7-р сарын тэмдэглэл
7 дугаар сарын арван найман, 7 хоногийн сүүлийн ажлын өдөр буюу Баасан гариг, Австрали улс, Сидней хот, 400 Жорж стрийт, Телстра группын төв оффисын 8 давхарын 88-р ширээнээс тэмдэглэл хөтөлсүү 😅 Жоохон далжигар хөдөлсөн байна, уучлаарай. Ажлын сүүлийн өдөр болохоор хүн багатай, ажил багатай. Гэнэт ойрд бичээгүй тэмдэглэлээ бичмээр санагдаад... Хүүхдийн сургуулийн амралт болсон учраас оффис дээрээс ажиллаж байгаа юм аа. Хүүхдүүдээ тэгээд яасан бэ гэж үү? Ачтай буянтай ижий минь ирсэн учраас амар тайван энд суух боломж олдож байна даа. Аль насны буян болоод гурвын гурван хүүг минь асарч, намайг ажил хийх боломжоор үргэлж хангадаг ийм буянтай ээжийн охин болж төрсөн юм бол доо. Анх ээжийнхээ хажууд очиж төрнө гээд Эрдэнэт явж байсан. Дараа нь хотод төрөхөд ээж минь ирээд намайг ажилд ороход хүүг минь харж байгаад Эрдэнэтрүү аваад явсан. Одоо 3 дахь удаагаа бүр Австралид ирээд хүүг минь хараад сууж байх гэж. Аваад явчихъя гээд л, бид 2 үгүй гэж гүрийгээд л байцгааж байна даа. Хүүхдүүдээсээ хол байхын хэцүүг мэдэх болохоор, ялангуяа дунд хүүгээ багад нь орхиж байснаа бодохоор бид 2 энэ удаад хүүхдээ өгч явуулахгүй алхам бүрт нь хамт байя л гэж боддог юм. Мэдээж хоёулаа бүтэн цагаар ажиллах үед хүүхэд харах хүнгүй хэцүү ч, болохоос нь болохгүйг нь хүртэл үзнэ дээ л гэж боддог.
Хүү минь одоо найман сар хүрсэн. Сэргэлэн хүү минь одоо чөлөөтөй мөлхөнө, 7 сартайгаасаа л юм түшээд босдог болсон. Одоо юм түшингээ ойр зуур хэд 3 алхах гээд л байгаа. 6 сар хүрээгүй байхдаа элгээрээ мөлхөж эхэлсэн, 7 сартайдаа 4 хөллөж мөлхөж эхэлсэн. Одоо хослуулаад л хаа сайгүй. 7 сартайгаасаа хөгжим дугарахаар бөгсөө хөдөлгөөд бүжиглэнэ, хэн ч зааж өгөөгүй байхад хүн чинь цаанаасаа бүжиглэх гэдэг мэдрэмжтэй төрдөг юм байнашдээ. Хэд хоногийн өмнөөс баяртай баяртай гээд гараа атгаад байдаг болсон. Өнөөдрөөс алгаа ташдаг болсон. Эмээ нь 5 сарын 11-нд 6 сар хүрэхийнх нь өмнөхөн ирсэн. Одоо 8 сард буцаад Монгол явчихаад 2 долоо хоноод ирнэ. Ээжийгээ ажилд явсан хойно эмээтэйгээ үлдээд өдөрт нэг удаа ээжийнхээ сааж үлдээсэн сүүг ууна. Бусад үеэр нь найруулдаг каш, ногоо овъёос зэргээр хийсэн зутан, жимсний нухаш, бэлэн хүүхдийн снакууд гэх мэт янз бүрийн юм иднэ. 6 сар хүрэхээс нь 7 хоногийн өмнө 3 өдөр тараг амсуулж хоолонд оруулж эхэлсэн. Гэхдээ тараг өгөхөөр чичрээд сайн идэх дургүй байдаг. Чанасан мах бариулчих юм бол нугасгүй. Их өндөр болсон, харин хөдөлгөөн ихсээд мариа нь багассан юм шиг. Ер нь манайх хүүхдүүд нэг хэсэг овоо мариалаад, тэгээд нэг их мариалдаггүй байх аа. Эрт хөлд ордог хөдөлгөөнтэй хүүхдүүд. Харин 8 сар хүрсэн байхад шүд нь гарч ирээгүй, жоохон гайхаад л байна. Ах нарынх нь хэзээ ургасныг санадаггүй ээ.
