Гуравдугаар сар
Бичвэрээ эхлүүлэх үг, өгүүлбэр олддоггүй ээ. Ямар сайндаа ийм гарчиг өгч байхав. Гэнэт л зүгээр бичмээр санагдаад гэх үү дээ. Хичээлээ хийхээр суусан боловч нэг л төвлөрч чаддаггүй. Хичээл эхлээд 20 хонож байна. 3 дахь долоо хоног дуусч байна гэсэн үг. Цаг хугацаа хурдан байна шүү.
Он гарснаар олон л үйл явдал тохиолдож, зав муутай нилээд бужигналаа. Юун түрүүнд эгч маань Монголоос ирсэн байдаг аа. Хоол унд хийгээд өгөх хүнтэй, хов базах ханьтай сайхан байна аа. Эндэх таалагдаж байна, бүр визээ сунгаад үлдэнэ, удна гэсэн. Аяллын визтэй учраас ажиллах эрхгүй боловч ямартай ч бичиг баримт шаардахгүй аятайхан ажил олоод хийж байгаа. Мөнгөө цуглуулж байгаад сургалтын виз мэдүүлэх гэж байгаа юм. Их олохгүй ч бага гэж голохооргүй, болохоор л байна одоохондоо. Бага багаар гадуур дотуур явж юм үзүүлж харуулж байгаа ч цаг хугацаа болон санхүү гэх мэт хязгаарлагдмал нөөцүүдийн улмаас бас яг сайн явж чадахгүй л байна даа. Удах юм бол юундаа ч яарах билээ. Сониноос бид хэд усан үзмийн талбай явангаа тавуулхнаа кэмпинг хийж үзсэн. Жоохон адал явдалтай л байсан.
Эгчийг ирээд ердөө 2 хоносны дараа, би хичээл эхлэхээс өмнө сургуулиас зохион байгуулсан Sydney Innovation Program гэдэг хөтөлбөрт хамрагдав аа. Хичээл амрахаас өмнө материалаа явуулж тэнцсэн бөгөөд 2 сарын 6-наас 10-ны хооронд сургуулийн дотуур байранд байрлаж, салбар салбарын мундаг хүмүүсээс хичээл авч, мэргэжил мэргэжлийн мундаг хүүхдүүдтэй багт хуваарилагдан, төслийн санаа гарган түүнийгээ 24-нд шүүгчдийн өмнө илтгэх даалгавартай. Энд гэр бүлээрээ ирээд мэдээж дотуур байранд байрлах боломж олдоогүй тул хэд хоног ч гэсэн байрлах, оюутны амьдралаар амьдарч үзэх ховор боломж гэж хүлээж авсаан. Эгч ирсэн тул ээжийн ажлаа шилжүүлээд, эгч нөхөр 2-оороо байрандаа хүргүүлээд л орсон доо. Нэг өрөө мөртлөө дотроо том ор, угаалгын өрөө, жижигхэн гал тогоо, хичээл хийх ширээ, буйдан, зурагт, хувцасны шкаф гээд бүх хэрэгтэй юм байдаг ёстой цэвэрхэн хөөрхөн байр байсан. Тэнд ганцаараа хэд хоног тарвалзсан. Гэхдээ байрлаж байх хугацаанд дандаа өглөөнөөс орой болтол хөтөлбөртэй байсан болохоор орж ирж унтдаг л байсан даа. Өглөө, өдөр нь нийтийн гал тогоондоо хооллож, орой нь сургуулийн дээвэр дээр болон Харри Поттерынх шиг гоё том танхимд албан ёсны оройн хоол идсэн гэх мэт хөтөлбөрт хамрагдаагүй бол үзэх боломжгүй зөндөө гоё зүйлсийг хийсээн. Escape room-д очиж тоглосон, бүр орой болсон хойно сургуулийн кампус дотор нуугдаж хүртэл тоглоод хөгжилтэй л байсан. Нийт 20 оюутан оролцож 4 багт хуваагдсан ба манай багт надаас гадна Хятад эрэгтэй эмэгтэй 2 оюутан, 1 Ирак залуу, 1 Испаниас ирсэн залуу байсан. Сургуулийн мундаг профессоруудаас гадна Майкрософт, Амазон, Австралийн банк болон өөр бусад компаниудаас хүмүүс ирж хичээл орж, зарим нь багуудад ментор хийж, үйл ажиллагаа болгон дээр ирж нэтворкинг хийж, зохион байгуулалт сайтай, гоё болдог юм байна лээ. Сүүлийн өдрийн питчийг нөхөр маань ирж үзсэн. Манай