Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 3 - БНСУ

Зиаа тэгэхээр энэ удаагийн аялалаа бид Бүгд найрамдах солонгос улсаар үргэлжлүүлж байна... :-) Википедиагаас авсан мэдээллээр Бүгд Найрамдах Солонгос Улс маань Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн улс юм. Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана Япон улсууд ойр байрладаг. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл хот юм. Энэ улс нь эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 99,392 ам дөрвөлжин километр, бараг 50 сая хүнтэй ажээ.

Би бээр эдийн засгийн гайхамшигт өсөлтөөрөө Азийн дөрвөн барын нэг хэмээн нэрлэгдсэн энэхүү улсад зорчих боломжийг өдгөөгөөс 4 сар хагасын өмнө олсон юм. Ажлын газраас маань Герман, Солонгос, Монгол гурван улсын хамтарсан төслийн хүрээнд 4 хүнийг Солонгосын Ханбатын их сургууль дээр ажиллах томилолт олгосноор 2 эгч, нэг настай эрэгтэй багшийн хамтаар Гуулин улсыг зорилоо. 


Виз, тийзний асуудлуудыг ажлын газраас зохицуулж өгсөн болохоор тэр талын асуудалтай нэг их орооцолдсонгүй. Ингээд 5 сарын 1-ний өглөө Улаанбаатараас Инчеон орох МИАТ компаний онгоцонд суулаа. Тухайн үед миний бие 4 сартай бие давхар байсан юм. Гэдэс хараахан томорч амжаагүй байсан тул хамт явах болон үлдэж буй ажлын ямар ч хүнд энэ талаар дуулгаагүй байлаа. Хүмүүст төвөг удахаасаа эмээж байсан боловч азаар хамт яваа нэг эгч маань мөн миний адил бие давхар байсан нь надад ихээхэн хань боллоо. Замдаа үе үе дотор муухайрч онгоцны хоолноос төдий л идэж чадсангүй 4 цагийн дараа БНСУ-д газардлаа. Инчеоны нисэх онгоцны буудал аргагүй том ажээ. Цахилгаан шат, урсдаг шат, метро дамжаад л хүнд чемодан, ачаагаа чирээд л яваад л байлаа яваад л байлаа. Бушуухан идэж ууж, амрахсан гэсэн хүсэлтэй. Хамт явсан хүмүүс маань дайвар ачаагаа тарааж дуусаад сургууль маань байрлах Daejon хотын зүг автобусаар явлаа. Билетийн үнэ арван хоёр гурван мянган вон байсан байхаа. Тухайн үед 1 вон 1,8 төгрөгтэй тэнцэж байсан юм. 2 цагийн турш автобусаар явсан аялалд үнэндээ нэг их сонин юм байсангүй. Уул, ус, тариан талбай, хөдөө тосгон өнгөрөөд л, би ихэнхид нь унтаж явсаар зорисон хотдоо ирлээ. Тосож аваагүй учир таксинд сууж, арай гэж очих газраа ойлгуулснаар сургууль дээрээ очиж байрлаж авлаа. 

Бидний байрласан байр гадны зочдыг байлгадаг Guest house бөгөөд сургуулийн хотхоны захад байрлах боломжийн тохилог сууц байлаа. Эрэгтэй багш маань нэг давхарт, бидний 3 эмэгтэй 3 давхарт байрлав. Том өрөө/гал зуух хамт/, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөнөөс бүрдсэн манай гэр их боломжийн тохилог санагдлаа. Гал тогооны тавилга, зурагт, угаалгын машин, ор, ширээ сандал гээд бидэнд хэрэгтэй бүхэн байна аа. Дээрээс нь интернэт цацах төхөөрөмж, хөнжил, залгуур зэргийг нэхэж шинээр авчрууллаа. Ингээд бидний 1 сарын амьдрал эхэлсэн юм. 

