэж бодсоон. Нөгөө хамт номын санд суугаад байдаг охин маань надад иймэрхүү газраар хэсэхэд үгүй мөн хань болж байна аа. 

Өнөөдөр хичээлийн 3 дахь өдөр нь. 4 цахим лекц, 2 лабораторийн хичээлд суусан. Эхний долоо хоногийн лекцийн талд нь хичээлийн бүтэц, шалгалт, дүнгийн тухай, сургуулийн дүрэм журам, аюулгүй ажиллагаа гээд танилцуулах хичээл, үлдсэн талд нь тухайн хичээлийн ерөнхий агуулгын талаар ордог. Олигтой хичээл ороогүй болохоор 2 ч хичээлийнх нь семинар ороогүй, орсон 2 нь ерөнхийдөө группт хуваагдах, танилцах гэх мэт байдлаар орсон. 

Нэг мэргэжлийн хичээл дээр лабораторид байсан оюутнуудаас энэ ашиглах/үзэх програмчлалын хэлийг  анх үзэж байгаа хүн байна уу гэж асуухад би ганцаараа гараа өргөж байх жишээний. Одоо тэгээд яахуудээ, сурна даа гэсэн юм бодоод л сууж байна. Над шиг магистерт орчоод бүх юмаа шинээр үзэх гэж байгаа хүмүүс ховор байдаг бололтой. Үзсэн, мэддэг хүмүүс нь жинхнээсээ мастер болохоор ирдэг юм шиг байна даа.  

За одоогоор нэг иймэрхүү. Эхний долоо хоног болохоор одоохондоо тайван байгаа ч нилээд ачаалалтай семестер байх нь дээ гээд багцаалдаад л сууж байна. Хичээнэ дээ 😊.




Comments

Popular Posts