Влог нээснээс 16 жилийн дараа...
Миний цонхон доогуур хүмүүсийн урсгал урсана
Алдаа оноог дэнслэн амьд симфони эгшиглэнэ...
Ооё, цонхоор хүмүүсийг хараад сууж байсн чинь гэнэт хаанаас ч билээ, хэзээ ч билээ цээжилсэн үг орж ирээд... Би ер нь энэ тэндээс элдэв юм олоод цээжилчихдэг хүүхэд байжээ, тэгээд зарим нь цээжинд үлдчихдэг юм байна. Арван жилд байхад, сонгуулийн жил, гэрт тарааж өгдөг сурталчилгааны сониноос нэг улс төрчийн шүлэг таалагдаад цээжилж байсан юм. Одоо хэн гэдгийг нь ч санах юм алга. Харин шүлэг нь тэр чигээрээ цээжинд байж байх юм. Увсын нөхөр байсан бололтой.
Тэсийн голын урсгалд илүүлсэн
Элсийн чинээ цэгээн чулуу
Ээрэм талын зэрэглээнд торолзсон
Эцгийн буянт цагаан өргөө
Ахан дүүсээрээ цуварч боссон
Анхны мөр хадгалсан хэвлий
Миний аавын бурхад өмөөрдөг
Мэлмий тэлсэн мөнхийн өргөө
Одоо хартал сүрхий л үгтэй шүлэг байж. За тэр яахав. Үе үе би өмнө нь бичиж байсан бичвэрүүдээрээ хэсүүчилж, өөрийнхөө өмнөх үеийг эргүүлэн дурсдаг юм. Тэгээд сая хэд хэдэн бичвэр уншлаа. Зарим дээр нь инээж, зарим дээр нь нулимс цийлэгнэж байна. Сайн муу бичсэндээ биш, тухайн үеийн мэдрэмжийг эргэн санаж мэдэрсэндээ юм уу даа. Хорихон настай залуу өөрийгөө юу бодож, мөрөөдөж, юунд шаналаж, юунд баярлан догдолж, яаж амьдарч байсан талаар эргэн унших нь би хаанаас хаа хүрч байгаа вэ, хэн байсан бэ, одоо хаана явна гэдгээ эргэн нэг харах боломж олгодог, бас тэр үеийн өөртэйгээ хэсэгхэн зуур уулзаж өөрийгөө хайрлах мэдрэмж авдаг юм уу даа. Тэгээд эцэстээ бичиж байх нь л зөв юм байна гэсэн дүгнэлтэнд дандаа хүрдэг. Тиймдээ ч бичсээр л байна.
Зарим хэсэгт өөрөөсөө ичиж, зарим хэсэгт харин бахархаж, зарим хэсэгт нь өрөвдөн хайрлаж уншлаа. Анх бичиж эхэлснээс хойш 16 жил өнгөрсөн байна. Хүнээр бол миний влог насанд хүрч байгаа юм биш үү. Яг найман жилийн өмнө, влогоо нээгээд 8 жил болсон талаараа бичжээ. 20 настай өөрийгөө өхөөрдөж залуу байснаа дурсжээ. Гэтэл дахиад нэг найман жил өнгөрсөн байна. 28 настай үе минь хичнээн залуухан, бас л хүсэл мөрөөдөл дүүрэн байсныг харлаа. Цаг хугацаа гэж хурдан юм аа. Хичнээн ч их зүйл өөрчлөгдсөн юм дээ. Дараа, магадгүй дахиад найман жилийн дараа энэ үеийг хайрлан хайрлан бичих биз.
