Жирэмсэн үедээ хийж болох зүйлс

Ер нь эмэгтэйчүүд бид жирэмсэн болов уу үгүй юу, ялангуяа төрөх дөхөөд декрит авахаар хамаг сайхан, хөгжилтэй зүйлсээс хойш сууж, гарч орохоо ч багасгаж, сүүлдээ найз нөхөдгүй болж, стресст орж, гэрийн мухарт шигдэх болдог шүү дээ. Нэгэнт төрөөд нэг хэсэгтээ сайхан үрээ хараад хамаг юмнаас хойш суух болдог болохоор төрөхөөс өмнө яагаад хөгжилтэй бас үр бүтээлтэй байж болохгүй гэж. Нэтээс жирэмсэн үедээ хийж болох зүйлсийн талаар хайтал ерөөсөө олигтой юм гарч ирсэнгүй. Хийж болохгүй зүйлсийн жагсаалт, идэж болох, болохгүй хоолны жагсаалт хамгийн их байдаг юм байна. Тэгээд би нь өөрийн багахан туршлагаараа бяцхан зөвлөгөө бичихээр шийдлээ. Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаас нь тийм айхтар сайн мэдэхгүй болохоор тэр тал дээр өөртөө анхаарал тавиарай. 

1. Тэмдэглэл хөтлөх

Бяцхан үрээ хэвлийдээ тээж буйгаа мэдсэн тэр өдрөөс энэ тэмдэглэлийг эхлүүлээрэй. Зүгээр нэг сурагч дэвтэр ч байсан болно. Гол нь тэр дэвтрийг чи үрээ тээж байх үеийн аз жаргал, догдлол, гуниг, үйл явдлууд бас зургаар амилуулах болно. Анхны ЭХО-ны зураг, 2 зураастай жирэмсний тест, өөрийнхөө гэдэсний цаг хугацаатай уралдан томорч буй зурагнуудаа хавсаргаж, бяцхан үртэйгээ ярилцаж, хэзээ нэгэн цагт түүнд бэлэглэх энэ үнэтэй бэлгийг түүнийг олсноо мэдсэн тэр өдрөөс эхлэх түүхээр баяжуулаарай. Тэр том болсон хойноо энэ амьд түүхийг уншаад залуухан ээжийнхээ ямар гэнэн, дэврүүн, аз жаргалтай байсныг, ээж нь түүнийг ямар их хайрлан тээж төрүүлснийг уншаад яаж баярлаж, бас хайрлах бол. Чи төрснийхөө дараа ч энэ түүхийг үргэлжлүүлж болно, тэгээд 18 насных нь төрсөн өдрөөр бэлэглэж болно шүү дээ. Миний анхны хүүхдээ олохдоо бичиж эхэлсэн тэмдэглэл одоо 2 дэвтэр болж байна даа. 

2. Блог хөтлөх

Ямар ч сэдвээр байж болно. Зүгээр л бусдад хэлмээр байгаа зүйлээ, төрж буй сэтгэгдлээ, эсвэл бусдад өгөх зөвлөгөө, хоолны жор, уншсан номынхоо тэмдэглэл, чиний зохиосон шүлэг, өгүүллэг, ер нь бичихийг хүссэн юу ч байж болно. Магадгүй чамд өөрөө өөртэйгээ ярилцах, өөрийгөө таних, нээх боломж ч байх юм билүү. Дээр бичсэн хүүхэддээ зориулсан тэмдэглэлээ ч хөтлөж болно шүү дээ. Би бол энэ блогийг хөтөлдөг юм. 

3. Зургийн цомгоо цэгцлэх

Бүх зүйл цахим ертөнцөд шилжсэн энэ үед бидний дээр үеийн угаалгасан зурагнууд хичнээн гоё дурсамжтай санагддаг билээ. Тэгэхээр чи ирээдүйдээ зориулж энэ дурсамжуудаа одоо цэгцэлж аваарай. Гар утас, компьютер, нүүр номноосоо хамгийн дурсамжтай онцлох зургуудаа ялгаж, тэдгээрийгээ угаалгаж, он цагийн дарааллаар нь цомогтоо хийгээрэй. Ингэж хийж байх зуураа ч олон дурсамж сэргээх болно. Гэрт чинь ирсэн зочдод үзүүлэх, уйдсан үедээ эргүүлж харах үнэтэй бүтээлүүдийн нэг болно доо. Саяхан хэдэн зургаа угаалгаж ханандаа өлгөсөн. Харах бүртээ сэтгэл хангалуун байгаа шүү. 