Тус хот нь шинжлэх ухааны хот гэдгээрээ алдаршсан нилээд олон их, дээд сургууль, шинжлэх ухааны паркууд байрладаг, томоохон боловч тийм ч их хөгжилтэй газар биш шиг санагдсан. Тэнд бидний ажлын дагуу үзэж танилцах хуваарь байхаас биш ямар нэгэн байдлаар хоттой танилцах, аялахтай холбоотой төлөвлөгөө байсангүй. Сургуулийн зүгээс бидний хүсэлтийн дагуу үзэж танилцах алба хэлтэс, сургуулийн орчин, үйл ажиллагааны хуваарь болон ажиллах өрөө бэлдсэн байлаа. Эхний өдрүүдэд төслийн багийнхан болон сургуулийн захиралтай уулзаж, дараа дараагийн өдрүүдэд бусад нэгжүүдээр зочиллоо. Онцлон дурдахад сургуулийн маань захирал Англи хэл мэдэхгүй бөгөөд Солонгосоор ярьж тус сургуульд сурдаг цөөхөн Монгол оюутны нэг бидэнд хэлмэрчилж байлаа. Ажиглаад байхад тэнд байсан ихэнх хүмүүс, ялангуяа алба хэлтсүүдээр явж байхад тэдний дарга, ажилчид зөвхөн Солонгосоор ярьж байсан нь харилцах, ойлголцоход бага зэрэг төвөгтэй байдал үүсгэж байсан юм. Мэдээж биднийг урьсан профессор болон гадаад харилцааны ажилтнууд Англиар ярьж байсан. Мөн гадуур явахад автобусны жолооч, тааралдсан хүмүүс, худалдагч гээд бүгд л төрөлх хэлээрээ ярьж, бидэнтэй хэл нэвтрэлцэх хүмүүс тун цөөхөн байсан шүү. 

Бидний ажлын хуваарь тун боломжийн, зав зайтай боловч тус хотод бидэнд нэг их үзээд байх зүйл байгаагүй учир дэлгүүрээр л их явсан. Дэлгүүр нь Home plus, E mart гэх мэт сүлжээ дэлгүүрээр л хязгаарлагдаж байлаа, тэгээд Bus terminal-н дэлгүүр. Юмны үнэ амьдарч байгаа газрынхаа орлоготой харьцуулахад тун боломжийн мэт санагдавч бидэн шиг Монголд цалинжиж, тэндээсээ хэдэн төгрөгөө кармалаад ирсэн нөхдүүдэд тийм ч хямд санагдсангүй. 50000 вон гэхээр боломжийн санагдавч төгрөгт шилжүүлээд 90000 төгрөг болохоор огцом үнэтэй болчихож байгаа биз. Энэ мэтчилэн Монгол төгрөгтөө шилжүүлж бодоод явбал юм худалдаж авахад хэцүү болох юм билээ шүү. Автобусанд дунджаар 1400 вон төлж, таксины суурь хураамж 3500-с эхлэж, метро ч мөн 1000-с дээш воноор яригдаж байсан нь тээвэрт хөөрхөн хэдэн төгрөг зарцуулагдахаар санагдсан. Гэвч тэдний цалин биднийхтэй ижил биш шүү дээ. 

Эхний долоо хоногийн сүүлээр баярын өдрүүд таарч бид газар үзэхээр шийдлээ. Ингээд Бусан хотыг зорьсон юм. Гол зорилго маань далай дээр очих. Автобусны буудал хүртэл таксидаж тэндээсээ билет аваад явлаа. За байз ямар автобус гэдгээсээ хамаараад 10н хэд, 20н хэдэн мянган вон байсан байх аа. Дундаж үнэтэйгээр явсан ч хот хоорондын автобуснууд дажгүй тохилог санагдаж байсан. Бусанд очоод нэг хүний 60000вон төлж далайтай ойрхон нэг буйдхан буудалд буусан. Харамсалтай бидний очсон тэдгээр өдрүүдэд бороо л ороод байлаа. Далайн эрэг дээр биеэ шарахаар зорьсон хүмүүс борооны цувтай зургаа татуулаад буцлаа. Мэдээж их далай хараад сэтгэл хөдлөж л байсан л даа. Далайн аквариум үзэх боломжтой байсан ч их юм үзсэн надаас ахмад хүмүүс тэрнийг тоосонгүй, надад сонин байсан ч хүмүүс хүлээлгээд ганцаараа үзэх утгагүй болоод явсан даа/үнэ нь 30000вон байсан байхаа/. Бусанд дэлгүүрээр нилээн явсан. Shinseago, Lotte гээд Солонгосын том сүлжээ дэлгүүрүүдээр орсон. Тэгээд л ажилруугаа буцсандаа. 