16 жилийн өмнө, бүх зүйлийн талаар сонирхож, сэдэв бүрээр бичиж, бүр өөрөө шүлэг зохиож, янз бүрийн зөвлөгөө, ухаантай үгс, номын тэмдэглэл, мэргэжлийн зөвлөгөө, эрүүл мэнд, аялал гээд ер нь бичихгүй зүйл ч гэж алга, завтай ч байж. Яг юу хүсэж тэмүүлж байгаагаа мэдэхгүй ч, залуу бас завтай байгаа дээрээ алаад өгье, ураад өгье гэсэн бөөн эрч хүч, бас би юм чинь угаасаа чадна гэсэн бөөн итгэл, зориг байжээ. Хааяадаа би юу ч чадахгүй, би хамгийн мяа нь гээд бас эморчихно. Хайрын тухай шүлэг, бичвэр дүүрэн. Ид дурлаж, дурлуулж, хаяж, хаягдаж явсан үе шүү дээ. Эхэндээ сардаа хэдэн арваар нь пост оруулдаг байснаа жил ирэх тусам багасаад л, гэр бүлтэй болох үеэс эхлээд жилдээ арав хүрэх үү үгүй юу бичвэр оруулдаг болжээ. Илүү их сурах, хөгжих, явах ёстой гэдгээ л мэддэг байж.
8 жилийн өмнө, хоёр хүүгийн ээж болсон, ажил амьдрал дээр гарсан, харьцангуй юу хүсээд байгаагаа мэддэг, том хүн болсон, амьдрал буцалсан үе байжээ. Яг Австралируу ирсэн үе байж. Төвлөгөө гаргаж, дүгнэлт бичиж, үр бүтээлтэй байх гэж хичээсэн, зорилгодоо хүрэх гэж тэмүүлсэн бас нэгэн эрч хүчтэй он жилүүд. 20 настай үеэ бодвол илүү прагматик гэх үү. Шүлэг бичих нь багасч, бусад ухаантай үгс, зөвлөгөө алга болж, ном унших ч завгүй болж. Явсан, үзсэн газруудын сониноо бичиж, эхлээд сурах мөрөөдөлтэй тухайгаа, харин дараа нь мөрөөдлийн сургуульдаа орж хэрхэн сурч байгаагаа, ирээд хүүхдүүдээ санаж, авчрахыг хүсэж байгаагаа, дараа нь хүүхдүүдээ болон аав ээжүүдээ авчирсан тухайгаа гээд л мөрөөдсөн, мөрөөдлөө биелүүлсэн он жилүүд байжээ. Хааяа бас л эмордгоороо эморчихноо. Хайртай хүмүүс минь өвдсөн, биднийгээ орхин одсон, эрээнтэй бараантай ч цаг хугацаа байж. Нас нэмэгдэхийн хирээр ийм зүйлстэй илүү нүүр тулах хэрэгтэй болдог юм болов уу даа.
Одоо.. одоо би гурван хүүгийн ээж. Австралийн хамгийн томд орох компаниудын нэгт сурч төгссөн мэргэжлээрээ ажилладаг. Дахиад л нэг мөрөөдөл минь биелсэн. Үргэлж л мөрөөдөж, шинийг эрэлхийлдэг хэвээрээ. Одоо би илүү их аялахыг, илүү баян болохыг, миний төлөө мөнгө ажиллаж, би өөрөө түүнийг нь зарцуулж амьдрахыг мөрөөддөг😁. Өөрөө сурахаас илүү гурван хүүгийнхээ сургууль, ирээдүйн төлөө санаа чилээдэг болсон. Ирээдүйн амьдралаа санхүүгийн хувьд хэрхэн тогтвортой, эрх чөлөөтэй болгох уу, хэрхэн хувийн бизнестэй болж надтай надгүй мөнгө дансруу ордог болох уу гэж толгойгоо гашилгаж байна. Монголруугаа буцах талаар, очоод хаана амьдрах, хүүхдүүдээ хаана сургах, ямар ажил бизнес хийх, хэрхэн амьдрах, тэгээд илүү их аялах тухай гээд амрах завгүй л толгойгоо ажиллуулж байгаа.
Магадгүй, дахиад найман жилийн дараа өнөөдрөөс хойш юу өөрчлөгдөж, бид юунд хүрсэн байгаа тухайгаа, миний мөрөөдлүүд хэрхэн биелсэн тухай бичих байх. Тэр бичвэрийг ямар байх бол хэмээн тэсэн ядан хүлээж байна 😄
Comments
Post a Comment