Хичээл эхлэх хүртэлх стресстэй өдрүүд

Хичээл эхлэсний 3 дахь хоногийн мэнд ээ! 

Тэгэхээр ингэсэн. 6 сарын 27-нд анх сургуульдаа тэнцсэн хариугаа хүлээж авсан юм байна шүү дээ. Нээрэн цаг хугацаа ёстой хурдан өнгөрчээ. За тэгээд хариугаа нөхөр болон хүүхдүүдтэйгээ хамт машинд явж байгаад сонссон юм. Хоёулаа еээс мээс гээд гар хуруугаа цохилцоод баярлаж байснаа, удалгүй төлбөрийн асуудал, виз солиулах энээ тэрээ гээд амьдралруугаа оров оо. Одоо дараагийн цалин авчихвал яг төлбөрт хүрнэ, юу ч гэсэн эхлээд төлбөрөө хийчих гэсэн. "Номхон далайн мөсийг долоох шахам олсон" (хаха далай мөстлөө тэ) хэдэн цаасаа шавкаад жоохон горойсгээд төлбөрөө төлөөдөхөв. Тэгээд хичээл эхлэхээс өмнө сарын зай байна, тэр хугацаанд нь академик англи хэлний курсэд сураад хичээл яаж явагддаг, их сургуулийн эссэ, тайлан яаж бичдэг талаар мэддэг болъё гэж шийдээд 4 долоо хоногийн курс авлаа. Тэр нь бас болоогүй 1000 доллар. Тэрнийхээ мөнгийг хүнээс зээлчихэв. Энд ирснээс хойш иймэрхүү чухал зүйлдээ зориулах мөнгөгүй хүнээс мөнгө зээлсэн анхны тохиолдол байх аа. Гэвч тэр курс нь явагдаад бараг дуусах дөхчихсөн байнгуутаа надад 2 долоо хоногийн академик англи хэлний курс, 2 долоо хоногийн IELTS курс өгчихсөн байв. 

Тэгээд яахав идэвхитэйгээр суралцаж байтал сургуулийн янз бүрийн Orientation хичээлүүд явагдаад сүүлийн вийкийг(сорри байнгаа долоо хоног гэж бичих чинь хэцүү юм байна, ингээд биччихье) ерөнхийд нь пялчихсан, үнэндээ бас жоохон залхсаан. Тэгээд сургуулийн Learning hub center-ээс явуулдаг, лекцэнд яаж үр дүнтэй суух уу, академик хулгай, тэрнээс яаж сэргийлэх үү, reference хийх энэ тэр гээд баахан нэг цагийн хичээлүүд явагдаад л, болж байгаа бараг бүх юманд нь хоцорчихгүй юм сан гээд бүртгүүлээд л байсан. Тэгээд Zoom-ээр явагдаж байгаа хичээлүүдийн эхний 2-т нь суугаал 3 дахид нь шууд унтчихаад байх юм байна лээ. Ойлгох байдал бол хагас дутуу л. Тэгсэн өөр хүүхдүүд дундуур нь орж ирээд л дуржигнатал яриад л юм асуугаад л намайг хэсэг хямраав. Speak up гээд оюутнууд танилцаж, ярилцах meeting хийсэн чинь бас сайн ойлгохгүйгээсээ санаа зовоод нээх оролцохгүй сонсож байснаа сүүлдээ унтааский. За иймэрхүү байдлаа orientation week өнгөрөв. Ер нь бол урьдчилан өөрийнхөө мяаг мэдэрч стрессдэж өнгөрөөсөн гэсэн үг. 

7 Tips for Welcoming a New Student Into an Established Classroom | Teach  Starter

|Бичвэрээ дуусгах цаггүй байсаар дараа долоо хоногт нь үргэжлүүлж байна|

За үүнээс гадна чухал зүйл бол Enrollment хийх байлаа. Эхний хийх чухал зүйл бол мэргэших чиглэлээ сонгоно. За тэгээд мэргэшлээ сонгох гэж хэсэг бодлого бодов. Найз нөхдөөсөө асуув, энэ сургуулийг төгссөн Монгол залуугаас бас санал асуув, нөхрөөсөө асуув, золтой л бөөдчихсөнгүй. Бодоод бодоод бодын шийр 4 байв нтр. Эцэст нь тэгээд хэн юу гэсэн ч өөрийн шийдвэр л эцсийн шийд юм даа. Тэгээд аль эртнээс л кодер болохсон гэж хүсдэг байсан хүслээ гүйцээх сүүлийн боломж ч юм билүү гэж бодоод Software-ийг сонгочихлоо. Бараг л шинэ мэргэжлээр сурч байгаа гэсэн үг. Өөрийн сүлжээний мэргэжлээ мартаж эхлэж байсан дээр шинэ мэргэжлээр энэ сургуульд сурна гэдэг тийм ч амар даваа биш гэдгийг гадарлаж байна аа. 

