Сайн байна уу 2019 он!
Сайн байна уу 2019 он минь! Шинэлэг, сонирхолтой, гайхалтай сайхнаар угтан авсанд баярлалаа. Бүтэн жилийн турш сайн сайхан, гоёхон зүйлсээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. 2019 онд хийхээр төлөвлөсөн, хүрэхээр зорьсон, биелүүлэхээр хичээж буй олон зүйл байна аа.
2018 он минь төсөөлж байсанчлан өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан жил байлаа. Ногоон тивд хөл тавьснаас хойш 8 сар орчим хугацаа өнгөрчээ. Ханьтайгаа хамт хоёулхнаа айлын хажуу өрөө түрээслэн амьдрах нь амьдралд бас нэгэн өнгө нэмсэн сонихон цаг хугацаа байлаа. Хүүхдүүдээ маш их санаж байсан ч нөгөө талаас хоёр биедээ илүү их цаг зарцуулах, илүү ойр байх боломжийг бидэнд олгосон жил байжээ. Бид хамтдаа амралтын өдөр бүрээр өмнө нь очиж байгаагүй шинэ газар очих, шинэ зүйлс хийж үзэхийг хичээж, хамтдаа багагүй газраар явсаан. Parasailing, snorkeling хийж, speed boat, cruise-ээр аялаж, айдсаа даван өндөр хаднаас усруу үсэрч, хамтдаа паркад тоглон галзуу хулгана дээр сууж, усан паркад чөлөөт уналт хийж, далайн эргээр хамтдаа зугаалж, жаахан хүүхдүүд шиг давалгаанд цохиулан тоглож олон олон шинэ зүйлсийг хамтдаа хийж, хамтдаа үзэж, хамтдаа аялсан жил байлаа. Оны эхэнд Австрали улсыг зорин ирсэн бид оны төгсгөлийг Тайланд улсад үдлээ. Анх удаа хамтдаа холын аялал хийхээр үүргэвчээ үүрцгээгээд оны хамгийн сүүлийн өдөр гэрээсээ гарч Тайланд, Сингапур улстай танилцаад 2019 оны эхэнд дахин Австрали улсдаа ирсээн. Мөн анх удаа ханьтайгаа хоёулхнаа хамт гаргасан "он" байлаа. Энэ ондоо эхэлсэн шигээ олон сайхан газраар аялаж, шинэ зүйлс үзнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Нөгөө талаас ширээ, компьютерийн ард сууж ажиллаж дадсан бидний хувьд, гар хөлөө ажиллуулж, хөлсний амт, үнэ цэнийг мэдрэх, хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдгийг мэдрүүлсэн цаг хугацаа байлаа. Басхүү хичээн ажиллаж, хийсэн ажлаа өндрөөр үнэлүүлэхийн сайхныг мэдэрсээн. Хүрэх гэсэн зорилгодоо хүрэхийн тулд хичээж, сайжирч, ахиж дэвшин ажиллах болно оо.
Хувь хүнийхээ хувьд бага ч атугай хөгжиж дэвшсэн гэж итгэж байна. Энд ирэхээсээ өмнө хэрэг болж магадгүй гэж маникюр болон баристагийн сургалтанд тус тус хамрагдаж төгссөн. Хэдийгээр аль алинаар нь хараахан ажиллаагүй байгаа боловч, харахад амархан харагддаг бусдын хийдэг ажлын зах зухаас мэдрэх, өөрөө хийж үзэх, сурах, мэдлэгээ нэмэгдүүлэх гээд олж авсан зүйлс чамгүй гэж бодож байна. Энэ жил ямартай ч баристагаар тодорхой хугацаанд ажиллах болно. Дээрээс нь ус, далайдаа ойр газар ирснийх бага ч атугай сэлж сурч байгаа. Мундаг сэлдэг болоогүй ч бага багаар сайжирч, ойр зайнд сэлж, дээшээ харж хөвж сурсан гээд өөрийнхаа хувьд ахиц гаргаж байгаа. Удахгүй улам сайн сэлдэг болно оо. Оны эхэнд амлаж байснаа биелүүлэхийн тулд он дуусахаас өмнө яаруухан IELTS шалгалтаа өгсөн. Бэлтгэл муу болохоор хүссэн оноондоо хараахан хүрээгүй ч, туршлага хуримтлуулсан, амлалтаа биелүүлсэн, басхүү итгэл олж авсан шалгалт байлаа. Тун удахгүй хүссэн оноондоо хүрэх болно гэдгээ амлаж байна. Мөн оны сүүл хэсгээс шинээр суралцаж эхэлсэн зүйл бол Валютын зах зээл буюу Форексийн талаар сонирхон суралцаж эхлээд байна. Сонирхолтой санагдаж таалагдаж байгаа бөгөөд энэ ондоо хамгийн багадаа 5000$-ийн цэвэр ашиг хийнэ гэсэн зорилт тавилаа. Жилийн дундуур энд тэнд болж буй үнэгүй бөгөөд хэрэг болохуйц сургалтуудад боломжоороо хамрагдаж байсаан бас. Жава/програмчлалын хэл/ хэлний анхан шатны сургалтанд сууж үзээд, тэнд анхан шатны код бичиж суухдаа өөрийгөө энэ код гэдэг зүйлд үнэхээр дурлаж чадах юм байна гэж мэдэрсэн. Гэхдээ үргэлжлүүлэн сурч чадаагүй ээ. Энэ жил нэг програмчлалын хэл сурна гээд зорилго тавьчихъя.