Хоолны хувьд махаар л амьдардаг манай Монголчууд болсон хойно ихэвчлэн Сангёбсал л иддэг байсан. Бусан явахад мах багатай хоол, гоймон эд нар идээд явсан чинь их махсаад ирсээн. Гэрээсээ борц авчирсан байсан болохоор байрандаа сайхан хоол хийж идээд өдөр цайны цагаар гадуур мах идэж байсан. Ойролцоогоор өдөрт хүний 10000 орчим воноор хооллоод байсан чинь сургуулийн цайны газар 4000 воноор боломжийн сайхан хооллох байсан байна лээ. Эхэндээ тэрийг мэдэхгүй жаал шатсан шд. Томчуул бол махаар дайлахдаа юун 10000 вон. Нэг таваг мах 60000 воноор авч байхад нь дотроо нэг хонь хусчлаа даа гэж бодож байгаа юм чинь. Тэгээд бөөндөө нэг таваг мах идэх биш дор хаяж 3 таваг гээд л... Бас гадуур явж байхдаа муу бургеруудыг, колатай их цохисөөн. Жирэмсэн байсан ч тэгээд халуун ногоо, кола 2-г бол гамгүй хэрэглэсэн шд. Бас нэг ориг жимсийг шууд мөстэй бутлаад шүүс хийгээд өгдөг цэгүүд байнаа, тэр ёстой таалагдсан. 

Цаг агаар ерөнхийдөө их халуун байсаан, гэхдээ заримдаа бүтэн өдөржин бороо шиврээд л. Энд хавар болж байхад явахад тэнд ид халуун зун шиг л байсан. Гэхдээ тэрнээс илүү халдаг гэсэн л дээ. Боломжийн үеэр нь явсан юм шиг байна лээ. 

Бас нэг амралтын өдрөөр Сөүл хотыг үзэхээр явав аа. Аз болж сургуулиас тийшээ явах хүн таараад машинд нь дайгдаад. Бас тэр хүмүүсээр Сөүлийг үзэх аялалын маршрут гаргуулаад явсан. Гэвч 2 маань Монголруугаа буцаад нэг эгчтэй хоёулхнаа явсан юм. Сөүлд очиход харин арай л илүү гадаадад ирсэн юм шиг санагдсан шүү :-D

Хөл хөдөлгөөн, байшин барилга ихтэй их хот гэдэг нь мэдрэгдэж эхэлсэн. Хүнээс зам асуусан ч баргийн хүн Англиар яаж ийж байгаад тайлбарлаад заагаад өгнө. Хоол ундны өртөг илүү өндөр байсан. Бид 2 буунгуутаа хааны ордонд очиж үзсэн. 4 ордон байдгийнх нь хамгийн том нь, нэр нь Gyeongbokgung гэсэн. Орох тасалбар нь 3000 вон. Зарим хэсэг нь кинон дээр гардаг шиг их л гоё юм байна лээ. Их халуун, үүргэвчээ үүрч тэрүүгээр яваад нилээд их ядарсан. Харамсалтай нь хамт явсан эгч маань цаашаа өөр газарлуу явна гээд намайг Сөүлд ганцааранг минь үлдээх болсон юм. 10 жилийн маань нэг охин Солонгост их олон жил болж байгаан, тэрнийг Инчеоноос дуудчаад оройжин хүлээнгээ Түндэмүний дэлгүүрүүдээр хэсэж өнжсөндөө. Орой нь уулзаад намайг авч явж шоудах бодолтой байсан боловч би гэдэг хүн бие давхар, дээрээс нь их ядарсан, бас захиалсан буудал маань буцаахгүй гэсэн болохоор маргааш хамт зугаалъя гээд буудалд маань хүргээд буцсан юм. 

