Талархал дүүрэн

37 насны босгон дээрээс (өндөрлөгөөс ч юм уу 😅) бичиж байна. Нэг бичвэр оруулъя гээд амжихгүй л яваад байлаа. Жилийн яг энэ үе манайхны хувьд нилээд завгүй болж өнгөрдөг юм. 10 сард хадам ээж хил тойрохоор Бали явж ирээд, эхлээд манай ангийн хүүхэд, дараа нь нөхрийн найз Монголоос ирээд, залгаад дунд хүүгийн, дараа нь миний, өнөөдөр бага хүүгийн төрсөн өдөр болж байна. Өнгөрсөн долоо хоногт Сидней нисчихээд ирсэн бол өнөөдөр өглөө нөхрийгөө өөр хотруу ажиллахаар явахад нь онгоцны буудлаас гаргаж өглөө. Төрсөн өдөр, онгоцны буудал хоёрын хооронд өдөр хоногууд өнгөрч байна даа 🎂🛫🎉

Өө тэрнээс өмнөх хэсгийг ч бичээгүй байна. Ерөөсөө 1 сард энд нүүж ирэхдээ нисэх онгоцны буудал дээр буусан цагаас эхлээд л хүн тосох, гаргаж өгөх, өөрөө явах, ирэх, баяр тэмдэглэх гээд тасраагүй юм байна. 

2 сард цагаан сараа хийчихээд, 3 сард хадам ээжийг гаргаж өгөөд, дараа нь өөрийн ээжийг тосоод, 4 сард Сиднейгээс хэсэг найзууд ирээд, 5, 6 сард нөхөр болон том хүүгийнхээ төрсөн өдрийг хийчихээд, ээж, бага хүү хоёртой Монгол яваад, 7 сард Монголоос ирээд, хадам ээжийг тосоод, 8 сард бага хүүгийнхээ үсийг авч, Сиднейгээс найзууд бөөндөө ирээд бужигнасаар явсан. 

Одоо энэ оны үлдсэн нэг сар хагаст лав л 7 удаа нисэх онгоцны буудал орох ажил байна аа 😅

Өөр хотод нүүж ирсэн болохоор олон найз нөхөд байхгүй, төрсөн өдрүүд гэр бүлийн хүрээнд цомхон болж байна. Гэхдээ дандаа гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай, хайр дүүрэн болж байгаад маш талархалтай байгаа. Би л гэж нэг дураараа амьтан төрсөн өдрийнхөө маргааш гэнэт шийдээд Сидней явчихаад ирсэн. Нилээд хэсэг бодож байсан ч шийдэж чадахгүй байсан юм. Энэ жил ийш тийшээ нисэж бууж, аялсан жил болох байх аа 😇

Монгол явж ангийнхаа төгсөлтийн ойд оролцоно гэхэд тэг ээ л гэж байдаг, Сидней явж найзуудтайгаа уулзана гэхэд тэг ээ л гэж байдаг ийм сайхан ханьтайдаа бас талархаж байна аа 🥰 Ингээд бодохоор би бас жоохон эрх юм уу. Арыг минь даагаад үлдэх хадам ээж, ханьтай болохоор санаа зовох юмгүй яваад ирдэг дээ. 

Энэ их бужигнаан дундуур энэ жил үнэндээ ажлаа жаахан орхигдуулаад байгаа тал бий. Гэхдээ далайн эрэг дээр найзуудтайгаа коктейл шимэнгээ ажлаа хийх боломж олгодог, цаг нарыг минь цагдаад байдаггүй, уян хатан сайхан ажилдаа мөн талархаад баршгүй ээ. 💻🍸🌅 Одоо илүү хичээж ажиллах болно оо. 

Аав нь өнөөдөр нисэх байсан учир хүүгийнхээ төрсөн өдрийг өчигдөр гэртээ даруухан тэмдэглээд өнгөрсөн. 2 жилийн өмнө өдийд жижигхэн хүүгээ анх удаа тэврээд сууж байжээ. Цаг хугацаа хурдан юм аа. Хөдөлгөөн, ааш нь дийлдэхгүй сэргэлэн, ухаантай сайн хүү өсөж байгаа 🥰 

Аав ажиллахаар явсан учир гэрийн ихэнх ажил ээжийн хариуцлага доор үлдсээн. 2 хүүхдээ давтлага, дугуйланд нь зөөнө, гэрийн хүнс хэрэглээ цуглуулна. Гэхдээ эмээ байгаа болохоор бас л маш том ханьтай байгаа гэсэн үг. Биднийхээ ажил амьдралд туслаад хаа байсан энд олон сараар ирээд байж байгаа ханийнхаа ээжид бас талархаж явдаг даа. 

Гэнэт л яваад очлоо гэхэд нэг ч хүн үлдэлгүй бүгдээрээ гараад ирдэг, байгаа хугацаанд минь төлөвлөөгүй цагаа надад зориулсан хөөрхөн найзууд бас байна аа. Хүний газар нэгэндээ түшигтэй, баяртай, зовлонтой бүх л үед хамт байдаг та нартаа бас талархаж явдаг даа.

Талархал дүүрэн тэмдэглэлээ дуусгаж чадалгүй, бичиж эхэлснээсээ 4 хоногийн дараа дуусгах гэж байна. Зөндөө талархах зүйл байгаа ч одоо дуусгахгүй бол дахиад хэд хоног үргэлжлэхийг би таашгүй ээ. Баярлалааа 💖. 






Comments

Popular posts from this blog

Ногоон нүдэн лам

Найз нартаа зориуллаа

Жинхэнэ эр хүний 10 шинж