Хийх ёстойг биш хийхийг хүссэнээ...
Өөрийнхөө амьдарч байгаа байдлаа эргэцүүлж харлаа... Саяхан их сургуулиа төгссөн, сургуульдаа мэргэжлээрээ ажиллангаа мастерт сурч байгаа, аав ээжийн тусламжгүй амиа аргацаагаад явж байна. Ингээд бодохоор хүнээс дутахааргүй болоод байгаа мэт боловч надад ер нь хүнээс илүү гараад байх юм юу байгаа юм бэ? Бусдаас илүү мэдлэг чадвар гээд байх юм байхгүй, тусламж гуйхгүй ч туслаад илүүчлээд байх юм ч алга, өөрийн гэсэн амьдрах байр, унах унаа ч надад байхгүй, өнөө маргаашаа дутах юмгүй аргалж байгаа ч ирээдүйд бэлдэж хуримтлуулсан юм надад бас л алгаа! Ер нь юуны тулд, юунд зориод, өнөөдрийг би юуны төлөө өнгөрөөгөөд байна? Болно доо болно гээд дуу аялсаар алхаж явтал болгох бүтээх нас минь өнгөрчих юм биш байгаа? Би ер нь өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж амьдарч чадаж байна уу? Үгүй юм шиг ээ. Би хийхийг хүссэн зүйлээ биш харин хийх ёстой гэж бодсон зүйлээ л хийгээд байх шиг... Сургууль төгсөх ёстой учраас, ажил хийх ёстой учраас, амьдрах л ёстой учраас өөрийн хийхийг чин сэтгэлээсээ хүссэн биш, үүнийг хийвэл би хүнд муу харагдахгүйгээр, өлсөхгүйгээр амьдарч чадах учраас л би энэ бүхнийг хийгээд байх шиг... Энэ хийж байгаа зүйлээсээ би баяр баяслыг мэдэрч чадаж байна уу? Хүн ганцхан амьдардаг учраас амьдралынхаа хором бүрээс аз жаргалыг, баяр баяслыг, сайхан бүхнийг мэдрэхийг хичээх ёстой биш гэж үү? Харин би тэр үнэт хором бүрийг нэгэн хэвийн дундуурхан амьдралаар өнгөрөөгөөд алдаад байх шиг. Би юунд зорино вэ? Би юуны төлөө амьдрана вэ? Би хаанаас аз жаргалыг мэдрэх вэ? Би юуг хүснэ вэ? Хийх ёстой болгоныг биш хийхийг хүссэн зүйлээ хийж амьрамаар байна...
Comments
Post a Comment