Анх удаагаа хилийн чанадад зорчсон тэмдэглэл - ХонгКонг

2013 оны 03-р сарын 11
Анх удаа ч гэж, үнэндээ урьд нь бас гарч үзсэн юм л даа. Гэхдээ нөгөө хүн болгоны очиж үзсэн эрээн, бээжинрүү маймаачинтай хамт явж шоппинг хийж байсын. Харин энэ удаа арай аялал маягтай яваад ирлээ. Аялалын бас бага зэрэг албан бус ажлын журмаар Хонгконг яваад ирсэн юм. Мэдээж анх удаа явж байгаа хүнийн хувьд шинэ сонин зүйл зөндөө л байлаа. Нэгт, тэдгээр зүйлүүдийг мартахгүйн тулд, хоёрт надаас өөр явж үзээгүй хүмүүст хэрэг болох болов уу гээд тэмдэглэж байна.
Хонгконг нь ерөнхийдөө Hong Kong, Kowloon, New territories гэсэн 3 арлаас бүрдсэн БНХАУ-ын онцгой засаг захиргааны орон юм. Их Британи 1841 онд Хонгконг арлыг, 1960 онд Каулан хошууг эзлэж, 1898 онд Шинэ газрыг 99 жилийн түрээсийн гэрээгээр нэмж авчээ. 1997 онд Шинэ газрын түрээсийн гэрээ дуусахад 1984 хийсэн тунхаг бичгийн дагуу Хятадад Хонгконгийг мэдэх бүрэн эрхээ шилжүүлжээ. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонг Конгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулдаг.
Бүх сургуульд нь англи хэл заадаг, яриа бичиг албан аль ч хэл нь хятад, англи хоёр. Англи хэлтэй бол ямар ч асуудал үүсэхгүй. Манайхаас цагийн зөрүү байхгүй, HKD буюу Хонгконг доллар ашигладаг. Гэхдээ хаа сайгүй солих газар байгаа болохоор эндээс USD-тэй явсан ч болно.
Цаг агаарын хувьд дулаахан чийглэг уур амьсгалтай 1-р сард ид өвлөөр эндээс явсан, тэнд ойролцоогоор +20 градусын дулаан байсан. Цас орохгүй үргэлж дулаахан байдаг болохоор хаа сайгүй мод цэцэг ногоон байгууламж. Хүмүүсийн хувцаслалт их сонин, зарим хүмүүс өвлийн гуталтай, зарим нь зуны сандалтай, зарим нь өвлийн куртик, зарим нь палажтай гээд л хүссэнээрээ хувцасладаг. Бидний хувьд тухайн үед пүүз кэт, сэрүүнд нь савхи мэтийн гадуур хувцас, дулаан үед нь подволктой явахад тохиромтжой байсан. Хаа сайгүй кондейшн үлээж бараг дотор орвол гаднаас илүү даарна. Хаа сайгүй далайгаар хүрээлэгдсэн болохоор чийглэг, заримдаа их жиндүү ч юм шиг.
Газар нутгийн хувьд маш жижигхэн 1'104км2, Монгол улс хажууд нь 1'566'600км2 гэхээр бидний хувьд ямар жижэгхэн гэдэг нь ойлгогдох байх, тэгээд дээрээс нь 7 сая гаруй хүн амьдардаг гэж байгаа. Ёстой хүнээ багтаах шингээх газраа олж яддаг байх. Уул усаа дагасан өндөр өндөр барилгыг харахад л ойлгомжтой юм. Гэхдээ үүнийгээ дагаад хөгжил сайтай.
Дээрээс нь манайхтай харьцуулахад маш эмх цэгцтэй. Нийтийн тээвэр буудал, ариун цэврийн өрөө, ер нь хаа тааралдсан газар л эмх цэгцтэйгээр дугаарлаж хүлээдэг. Манайх шиг чихэлдэж, урдуур хойгуур дайрах зүйл байхгүй. Цахилгаан шатаар гарахад хүртэл яаралгүй зогсож байгаа хүмүүс баруун тийшээ шахаж, яарсан нэг нь зүүн талаар нь хурдлана. 
