6 сарын 27-ны шөнө бичсэн тэмдэглэл

Шөнийн мэнд! 

Яг юунаас эхлэж бичихээ мэдэхгүй байна. Нэг тийм гунигтай ч юм уу эмо цаг үе байнаа.. Ханийн минь аав бурхны орныг зорьсоон. Яг долоо хонож байна. Олон ч эмчилгээ хийлгэж, их ч хичээлээ, их ч зовлоо доо аав минь. Бие нь муудсаар муудсаар энэ хорвоог орхичихлоо. Одоо өвдөх өвдөлтгүй, сайхан газар байгаа гэж найдаж байна. Аавын бие эрчимтэй муудаж, нөхрийн дүү гадаадруу сар гаран хугацаатай явах болсноор, нөхөр Монголруу явсаан. Аавыг ухаан саруул, хөл дээрээ тогтох тэнхэлтэй байгаа дээр нь очиж, аавтайгаа ярилцаж суугаад, эмийг нь хэсэг ч болов дөхүүлж, өргөж тэврээд эмнэлэгрүү зөөж, эцэст нь амьсгал татахад нь дэргэд нь толгойг нь түшиж чадсандаа бага ч болов сэтгэл нь уужирч, олон жил аав ээжээсээ хол байсан гэмшлээ хугасласан байх гэж найдаж байна. Яг жил гарны өмнө бид аавыг 8 дахь химийн эмчилгээндээ ороод байхад нь цагаан сараар гэнэт очиж билээ. Хүүхдүүдээ хараад баярлаж, хөөрч, уйлж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Бага хүүгээ аваачиж ганц үнэрлүүлэхсэн гэсэн сэтгэлийн мухар дахь бодолтой аавыгаа холоос үдлээ дээ охин нь. Аав гэж дуудах ганцхан охин нь юм шүү дээ би. 2 хүү, том хүүгээс нь гарсан 3 ач хүү, тэгээд ганц бэр охин нь би. Нөхрийг маань арван жилийн сурагч байхад тэднийх ганц охинтой болж Номин гэж нэрлэсэн гэдэг. Харамсалтай нь бүр нялхдаа өнгөрсөн юм билээ. Хадам ээж минь охиндоо өмсүүлж ч амжаагүй шинэ нэхмэл хувцаснуудаа миний том хүүг төрөхөд өгч билээ. Нөхрийн минь эмээ "Номин гэдэг охинтой болох л заяатай байж" гэж намайг бэр болон очиход билэгшээж билээ. Аав минь жоохон хатуу чанга, ааштай хүн шиг боловч сэтгэл нь зөөлөн, надад их сайн байсансан. Манай аавд намайг магтаж, аав минь охиноороо бахархан, 2 аав минь намайг нэг магтан, нэг шоглон хууч хөөрч суудагсан. Хадам тал маань бөөгийн шүтлэгтэй, дүү улаач болоод хэдэн жил болсон болохоор надад яагаад ч юм аавтай уулзаж үгийг нь сонсох боломж олдох юм шиг л санагдаад байгаа. Илүү сайхан газар очсон байгаа, бас үр хүүхэд бид нарыгаа үргэлж харж ивээж явна гэж итгэж байна. 


Comments

Popular Posts