Сонголт, айдас, амжилт, сэтгэл зүй, сахилга бат

Хааяа хааяа гэнэт юм бичмээр болоход цаг зав гарахгүй, бодож явсаар ирээд суухаар яг хаанаас эхлэж юу бичихээ мэдэхээ больсон байх юм. Би сэтгэл зүйч, сэтгэл судлаач хүмүүсийг нийгэмд хэрэгтэй, хүмүүст тустай гэж боддог боловч яагаад ч юм надад хэрэг болно гэж боддоггүй байсан юм. Гэтэл сүүлийн үед, ялангуяа сургуульд элссэнээс хойш үргэлж л ямар нэгэн зүйлд санаа зовж, сэтгэл санаа цаанаа нэг тайван биш, юу ч болсон өөртөө нэг л сэтгэл хангалуун байж чадахгүй, өөрийгөө голж байгаагаа улам ихээр анзаарах боллоо. Нэгэнт хийсэн сонголтынхоо хойноос эргэлзэх, эргэлзэх гэхээсээ илүү чадах болов уу гэсэн айдас, чадахгүй бол гэж бодоод өөрийгөө голох мэдрэмж, тэрийгээ үг болгож гаргаад гомдоллож гоншигонох, өөрийгөө хямрааж улам хүчгүй болгох...

How to Handle Extreme Stress | U.S. News

Өөрийгөө бодит байдлыг үнэн мөнөөр нь дүгнэж байна гэж бодож байгаа ч, тэгээд бодитоор үнэлэж өөрийгөө голж хямарлаа гээд үр ашиг нь юу вэ? 

Бодитоор үнэлээд илүү их хичээх ёстойгоо ухаараад хийж эхлэх ёстой байтал 'яана аа, одоо би яах вэ, чадахгүй бол яах вэ' гэж өөрийхөө хүчийг улам сулруулж хэрэгтэй хэрэггүй зүйлст цагаа үрэх нь зөв үү? Бас нэг талаар энэ нь бусдыг юу гэх бол гэсэн айдас юм шиг. Хүмүүст хэт өндрөөр үнэлүүлээд хүлээлтэнд нь хүрэхгүй бол яах вэ гэсэн айдас. Шалгалт өгөхдөө, сургуульд өргөдөл өгөхдөө ч бусдад хэлэхгүй, хэрэв бүтэлгүйтвэл хүмүүсийн юу гэх бол гэдгээс санаа зовж үр дүнд хүрсэн хойноо л хэлдэг. Хүүхэд байхдаа ч олимпиадад орсон гэж гэрийнхэндээ хэлэлгүй, медаль авсан хойноо авчраад хэлдэг байж билээ. Магадгүй багаасаа тэрүүхэн хүрээндээ хурган амжилт гаргаж тэрэндээ хэт магтуулсандаа дасаад, алдаа гаргаж болохгүй юм шиг, үргэлж амжилттай байх ёстой юм шиг, тэгсэн хэрнээ өөрөө өөртөө бүрэн итгэж, сэтгэл хангалуун байж чаддаггүйгээс үүдэлтэй байх. 

Чи угаасаа чадна, чи чадаж л таарна, чамд бол амархан, чи чадах ёстой... Тэгээд би чадахгүй бол яах вэ? 

Хүмүүсийн итгэж байгаа итгэл нь дарамт болоод байх шиг, эсрэгээрээ би өөрөө хүмүүсийн юу гэх бол гэдэгт анхаарал хэт хандуулаад байх шиг. Нөгөө сэтгэл зүйн дархлаа гээч зүйл нь надад алга уу? Үнэндээ би өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож байгаа юу гэвэл ТИЙМ. Гэхдээ тэгж бодож байгаа эсэх минь, эсвэл бүр чадах эсэх минь хүмүүст хамаатай юу гэвэл ҮГҮЙ (Мэдээж төлбөрийг минь төлж буй нөхөрт маань хамаатай байж таарна). Би сэтгэлээр унаад, өөрийгөө муу гэдгийг өөртөө болон хүмүүст ухаарууллаа гээд сайжрахгүй учраас арай илүү өөдрөг, эрч хүчтэй, бусдаас үл хамааран урдахаа хийдэг сэтгэл зүйн дархлаа надад хэрэгтэй байна. Тиймээс сүүлийн үед өөртөө сэтгэл зүйч хэрэгтэй юм болов уу гэж бодох боллоо. Ингэхэд олны танил хүмүүс яаж тэсдэг юм бол, өөрийг нь хэт өргөмжлөх болон хэт доош нь хийхэд хэрхэн балансаа хадгалдаг юм бол. Энгийн нэг хүн эргэн тойрныхоо хэдхэн хүний хэлсэн үгэнд дээш доош болж байхад, тэд бол асар их сэтгэл зүйн дархлаатай хүмүүс байдаг байх нь ээ. Нөхцөл байдал бага багаар дархлаа тогтоодог байх л даа. 