Замын хөдөлгөөнд яг л дүрмийн дагуу оролцоно. Гарцгүй газраар гүйх, хүний гарцан дээр машин гарч зогсох зүйл гарахгүй. Дээрээс нь гэрлэн дохио нь хараагүй хүмүүст зориулсан дуут дохионы хамт ажилладаг. Машин, автобуснууд замаар харьцангуй хурдан явдаг санагдсан. 2 давхар автобус гэхэд л цагт 80 хүртэл км/цаг хурдлана, зам сийрэг учраас машинууд хурдан давхидаг байх. Түгжрэлтэй лав таараагүй, 7 хоногийн хугацаанд. Хүн ам тийм их атлаа зам сийрэг байдаг нь татвартай холбоотой гэж ойлгосон. Хувийн машинаараа явахад гүүрээр гарах бүрт ч гэдэг юм уу байнга татвар мөнгө хураадаг, гэхдээ мэдээж буугаад бэлэн мөнгө хураалгаад байхгүй, автоматаар уншаад байдаг гэж ойлгосон. Зогсоолууд нь цаг минутаар төлбөр авдаг учир хувийн машин ашиглахад зарлага ихтэй. Гэхдээ мундаг мундаг хувийн тэрэгнүүд олон давхина. Мэдээж баян хүмүүс унадаг байх. Тиймээс нийтийн тээвэр нилээд хөгжсөн. 
Нийтийн тээврийн хувьд 2 давхар автобус, жижиг автобус, метро, такси үйлчилдэг. Миний хувьд метро болон 2 давхар автобус таалагдсан. Октобус хэмээх картыг ашиглаж үйлчлүүлдэг. Картаа мөнгөөр цэнэглээд нийтийн тээвэрт суух үедээ тусгай уншигчид уншуулна, кондуктар энэ тэр байхгүй. Тухайн картаар зарим үйлчилгээний газарт ч мөн тооцоо хийж болно. Октобусыг метроны буудал дотор касснаас авахад л болно. Харин метронд суухдаа буудал дотор байрлах хаалтны хажууд уншуулаад хаалтаар орно. Метронд суух хүмүүс ч мөн очоод дугаарлаж зогсоод багтах хэмжээгээрээ л дотогшоо орно. Метроны замын сүлжээний зураг хаа сайгүй байх бөгөөд их ойлгомжтой, метрон дотор хаана яваагаа дэлгэцээс харах бөгөөд мөн буудал болгон дээр Хятад, Анлиар ямар буудалд ирсэн, дараагийн буудал зэргийг зарлана. Үнийн хувьд янз бүр юм шиг байгаан. Ямар ч гэсэн манайхтай харьцуулахад үнэтэй. 400 төгрөг гэдэг бол тэдний хувьд 2HKD. Харин автобус метронд суухад ямар гэдгээсээ шалтгаалаад 6-10н хэдэн HKD уншуулж байгаан.Сүүлд онгоцны буудалруу ирээхэд бүр 30н хэдэн HKD уншуулж байсан. Аан тийм, замын хөдөлгөөн нь манайхаас эсрэгээрээ, зүүн гарын дүрмээр явна гэхиймуудаа. Эсрэг талаас автобус ирээд зогсоход эхэндээ жаахан эвгүй санагдаж байсан. 
