5 жилийн дараа...
5 жил. Хир урт хугацаа юм бэ? Хүний амьдралын ухамсартай бөгөөд хамгийн идэвхитэй байх хугацааг 50 жил гэж авч үзвэл тэрний 10 хувь нь. Австрали улсруу хөлгийн жолоог залснаас хойш яг таван жил болжээ өнөөдөр. Сурахыг хүсэж байсан их сургуулийнхаа кампуст, дүүрэн шар цэцэгтэй модны хажууд, бор өнгийн модон ширээ сандал дээр суугаад үүнийг бичиж сууна. Бичиж дуусгаад хичээлээ хийнэ. Төгсөх семестер учраас хийх юм ихтэй их л завгүй байгаа. Оюутнууд зогсоо зайгүй хөлхсөн их сургуулийн гудамж, хуучин классик загварын барилгууд, шинэ шилэн хичээлийн байрнууд, дүүрэн номтой, дүүрэн оюутантай ч чив чимээгүй номын сан, нов ногоон зүлгэн дээр оюутнууд хэвтэх нь хэвтээд суух нь суугаад, хичээлээ хийх нь хийж амрах нь амарна. Том оо модны дор тойроод байрлах модон сандал, кофе шоп, модны завсраар гялалзах нарны гэрэл. Таван жилийн өмнө ирчихээд энэ гудмаар ганцаараа алхаад, энд сурахыг мөрөөдөж, ийм олон хүүхдүүд энд сурдаг байхад би яагаад нэг нь байж болдоггүй юм бол гэж бодож байж билээ. Тэгээд нэг нь болчихсон. 3 жилийн дараа болсон. Миний мөрөөдөл жоохон удаан ч гэсэн биелчихээд л байдаг юм шиг. Зүгээр удаан бодож явсаар байж биелүүлэх алхам хийдэг ч байж магадгүй. За тэр яахав ээ. Цаана нь дахиад зөндөө том мөрөөдөл байна аа. Хэдэн жилийн дараа дахиад хэрхэн өөрчлөгдсөн байхыг таашгүй. Юу ч гэсэн ирснийхээ таван жилийн ой дээр энд ингээд сууж байгаагаа энд тэмдэглэж үлдээхийг хүссэн юм аа.
Comments
Post a Comment