Чанга охид уйлдаггүй

Хүний амьдралд баяр, гуниг ээлжилдэг нь хорвоогийн жам юм болов уу даа. Өнөөдөр ёстой онцгүй өдөр байлаа. Ойрдоо нуруу өвдөөд, олигтой хөдлөж чадахгүй, эмнэлэгээр явж арай гэж нэг оношоо тодруулахтай зэрэгцэн, өөр нэгэн муу мэдээ сонслоо. Аав минь амны хорт хавдар гээч муухай өвчинтэй болсон байж магадгүй гэсэн. Аманд нь юм гараад зөндөө удаж байхад хэлэхгүй явсаар өвдөөд болохоо байхаар нь хэлж байх юм. Охиныхоо санааг зовоочихно гээд гайгүй болохыг нь, ядаж Монголдоо очихоо хүлээгээд л байсан байх даа. Мэдэхгүй юм ховорхонтой аав минь өөрөө юу гэдгийг нь бараг мэдчихээд хэлсэн нь, эмчийн хэлсэнтэй яг таараад эцсийн шатны шинжилгээ өгөөгүй байхад би ч аль хэдийн сэтгэлээр уначихаад байж байна өө. Гэхдээ "Чанга охид уйлдаггүй" биз дээ. Аав ч тэр, би ч тэр хэн хэнийгээ сэтгэлээр унагачихгүй, зовоочихгүй юмсан гээд аль аль талдаа л зүв зүгээр юм шиг царайлаад л байж байна. Өнөөдөр шинэ утас авч өгсөн чинь баярлаад л өдөржин тэрийгээ үзэж, оролдож өдрийг өнгөрөөж байх шиг байна. Би харин яаж өөрийгөө зугаацуулж, сатааруулахаа мэдэхгүй нэг л утгагүй байлаа. Хажууд байгаа хань хүртэл намайг ойлгохгүй байх шиг, сэтгэлээ онгойлгоод хамт байгаад уйлахад минь аргадах хүн олдохгүй юм шиг нэг л давчуухан байна. Найзууд маань намайг ойлгож сайхан үгс илгээж байгаа ч яг хэн нэгэн дэргэд минь байгаасай гэж хүсээд байна. Мэдээж би, бас миний аав энэ муухай өвчнийг, энэ цаг хугацааг ялаад л гарна. Харин тэр дунд л сэтгэлээр хэд унаж, хэд босохоо мэдэхгүй байна. Олон дунд байгаа мөртлөө ганцаардаад, орох байх газраа нэг л олж ядаад байна. Гав ганцаархнаа байж байгаад хэнээс ч санаа зоволгүй уйлж, дуулж сэтгэлээ онгойлгомоор байна. Эвсэл надад зөвлөөд чиглүүлээд өгдөг, намайг зоригжуулж хурцалдаг, хөөргөж дэмждэг, урам зориг өгдөг хэн нэгэн байдаг ч болоосой. Тархи толгойг минь цэгцлэлцээд, миний оронд өөрийгөө тавиад, нөхцөл байдлыг минь ойлгоод, тэгээд хуваалцаад, бас намайг загнаад, шавхуурдаад өгдөг ч болоосой. 
Ямартай ч аавыгаа удахгүй эмнэлэгт үзүүлнэ. Нааштай, жаахан ч гэсэн гэрэлтэй мэдээ дуулгаасай. Муухай хорт хавдар биш гэдэг ч юм уу, ядахдаа л хүндрээгүй дөнгөж эхний шатандаа байна, амархан эмчлэгдэнэ гээд хэлчихээсэй. Аав ээж хоёрыгоо гоё юм үзүүлнэ, жаргаана гэж авчирчихаад сүүлдээ зовоогоод ч байна уу даа гэж бодох юм. Мэдэхгүй юм даа...

Comments

Popular Posts