4. Цодгор гэдсээ зурганд мөнхлөх

Одоо бараг бүх ээжүүд жирэмсэн үеэ гэрэл зургийн хальснаа мөнхөлдөг болсон цаг л даа. Чи ч бас тэднээс хоцрох хэрэггүй. Амьдралд цөөн тохиох дурсамжтай үе шүү дээ. Гэхдээ заавал үнэтэй студид очих албагүй шүү дээ. Нэтэд жирэмсэн үедээ зураг авахуулах мянга түмэн санаанууд байгаа. Тэднээс санаа аваад байгалийн сайханд, эсвэл гэртээ, уран сэтгэхүйгээ ажиллуулаад хөгжилтэй, хайр татам зурагнууд авахуулаарай. Би гэдсээ яг томрох үеэр гэрийнхэнтэйгээ байгаль нуурлуу аялсан юм. Тэнд нуурын эрэг дээр хөөрхөн гэдсээ харуулах чамлахааргүй хэдэн зураг авахуулсан даа. 

5. Шавраар бүтээл урлая

Уйтгартай, нэг хэвийн санагдаж байна уу. Тэгвэл илүү сонирхолтой зүйл хийе л дээ. Керамик арт студи дээр очоод өөрийн гараар, дахин давтагдашгүй, цорын ганц бүтээл урлаж авбал ямар санагдаж байна. Тэнд чамд яаж хийх техникийг, бас шаардлагатай бүх зүйлсийг бэлдэж өгөх болно. Харин чи өөрийн уран сэтгэмж, гарын ур дүйг ашиглан цэцгийн ваар, лааны суурь, аяга, таваг, гүц, сувинер, гоёлын сав, ер нь юу ч хийж болно.Тэгээд тэр бүтээлээ өөртөө хадгалах болно. Авъяас байхгүй, чадахгүй гэж битгий өөрийгөө чамлаарай, тэд заагаад өгнө. Бас чи хүүхэд байхдаа баримлын шавраар царай муутай ч хамаагүй ямар нэг зүйл хийж л байсан биз дээ. Тэрүүн шигээ гээд л төсөөлчих. Болхи байсан ч чиний гараар бүтсэн, давтагдашгүй бүтээл болно шүү дээ. Мэдээллийг нь эндээс аваарай. Бас миний хийсэн бүтээлийг сонирхоорой.  


6. Wine & Canvas UB

Эсвэл дарс шимэнгээ зураг зурвал яаж байна. Бас л зураг зурж чадахгүй гэж битгий хэлээрэй. Тэд таныг чадахгүй байсан ч "чадуулна". Өөрийгөө уран зураач мэтээр төсөөлөн урлагийн орчинд бүтээл туурвин байх нь гайхалтай биш гэж үү. Дараа нь ханандаа өлгөсөн урлагийн бүтээлээ сэтгэл бахдан харж, бас бусдад харуулна суух таатайяа. Энд таны зураач болох хүслийг биелүүлнэ. 

7. Ном унших

Улиг болсон сонсогдож байна уу? Гэхдээ л ном унших гайхалтай биз дээ. Ажил, хичээл элдэв зүйлд дарагдаад өөртөө ном унших зав гаргаж чадахаа байсан бол одоо л таны номын дэлгүүрээр тухтай хэсэх, таалагдсан, аль эртнээс уншихыг хүсээд амжаагүй номоо унших таатай цаг үе ирээд байна. Жагсаалт гаргаад дараад явсан ч болно. Бас номын тэмдэглэл хөтлөсөн ч болно. Би саяхан Монте Кристо гүний 3 цуврал ботийг дахин нэг уншиж сэтгэлээ сэргээчихээд бахдалтай нь аргагүй сууж байна. Хуучны хэвлэлүүд ч гоё шүү.


8. Од гарагсыг ширтэх орой

Романтик сонсогдож байна уу. Тэнгэрийн эрхэсийг дурандахад хөөрхөн гэдсэнд чинь ямар нэгэн саад болохгүй. Одтой, сартай, цэлмэг оройг сонгон Хүрээлтогоотод байрлах одон орон судлалын төвийг зориорой. Очихоосоо өмнө утсаар ярисан нь дээр байх. Учир нь миний очсон орой зөвхөн од л харагдаж байсан. Сар бас гаригсыг харвал илүү сонирхолтой юм шиг байна лээ шүү. Тэндэхийн байгаль нь сайхан учраас эрт очоод салхинд гарч, уул модоор зугаалахад тохиромжтойгоос гадна өдрийн цагаар нарыг ч бас дурандаж болдог гэсэн. 85050577,
94193303 эдгээр утсаар холбоо барьж байгаад очсон. Эсвэл нэтээс мэдээлэл хайгаарай. 

9. Үргэлжлэл бий


Comments

Popular Posts