Өө тийм, бүгд намайг магтаад байгаа юм биш шүү. Ердөө би аль талдаа ч дархлаа алга.

Надад хүмүүс 'наадах чинь ёстой хэцүү сургууль гэсэн яана даа, чамаас мундаг хэлтэй, мэдлэгтэй, залуу хүмүүс нусаа хацартаа нааж байна, гэр бүлийнхээ хажуугаар яаж амжуулнаа, ганц бие хүмүүс ч амжихгүй байна, эрэгтэй хүмүүс хүртэл шантардаг, төлбөр нь ямар өндөр юм бэ, төлж чадах юм уу, ийм өндөр төлбөртэй, нөхрөө ингэж зовоож, өөрөө ингэж зовж сурах хэрэгтэй юм уу'  гэж хэлсээр, асуусаар байгаа. Харин тиймээ, болгоно доо гэж хариулсан ч, заримд нь бүр уур хүрч гомдсон ч, үнэндээ би ч бас өөрөөсөө эдгээрийг асууж хямарч яваа амьтан.  

Би чадахгүй байхдаа гэж сэтгэлээр унаж энергээ барж суухын оронд, чадсан ч чадаагүй ч хамгийн сайнаараа дайраад гаръя гэж сэтгэвэл эрч хүч нь ядаж нэмэртэй юм даа. 

Нөгөө талаас сахилга бат гээч зүйлийг хэрхэн олж авах вэ? Шөнө нэг цаг өнгөрч байхад орондоо орсон ч, үздэг цувралынхаа ганц ангийг үзээд унтъя гэж эхлээд 3 цаг хүртэл үздэг, өөрөө өөртөө хариуцлагагүй, хайргүй зангаа хэрхэн засах вэ? Нойроо ханатал унтаж, утсаа нүдэнд тусах бүрт авч Facebook, Instagram ухна, ирсэн зурвас болгонд харсан дариудаа хариу бичнэ, хэн нэгний дуудлагыг завгүй байсан ч алдалгүй авна, бусдын тус гуйсан асуултад үгүй гэж хэлж чадахгүй, хэн нэгэнд тус болох гэж хэдэн цагаар сууна, өдрөө алдана, найзуудын урилга, айлчлал хоёрт татгалзаж чадахгүй. Яг энэ бүхэнд сахилга баттай ханддаг болчихвол би хичнээн үр бүтээлтэй байж чадах вэ? Юу хийх ёстойгоо мэддэг боловч хийдэггүй, хийх аргаа олдоггүй ч юм уу, эсвэл яг үнэндээ хийхийг хүсэхгүй байгаа ч юм уу, бүү мэд ээ.

Ер нь хүн заавал хийх ёстой зүйлсийг л хийж амьдрах ёстой юм уу, хиймээр байгаагаа л хийгээд байж байж болохгүй юу, заавал амжилтанд хүрэх ёстой юм уу, мундаг байх албатай юу?

Ингээд бодохоор мэдээж хэрэг бүх зүйл 2 талтай бөөрөнхий зүйл болчихно л доо. Хүсээгүй боловч хийх ёстой зүйлсийг хийж байж хүссэн үр дүндээ хүрдэг. Чи эрүүл бас гоолиг баймаар байгаа бол хиймээргүй байсан ч дасгал хийж, идмээр байсан ч тэсэх хэрэгтэй. Харин алиныг нь хир хүсэж байгаагаас сонголт чинь хамаарах байх. Чи хүссэн зүйлсээ идэж, дураараа амар амгалан амьдраад, махлаг чигтээ байсаар эрт "явах" уу, эсвэл өөрийнхөө тэдгээр хүслийг хязгаарлаж эрүүл, бас бусдын нүдэнд аятайхан харагдаад, удаан(гэхдээ энэ бол их олон зүйлээс хамаарах хэмжигдэхүүн) амьдрах уу гэх мэт. Тарган ч гэсэн өдөр тутамдаа аз жаргалтай амьдардаг, эсвэл бусдын нүдэнд сайхан харагдах ч амьдралдаа сэтгэл хангалуун биш хүмүүсийг алийг тэр гэхэв. Нөгөө зорилго нь турах, хобби нь идэх гэдэг шиг хүсэхээр хясдаг амьдрал юм даа. За за бүр хадуурчихлаа. 