Ээжийнх нь хүүхдээ төрүүлээд ажилдаа орох хугацаа улам эртсээд байхаар, хүүхдүүдийн хөлд орох бас улам эртсээд байдаг юм болов уу кк. Анхны хүү дээр 10 сар хүргээд, 2 дахь хүү дээр 6 сар хүрээгүй байхад нь, бага хүү дээрээ бүр 3 сар хүрээгүй байхад нь ажилдаа орчихсон. Ажил хийлгүй гэртээ удаан сууж чаддаггүй л ээж юм шиг байна. Хэрвээ 4 дэх удаагаа төрөх юм бол удаан суухыг хичээнэ дээ. 2 том хүүгийнхээ талаар бараг л юм бичихээ болилоо шүү. 2 том агаа болсон. Дүүгээ сайн харалцана. Ээж нь хичээлд нь үнэндээ сайн анхаарал тавьж чадахгүй байгаа. Эндэхийн сургууль даалгавар нэг их өгөхгүй, тоглуулах нь их болохоор яг академик талдаа хир байгааг нь ээж нь сайн мэдэхгүй л байна. Монголд очоод сурахаар хоцорсон байх болов уу гээд айх л юм. Хүмүүжил гайгүй сайтай л гэж итгэдэг. Өдөрт 2 цаг утас, таблет үзэх цаг өгдөг. Тэрийгээ дуусахаар надаас цаг гуйна аа. Би сайхан ааш хөдөлвөл өгнө. Гарч тоглох жоохон дургүй, гэртээ л байх гээд байдаг. Монгол хүүхдүүтэй тоглох тийм дуртай биш. Яг найзуудын хүүхдүүдтэй, эсвэл ангийн найзуудтайгаа бол тоглох дуртай. Ангийнх нь найзууд энэ хавиар нэг их байхгүй болохоор гэртээ байхыг л илүүд үзэх юм. Жоохон байхад аав ээж орооч гээд л дуудаад байдаг байсан, одоо би хүүхдүүдээ гараач гээд л хөөх юм даа.
Монгол дахь хүүхдүүдийн хэл ярианы хөгжил, нийгмийн харилцаанд орох чадвар энэ тэр их хөгжсөн, манай 2 хүүхдийг зажлахгүй залгихаар л санагддаг хэхэ. Аав нь сая яваад ирэхдээ ч ер нь мэдэрсэн бололтой байна лээ. Гэхдээ Монголруу явъя гэж нэг их ярьдаггүй хүн чинь сая яваад ирэхдээ амьдрахад болохгүй ч юм алга. Визээ дуусгаад эртхэн буцъя л гэсэн юм ярьж байна лээ. Найзууд нь ихэнх нь захирал дарга болсон, амьдрал ахуй нь ч жигдэрчихсэн аятайхан, болвол болчмоор санагдсан байх. Ээжийн 2 хүүгийн сургууль соёл, хэл ус харин яах юм болдоо. Аятайхан томхон байр авчихаад тэндээ амьдрахаар явна даа.
За миний ажил гэвэл харьцангуй ачаалал гайгүй. Дажгүй ментор залуугийн ачаар юм сураад байгаа л гэж бодож байна. 3 сар болоод өөр тийшээ шилжиж болдог, би эндээ үлдээд илүү их юм суръя гэж шийдээд шилжээгүй. Нэг төсөл гэхиймуу юман дээр ажиллаад ментор залуу болон боссуудаас онлайн платформ дээр баахан магтаал авч баярлангаа ичсээн. Заримдаа өөр хүмүүстэй нээг их харьцахгүй, энэ хүнтэй харьцаад л, даалгавар аваад, хийгээд, асуух юмаа асуугаад явахаар олон хүнтэй танилцахгүй буруу ч юм болов уу гэж бас бодно оо. Гэхдээ надад бол амар л байна.
Оффисоос ажиллахаар ядаж л нүүрээ будаад нөгөө хувцсаа өмсөөд, нар салхи үзээд явахаар сэтгэл санаа ч арай дээр байдаг юм байна. Гэрээсээ ажиллахаар ёстой хэзээ ажил эхлээд, хэзээ дуусаад байгаа нь мэдэгдэхгүй, гэрийн хувцастайгаа, гэр орны ажилд оролцоод, хүүхэдрүүгээ нэг гүйгээд, жоохон ажилдаа төвлөрч чадахгүй байгаад байдаг. Энд бол арай төвлөрч суух боломжтой, ажил хийж байгаа гэдгээ илүү мэдрэнэ. Оффис дээр гэхдээ таних хүн байхгүй, багийнхан угаасаа онлайн ажилладаг, би өөрөө хүмүүстэй яриа үүсгэж танилцдаг төрлийн хүн биш болохоор номын сан шиг ирж сууж ажлаа хийж байгаад л явчихдаг. Өглөө унтаж байгаад босч бэлдэж гарах гэсээр байтал хамаг цаг явчихна. Тэгээл ажилдаа жоохон оройтож ирнэ ээ. Тэгж байтал цайны цаг болно. Цайны цагаар хааяа гарч найзтайгаа уулзаж хамт хоол иднэ, хааяа авчирсан хоолоо халаагаад эндээ ганцаараа идчихнэ. Тэгж байтал хөхөө саах хэрэгтэй болно. Тэгж байтал тарах цаг болоод ихэнхидээ нөхөр ажлаа тараад замаараа ирж авна. Өдөр ер нь маш хурдан л өнгөрч байна. Орой очоод ямар нэг юм хийнэ гэж төлөвлөдөг ч хоол унд, хүүхэд шуухад гээд үнэндээ юм амжуулж сайн чадахгүй юм аа. Бид 2 фитнесст явъя гэж яриад л байгаа. Гэхдээ амжуулж чадах юм болов уу даа бүү мэд. Ээж одоо Монгол яваад ирэх хооронд нь бүр завгүй болох байх даа.
Заза энэ тэмдэглэл бүр хэдэн өдөр дамнасан юм боллоо. 5 дахид эхлээд одоо 1 дэх болсон байна. Дуусгая ааа.

Comments
Post a Comment