80000 воны үнэтэй 2 ортой тохилог байрын буудалд ганцаархнаа хоновоо. Үд дунд болтол унтчихаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд хүнд үүргэвчээ үүрээд гарлаа. Гадаа жигтэйхэн халуун. Газрын зураг барьчихсан. Өлсөж байсан боловч хоолны газрууд нэг л онцгүй санагдаад байлаа. Найзтайгаа Мёндун захын тэнд уулзна гээд тохирсон байсан юм. Уулзаад Lotte world, Namsan tower юу юу ч билээ гоё гоё юм үзэх төлөвлөгөөтэй. Ганцаараа зургаа баахан харж алхаад, сүүлдээ метронд суугаад ямартай ч Мёндунд ирлээ. Хаа очиж хүмүүс их тусч зам зааж өгч, зарим нь бүр хамт явж хүргэж өгч байсан шүү. Ирээд нэг тохитой Европ хоолны газар тухлаж аваад нэтэд орсон чинь найз маань ирэхгүй гэсэн мэдээ дуулаад ёстой бөөн гуниг болов оо. Цаг яваад үдээс хойно болсон, дээрээс нь хүнд цүнхтэй, халуунд ганцаараа нөгөө Namsan, Lotte эд нарыг үзэх ямар ч утгагүй болоод өдөржин ганцаараа дэлгүүр хэсч байгаад орой нь Daejon-руугаа буцчихсан. Ингэж л Сөүлийг үзсэн юм даа би. 

Замаараа цонхоор харагдах зүйлсийг ажиглаж явлаа. Уулархаг газар ихтэй, уул бүхэн битүү модтой, тал газраар нь тариан талбай харагдаж бараг сул газар байхгүй байлаа. Байгаа хотод маань хүртэл айлууд гаднаа иддэг байцаа, ногоогоо багахан талбайд ч болов тарьсан, лийрийн мод ихтэй харагдаж байнаа. Хүмүүс ууланд их алхаж, ногоо цагаа хэрэглэж, эрүүл амьдралыг эрхэмлэдэг бололтой. 

Байрлаж буй сургуулийн маань хувьд Солонгосдоо тийм ч мундаг сургууль биш бололтой, гэхдээ улсын сургууль юм байна лээ. Ихээ том хотхонтой, тохилог номын сан, хичээл хийх танхимууд, хоолны газрууд, кофе шоп, оюутны байрнууд, интернэт өрөөнүүд, кино танхим гээд л хичээл хийх, сурах, амьдрах нөхцлөөр бүрэн хангасан байна. Мөн том спорт заалнууд, гадаа сагс, хөл бөмбөг, теннисний гээд бүхий л спортоор хичээллэх боломжийг хангасан том талбайнууд. Сургуулийн ой болоход хотхондоо байрлах том стадионд тайз зассан хамтлаг дуучид ирж, оюутнууд тойруулаад асар барьж төрөл бүрийн хоол хийж бусаддаа худалдаалж, оюутан багш гэлтгүй тэнд хооллож, бүжиглэж, сожу ууж байгаа харагдсан. 

Миний хувьд IT чиглэлийн хүн болохоор тэр талыг нь нилээд сонирхсон. Жилдээ хэдэн зуун саяар нь төсөвлөж, сүлжээний тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаардаг нь харагдсан. Сургалт удирдлагын, хүний нөөцийн гэх мэт томоохон програмуудыг улсаас тусгайлан нийлүүлдэг бөгөөд тэнд програм хөгжүүлэгчид байдаггүй, ер нь ажилчид нь үйлчилгээ талдаа илүү анхаарч ажилладаг санагдсан. Хяналтын систем, ус, цахилгаан гээд бүхий л аюулгүй байдлыг хангах систем, сервер, сүлжээний тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр худалдаж авсан нь бидний муу сургуультай харьцуулшгүй санагдаж байсан даа. 

Ингээд сүүлийн өдрүүдэд үдэлтийн хоолнууд үргэлжилж, бид 2 цүнх сав ачаа бараагаа чирсээр автобусанд сууж Инчеон хотод ирлээ. Тэнд буудалд байрлаж, ачаа бараагаа цэгцэлж, дэлгүүрээр хэссээр бас нэг өдрийг өнгөрөөгөөд маргааш өглөө нь метронд суугаад нисэх буудалдаа ирсэн юм. Зарим нэг сувинерыг дараа авъя гэж хойшлуулсаар нисэх дээр ирэхэд нөгөө дэлгүүрийн үнэнүүдээс маш олон дахин үнэтэй болсон байна лээ. Тэндээс цуглуулсан баримтуудаараа татвараа буцаан авч, Duty-ээс үлдсэн зүйлээ аваад, МИАТ-ынхаа онгоцонд сууж эх нутгынхаа зүг хөлгийн жолоо заллаа. Нөхөр хүүхэд, гэр орноо ихэд санасан байж билээ...

Comments

Popular Posts