Одоо амжилтын талаар хэсэгхэн ярья. Амжилттай хүн гэж хэн бэ? Хүссэн зүйлдээ хүрсэн хүн юм уу, эсвэл нийгмийн хэмжүүрээр амжилттай яваа гэж тодотгогдсон хүн юм уу? Хэн амжилтанд хүрсэн эсэхийг үнэлдэг юм бэ? Бас л өрөөсгөл. Би өнөөдөр чадахгүй байгаа рубик шоогоо маргааш эвлүүлж чаддаг болчихвол амжилт биз дээ? Гэхдээ би үнэндээ тэрийг эвлүүлж сурахыг хүсэх ч үгүй, чадах үгүй нь надад чухал биш бол яах вэ? Амжилт хэвээрээ байх уу? Бүр эсвэл угаасаа чаддаг хүн, өнөөдөр сурсан бид хоёрын хэн нь амжилттай хүн бэ? Сурахыг хүссэн нь л үү? Хоёулаа юу? 

Арай том хүрээнд авч үзье. Бага сургуулийн багш эмэгтэй, Боловсролын яамны залуу сайд эмэгтэй хоёрын хэн нь амжилттай яваа юм? Нийгмийн олонхын нүдээр мэдээж сайд биз дээ. Гэтэл сайд маань Ерөнхий сайд болохгүй бол сэтгэл нь ханахгүй, харин багшийн маань туйлын хүсэл, зорилго нь бага сургуульд багшлах байсан бол хэн нь амжилтанд хүрсэн бэ? Хүссэндээ хүрсэн нь үү, нийгмийн статус нь илүү байгаа нь уу? Гэтэл багш ч биш, сайд ч биш, хүссэн боловч дээд боловсрол эзэмшээгүй, өөрийн сонирхлоороо оёдлын компани байгуулаад зэгсэн чинээлэг амьдарч байгаа бүсгүй хаана нь хамаарах бол?

Тэгэхээр хүний амжилтыг өөрийнх нь хүсэл зорилго л тодорхойлоод байна уу? Нийгэмд эзлэх байр суурь нь тодорхойлоод байна уу? Нийтийн хэвшмэл үзэл тодорхойлоод байна уу? Үнэндээ би ч бас энэ их мөнгийг үрж, биесээ зовоож сурах хэрэг байна уу гэж бодож үзсэн. 2 жилийн дотор 200 сая төгрөг цуглуулаад хөрөнгө оруулалт хийж өсгөөд, эсвэл нэг аятайхан байр(за аятайхан байранд нь бас хүрэхээ больсон байх) худалдаж аваад, эсвэл ямар нэгэн гарааны бизнес эхлүүлээд арай бага зовоод эртхэн өөр юм бодсон дээргүй юу гэж. Харин 42-той болоход минь надаас хэн нэгэн 'чи эргээд 32-той болоод боломж нь байвал 2 жилийн хугацаанд хүссэн сургуульдаа сурах уу, 200 сая төгрөг цуглуулах уу' гэж асуувал би эргэлзэлгүй 'хүссэн сургуульдаа сурна' гэж хариулах болно. Өнөөдөр ч надаас 'чи 10 жилийн өмнө..' гээд энэ асуултыг асуувал би ижил хариулах болно. Гэвч би 22-той болох боломжгүй учраас 42-той болох үедээ харамсахгүйн тулд энэ сонголтыг хийсэн. 

Сонголт бол эхний хэсэг нь, харин өгөгдсөн 2 жилийн хугацаандаа зорилгодоо амжилттай хүрэх эсэх нь миний хир сайн байхаас хамаарах гээд байгаа учраас, тэр зам нь тийм ч дардан биш бөгөөд би хангалттай сайн бэлтгэгдээгүй, тэрийгээ мэдэж байгаа учраас өөрийгөө голоод, өөртөө итгэхгүй айгаад, стресстээд байгаа юм. 200 сая төгрөгийг үр ашиггүй золиослосон байхвий гэдгээс, бүр цаашилбал чадна гэж хэлсэн хүмүүсийн хүлээлтэнд хүрэхгүй байх вий гэж, чадахгүй гэж хэлсэн хүмүүсийн аманд багтахвий гэдэгт би санаа зовж хямраад байна.  

За ийм л хачин хачин юм бодож, тэрийгээ бичиж толгойгоо гашилгаж, доороо эргэлдэж, цагаа үрээд байгаа болохоор надад сэтгэл зүйч, сахилга бат 2 хэрэгтэй гэж бодоод байгаа юм даа. 

Comments

Popular Posts