Удахгүй Англи хэлний бэлтгэл хичээлд суралцаж эхлэнэ. Би ер нь сурах гэдэг зүйлээс хэзээ ч уйдахгүй байх. Миний төлөвлөж байгаагаар хагас жил хэлний бэлтгэлд суугаад тэр хугацаандаа IELTS-ийн 7-8 оноо аваад, их сургуулийн мастерийн хөтөлбөрт суралцах тэтгэлэг авна аа.
Бас нэгэн төлөвлөж байгаа бөгөөд гарцаагүй биелүүлэх ёстой зүйл бол 2 хүүгээ энд авчирч хамтдаа амьдрах юм. Мөн тэднийгээ авчрахдаа 2 аав, 2 ээжээ авчирч Австрали улсыг үзүүлэх болно. Тэд маань "хүүхдүүд минь газар үзүүллээ" гээд хичнээн их баярлах бол гэдгийг харахыг тэсэн ядан хүлээж байна. Хоёр хүүтэйгээ өдөр бүр хамт байж, хөөрхөн нүүр хөл гарыг нь дуртай үедээ үнсэж, тэврээд унтана гэдгээ төсөөлөн бодоход л нулимс цийлэгнэж байна. Энд хүүхдүүдээ, бас аав ээжээ дагуулж явахыг хүссэн зөндөө газар байгаа. Бас хүүхдүүддээ англи хэл сургана. Эндэхийн сургалтын төлбөр их өндөр. Дээрээс нь тэднийгээ авчрахад айлын хажуу өрөөнд байгаад байх боломжгүй учраас өөрсдөө байр түрээслэн тусдаа гарч, түрээслэсэн байраа тохижуулж, бас болоогүй илүү өрөөгөө түрээслүүлэх гээд санхүүгийн холбогдолтой их олон асуудал ар араасаа гарч ирж байгаа. Мөн миний сургалтын төлбөр, бидний визэнд орох, хүмүүсийг авчрахтай холбоотой зардал гээд шийдэх, бэлдэх, цуглуулах ёстой зүйлс их байгаа. Тиймээс бид 2 өдөр алдалгүй хичээх болно оо.
Жингийн асуудал л яг хэвэндээ байсаар :-D Хүмүүс бол сайхан туранхай байна аа л гэнэ. Гэхдээ угаасаа тийм хангалттай биш байгаа болохоор энэ онд дахин энэ зорилтоо тавиад 56кг болно гээд зүтгэнэ ээ. Уг нь ойрхон л сонсогдож байна.
За тэгээд энэ онд өмнөхөөсөө гадна дахин 2 шинэ улсад очиж үзэх болно. Ялангуяа Америк болон Европын улсууд байвал бүр супер. Мөн илүү олон адерналин ялгаруулсан зүйлсийг хийж үзэх, олон шинэ зүйл сурч, мэдлэг олж авах, англи хэл дээр дор хаяж нэг ном уншиж дуусгах, үсээ өөр өнгөөр будаж үзэх, шинэ лаптоптой болох, жижигхэн шивээс хийлгэх, олон хүнийг баярлуулах, цаашдаа хийх ажлынхаа санааг олж төлөвлөгөөг гаргах гэсэн зорилгуудыг өмнөө тавьж байна.
За 2019 он минь, миний зорилгуудыг хамтдаа биелүүлцгээе, дэмжээд өгөөрэй. Урагшаа!
Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье ;-p
GOooo my girl <3
ReplyDelete