За дараагийн асуудал бол энэ семестэрт үзэх хичээлүүдээ сонгох. Тэр ч бас тийм амар ажил биш юм байна. Дөрөвхөн хичээл сонгоод болчих юм бодтол бүтэн 2 жилээ төлөвлөж байж сонгохгүй бол болдоггүй эд байна. Тэр хичээл нь энэний дараа байх ёстой, тэр ангиллаас заавал тэдэн хичээл үзэх ёстой, тэр нь энэ семестэрт орно орохгүй гэх мэт бөөн шалгуураас гадна ихэнхи хичээлийнх нь талаар үнэндээ нөү идиа байлаа. За дахиад нөгөө сургууль төгссөн залуугаа шаналгалаа, наана цаана нь хичээлүүдээ өрж үзээд нухаад л байлаа. Ашгүй Америк явж алдуурсан ганц багш маань гэнэт холбогдож байна. Бөөн баяр, сургуульд орсноо, бас өөр мэргэжил сонгосноо хэлээд тавьлаа. Залгаад ёстой зөв сонголт хийсэн байна, би бас сольсоон энэ тэр гээд ярьж өглөө. Тэгэхээр нь дахиад хичээл сонгох ажилруугаа чирээд ирлээ. Бас баахан зөвлөгөө авмар болж нилээдгүй шаналгалаа. 

Эцэст нь нэг юм хэдэн хичээлээ өрж тавиад, энэ семестрийн 4 хичээлээ сонгоодохтол цагууд нь хоорондоо давхцааский. Өө мая гоод. Ийш тийшээ яахуу ийх үү гээд мэйл шидээд л, хариу хүлээгээд л, өдрийн бодол шөнийн зүүд тэхүү. Том сургуулийн чинь юм болгон хариуцдаг эзэнтэй ч юм шиг, эсвэл байхгүй ч юм шиг ийш тийшээ тэрнээс асуу, энэнээс асуу, сүүлдээ чи өөрөө мэд энэ тэр гэсэн хариу авсаар аль эрт эхэлсэн хичээл сонголт маань ч эцэслэгдэж чадалгүй хичээлийн эхний өдөртэйгөө золгоодохов. Солиж сонгосон хичээл маань баталгаажихгүй, хичээлийн цаг эхлэх гээд сандаргаад, нөгөөхөө буцааж, өмнөхөө сонгож заваараад эцэст нь хичээлдээ сууж эхэллээ. /Бичиж байхдаа бараг нахисан стрессдэх гээд байдаг наасан хаха/

8 сарын 9 хичээлийн эхний өдөр. Бүх зүйл онлайн болохоор ямар ч сургуулийн гоё уур амьсгал, хүлээн авалт, фестивал энэ тэр байхгүй жоохон мяа байлаа. Гэхдээ ядаж л би Сиднейд байгаа. Гэтэл ихэнх оюутнууд бүр нутагтаа, гэртээ байгаа гээд бод доо. Давуу талаа ашиглаад 9 сарын 1-нээ мэдрэхээр нөхөр хүүхдүүтэйгээ хамт сургуульдаа очлоо. Хов хоосон, нам гүм. Над шиг догдолцон гарууд байдаггүй юм байх даа. Бас хоосон гудманд нь кофе шоп нь ажиллачихжээ. Бодвол багш, ажилтнууд нь ирж ажилладаг, мэр сэр оюутнууд ирдэг юм болов уу. Нөгөө сүрлэг байшингийхаа дэргэд зургаа авахууллаа. Кампусаараа явж танилцлаа (байшингуудын гаднаас нь л). Тэгээд хичээлдээ суухаар гэртээ харьлаа. Гэрээсээ сургууль явдаг байсансандаа ууг нь, цаг сайхан байхад.

Хичээлүүд маань бүгд оройн цагаар ордог. Бодвол мастерт ажилтай хүмүүс сурдаг болохоор тэгдэг байх л даа. Гэвч 200 орчим оюутантай нэг хичээл дээр оюутнуудынхаа дундаж насыг гаргаж үзүүлтэл 23 байсан юм даа гөх тэнгэр минь гэж. Би хэдэн насандаа хаана яваад байнаа гэж хэсэг зуур дахин бодов. 

За эхний хичээлүүдийн сэтгэгдлийг өөр пост болгоё оо. Би ер нь их нуршуу бичдэг хүн юм. Нэг эхэлчихээр дуусгаж чадахгүй, дуусгахгүй болохоор нэг юм дутуу орхичихсон юм шиг шаналгаатай, ядаргаатай хог байна. Си юу сүүн. 

Comments

Popular Posts