Бидний буусан буудал маш жижиг бараг хамгийн хямд газар нь байсан байх. Гэхдээ Монгол мөнгөөр бодоод үзэхээр хоногийн нэг хүн 30000 төгрөг орчим болж байгаан. Тэгсэн мөртлөө өрөөндөө 3, 4үүлээ байрлана. Өрөө нь уртаашаа 2 ор, нэг шүүгээний урттай, өргөөшөө мөн 2 орны өргөн, дундуур нь хүн зөрөх л зайтай. Нэг захдаа угаалгын өрөө байна. Тэнд жижиг угаалтуур, нойлын суултуур байна. Усанд орохдоо тэр 2-н дунд зогсож байгаад дээрээс шууд шүршүүрт орно. Дотроо ус халаагч байрладаг. 3 хүний өрөө бүр л жижигхэн, ер нь орны хэмжээгээр хэмжигдэнэ, дээрээс нь бас ороо давхарлаж тавина. Мэдээж гоё буудлууд, өөр газрууд зөндөө л байгаа. Өөрсдийнхөө буусад газрыг танилцуулахад тийм байсан юм. Хамгийн хямд нь гэж ойлгоод байгаа. Газар нутгийн хэмжээ бага учраас талбайг их хэмнэдэг гэж ойлгосон. Хувийн орон сууц үнэтэй учраас хүмүүс ихэвчлэн түрээслэж амьдардаг, зарим нь насаараа түрээслэдэг гэж сонссон. Угтаж авсан хүмүүсийн маань хэлснээр гэр нь бид нарын буудлын өрөөнөөс арай л том бас л давчуу гэсэн. Гэртээ найз нөхдөө урьж хоол унд иднэ гэж байхгүй, уулзалдахаар болуул гадуур уулзана. Бид нар өдөрлөг хийхэд хуучин үйлдвэрүүд байсан гээд нэг хороололд 3 өрөө байрны нэг өрөөг түрээслэж үйл ажиллагаагаа хийсэн. Тиймэрхүү байдлаар залуучууд цагаар түрээслэж уулздаг гэсэн. Гэхдээ гоё гоё барилга, айлын хувийн байшингууд бас олон. Баян хүмүүс тэр их хүн дотор зөндөө л байж таарна. 
Хоолны хувьд дундаж хүмүүсийн гадуур иддэг хоол үнэндээ таалагдаагүй. Томчуултай уулзаж гоё хоолны газар ороход мэдээж сайхан сайхан хоол зөндөө л байсан. Өөрсдийнхөө хэр хэмжээнд тааруулж идэхээр бас л хэцүү. Монгол мөнгөөр бодоход өглөөний хоол 10'000 орчим төгрөгөөр, өдөр оройн хоол 15'000-20'000 орчим төгрөгөөр иддэг байсан. Гэхдээ миний хувьд тэр хоолондоо сэтгэл хангалуун биш. Монголд энэ мөнгөөр бол нилээд боломжийн хоол иднэ. Үнэтэй газруудынх нь хоолыг өөрсдөө төлөөгүй болохоор үнийг нь сайн мэдэхгүй. Хоолонд нь дургүй болохоор түргэн хоол их идэж байсан. McDonalds-ийн хамгийн хямд бургер Монгол мөнгөөр 4200төгрөг, дээрээс нь шарсан төмс, кола юмуу спрайт дагалдаж ирнэ. Гадуур зарж байгаа цэвэр ус ч эндэхдээ харьцуулахад үнэтэй, жижиг ус 1500-2000 төгрөг байх жишээтэй. Гэхдээ юм болгон нь Монголтой харьцуулахад үнэтэй байгаа ч тэндээ мэдээж орлого нь ч тэрэнтэйгээ дүйцэхүйц байдаг байх. Би мэдээж тэндээс биш эндээс олсон орлогоороо явж байгаа учраас ингэж тооцоолоод байгаа хэрэг. Гудамжны хоол ч бас миний идэх хоол биш байна лээ. Гудамжны гэдэг нь гудамжинд зарж байгаа шууд аваад идэхэд бэлэн, хайрсан хуурсан шарсан жигнэсэн төрөл бүрийн хоол. Хонгконгийг гудамжны хоолоороо алдартай гэдэг. Дуртай хүмүүс бас зөндөө л байх. 
Дэлгүүрийн хувьд ёстой төрөл төрлөөрөө, шоппинг хийхэд зориулсан хот уу гэмээр л. Бүх л брендийн албан ёсны том том дэлгүүр. Хэдэн гудамж тэр даяараа дэлгүүрээр дүүрэн. Цаг завтай, мөнгө ихтэй, дэлгүүр хэсэх хоббитой хүний ёстой очиж баймаар газар.