баг түрүүлээгүй хэдий ч миний бодлоор дажгүй сайн байсаан. Үнэндээ бол ганц ч унаган Англи хэлтэй хүн байхгүй ганц баг нь байсан бол зарим баг нь тэр чигтээ шарууд ч байх шиг. Би дахиад л өөрийнхөө хэл тааруу байдлаасаа болоод ер нь бол өөртөө итгэлгүй л байсан. Манай баг Finance салбарт хуваарилагдаж скамаас хамгаалах гар утасны аппликэшний санаа гаргасан. Дотуур байранд байрласан сүүлийн шөнө нөхөр нууцаар ирж хоноод өглөө хамт гарсан байдаг 😋
За тэгээд дундуур нь валентин болоод нөхөртөө шоколад хайлуулж өгөөд, надад бэлэг өгсөнгүй гэж гомдоод, дараа нь Монголын цагаан сар болж, бид хэд чинь бууз, боовоо хийж бужигнаад, дараа нь айлуудаар хэсч, айлуудыг бас гэртээ цай уулгаж хэдэн өдрийн нүсэр ажил болсон байдаг юм. Хажуугаар нь ажилтай нь ажлаа хийж, хичээлтэй нь хичээлээ хийж, оройгоор л энэ бүхнийг амжуулж байгаа юм шүү дээ. Юм юм давхцсан сар байлаа шүү. Ядаж байхад нь 20-нд хичээл эхэлчихсэн. Энэ хугацаанд нөгөө төсөл дээрээ ажилласаар, багийнхан болон менторуудтайгаа онлайн уулзсаар.
За тэгээд програм дөнгөж дуусангуут нь маргааш нь тэмдэглээгүй өнгөрөөчихсөн найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж, араас нь хэдэн өдөр шартаж өгөөд, хэдхэн хоногийн дараа нөхрийн 2 найз Монголоос ирээд, нөгөө 2-г чинь тосч аваад, дагуулаад гадуур дотуур 2 өдөр ядартлаа л явлаа. Өөр хотруу гаргаж өгчихөөд яг амсхийх гэсэн яасан байх нь уу? Мартын найман. Валентинаар гомдоочихсон нөхөр маань эгч бид 2-т нэг нэг тарьмал цахирмаа цэцэгтэй, орой нь найзуудаараа гарч хоол идээд, боулинг тоглоод, эко-втор маягтай тэмдэглэсэн байдаг. Гэхдээ идсэн уусан, явсан хөдөлсөндөө ядарчих юм өө. За энэ чинь бол ердөө 2 л хоногийн өмнө шүү дээ.
Маргааш хагас сайн өдөр. Энд амьдардаг, мэргэжлээрээ ажилладаг, мөн ажиллахаар эрмэлзэж, сурч буй хүмүүсийн уулзалт болох юм. Эгч нь яаж тэндээс дутахав, явна даа. Дараагийн хагас сайн цэргийн баяр гэдгээс ер нь бол аягүй жийрхэж байна. Юу тарисан түүнийгээ хураана ш дээ энэ тэр гээд мартаар жаал томорчихсон ш дээ. Гэтэл би чинь хичээлтэй оюутан хүн. Бүр дипломын ажил гэх юм уу төслийн ажлаа хийж байгаа. 7 хоног бүр хувийн явцын тайлан өгөх ёстой. Одоо уг нь тэрийгээ бичих санаатай сууж байгаа боловч энийгээ бичээд сууж байна даа. Хажуугаар нь 3 долоо хоногийн хичээлээ катч-ап хийж авах хэрэгтэй байдаг.
Мань 2 чинь, 2 чинь ч гэж дээ, манай хүн миний төлбөрийг төлж дуусгах гээд чардайж байтал хүүхдүүдийн сургалтын төлбөрийн нэхэмжлэх ирсэн. Энэ 2-оос өндийх нь үү гээд байж байтал удахгүй виз дуусаад шинээр визэнд орох цаг хаяанд ирсэн байдаг. Тэр чинь даатгал хураамж гэх мэт бөөн мөнгө шүү дээ.
Ёохх заза больё. Өөрийнхөө бичсэн юмнуудыг уншаад, бодсон чинь бүр ядарчихлаа. Жоохон ч гэсэн үр дүнтэй юм хийгээд унтъя байз. Өө тийн, энд тэндэхийн graduate хөтөлбөрүүдэд материалаа явуулчихсан чинь онлайн шалгалт, ярилцлага энэ тэр өг гэж ирээд, би өөрөө амжихгүй аягүй мангар байна аа. Амжуулчих юм сан даа.
Comments
Post a Comment