Хүний хөдөлгөөн мэдээж маш их, гудамжаар холхилдсон их хүн. Зарим явган хүний гүүрний 2 талаар толгойгоо алчуураар боосон Пакистан ч гэдгиймуу хаанахынх юм бүү мэд тийм хүмүүс юм дэвсээд тойроод суусан байна. Уулзалдаж байгаа нь л тэр юм байх, энд тэнд орвол үнэтэй учраас. Гуйлга гуйж байгаа хүмүүс ч хаа нэг харагдна. Сөхрөөд залбирч байгаа юм шиг л хэвтсэн байна. Бас гудамжинд хүмүүнлэгийн ажилд тусламж эрсэн хүүхдүүд тааралдна, тусламж үзүүлэхээр нэг шошго шиг юм хувцсан дээр нааж өгнө, тэр нь туслалцаа үзүүлсэн гэдгийг илэрхийлж байгаа юм гэсэн. За согтуу хүнтэй бол таараагүй юм байна. Аан харин орой ууж иддэг шоуддаг газар нь очиход мэдээж байна. Зөвхөн эрэгтэй хүмүүс ороход зориулсан газар ч байна. Тэрнийх нь үүдэнд богино юбкатай, өндөр өсгийттэй, гуяа гялалзуулсан хүүхнүүд урьж дуудаад зогсож байна. Тиймэрхүү газрын гадна шалдан хүүхнүүдийн зураг энэ тэр байх жишээтэй. Тэгээд бодохоор нилээд задгай санагдсан.
Монголд хэрэгжээд байгаа тамхины хууль шиг тийм хууль бас үйлчилнэ ээ. Миний ойлгосноор бараг дээрээ дээвэртэй газар бүрт л татаж болдоггүй санагдсан. Мэдээж энд тэндгүй хориглосныг анхааруулсан тэмдэг байх ба зөрчвөл торгууль нь 5000HKD байна. Энэ нь Монгол мөнгөөр сая төгрөг шүү дээ. 
За тэгээд газраар битүү зам засцан, шороотой газар нь битүү мод цэцэг тарисан, дээрээс нь тийм чийглэг газар чинь тоос шороо гэж байхгүй гутал шороо болохгүй, хэвтээд босоод ирсэн ч халтар болохгүй нь сайхан юм билээ. Моднууд нь янз янзын гоё гоё харж үзээгүй моднууд их байна аа. Дээрээс нь бас пайз зүүцэн, бодвол нэр ус, нас хүйс нь л байдаг байх. Гоё гоё өнгийн цэцэгнүүд ч хаа сайгүй, том том сарнайнаас авахуулаад. Газраар нь хог харагдахгүй. Харин зарим газар балиар үнэр үнэртэнэ. Хуучин үйлдвэр байсан газар, бас зарим гудамжны хоолны үнэр тэгж үнэртэнэ. Мод ихтэй мөртлөө яагаад ч юм агаар нь тийм цэнгэг санагдаагүй. Манайд ой модтой газар ямар байдаг билээдээ яагаад ч юм тийм биш санагдсан. Манан ихтэй. 
За тэгээд очсон хүмүүс алдарт Disney Land, Ocean Park, Peak зэрэгрүү очдог юм билээ. Бидний хувьд Ocean Park орсон. Ороход 210HKD төлөөд бүх тоглоомондоо дугаарлаад тоглоно.  Мөн Peak-рүү гарч үзсэн. Хонгконгийг бүхэлд нь дээрээс харна гэсэн үг. Бас далайн эрэг дээр шорлог хийж иддэг зориулалтын газар очиж шорлог хийж идсэн.
За за Хонгконг нэг иймэрхүү, өөр зүйл бичих гэсэн чинь залхуу хүрчихлээ. Ямар ч гэсэн нэг удаа яваад ирэхэд зүгээр л газар юм байна лээ шүү. Энэ зөвхөн эхлэл нь. Дараа зөндөө олон гоё газарлуу явж, олон зүйлийн талаар та нартаа хүргэх болно оо. 

Comments

Popular Posts