Монгол яваад ирлээ
Заа 2 жил гарны дараа дахиад Монгол яваад ирсэн тухайгаа бичнэ ээ. 2024 онд гэр бүлээрээ цагаан сараар буюу өвөл явж байсан бол энэ удаа наадам буюу зун, бага хүүтэйгээ явж ирлээ. 8 жилийн дараа Монголынхоо зуныг үзлээ гэсэн үг. Шинэ хүүхдээ уулзаагүй хүмүүстэй нь уулзуулангаа, арван жилийн сургуулийнхаа төгсөлтийн 2О жилийн ойд очихоор явсан юм.
Явахаасаа өмнө хүү бид 2 хөхнөөсөө гарч авсан. Нэгт, орой заавал хөхөө хөхөж унтаад бас шөнө их сэрж хөхөөд намайг ядраагаад байсан, хоёрт, очоод хоногоор орхиж явах учир эртхэн мөөмгүй унтдаг болгоё гэж бодсон юм. Ганц удаа юм (vegemite - уг нь бөөн витамин л даа, гэхдээ онцгүй амттай ) түрхээд, баба гэж хэлээд дахиж хөхөө идээгүй хөөрхий минь. Гэхдээ шөнө унтаж чадахгүй эхэндээ жоохон хэцүү байсан. Байн байн сэрээд, аав бид 2 нь ээлжээр босч бүүвэйлж унтуулаад л, 3 дахь хоногоосоо ер нь дажгүй болоод ирдэг юм байна лээ. Гэхдээ одоо ч гэсэн шөнө хааяа хааяа сэрж бүүвэйлүүлдэг. Яагаад байдаг юм бүү мэд. Одоо мөөмөө харахаараа үнсээд л, илээд л, амандаа хийж үзээд инээгээд байдаг, гэхдээ ерөөсөө хөхдөггүй. Сонин, тэгээд хөхөхөө мартчихдаг юм байх даа.
За тэгээд бүгдийг дэлгэрэнгүй бичвэл угаасаа дуусахгүй. Гол highlights-аа бичих гээд үзье.
Явах, ирэх нислэг - за явах нислэг бол үнэхээр их ядраасан. Хүү 2 хүрээгүй болохоор тусдаа суудал аваагүй, өвөр дээр явсан. Суудал хооронд зай багатай, урт нислэгт хүүхэд өвөр дээр явна гэдэг ёстой хэцүү юм байна лээ. Унтах гээд, халууцаад, чихэлдээд. Ээж хажууд байсан ч тэрэн дээр яаж ч туслаж чадахгүй. Дээрээс нь гар тээш ихтэй. Нислэг хоорондын хүлээлэг, онгоцонд бууж, суух гэж үнэн лай. 2 дахь нислэг дээр нь хамгийн урд талын суудал байсан (нэмж төлөөд суудал сонгосон) болохоор урдаа овоо зайтай, хүүхэд чөлөөтэй хөдлөөд, ээж өөр газар суусан ч нэг Монгол эгч хажууд суучихсан тустай байсан. Гол нь хүү бууна гээд, тэгтэл онгоц чичиргээтэй бүсэд орчихсон заавал бүсээ зүүгээд суу гээд тэр дээр бас жоохон алаан болсон. За буцаж ирэх нислэгт хоёулхнаа бүр яана аа гэж айж байсан ч санасныг бодоход давгүй. Хэцүү гэдгээ мэдээд, гар тээшээ аль болох багасгасан. Эхний нислэг хүргэн дүүгийн ачаар бизнес класст тухтай сууж ирээд, 2 дахь нислэг нь мөн урд талын суудал, тэгээд урд нь хүүхэд унтах ор засч өгсөн. Миний хүүд жоохон жижигдээд байсан ч их тустай байсаан.
Шинжилгээ - За очмогцоо бүх юм эхлэхээс өмнө шинжилгээ өгье гээд Сонгдод багц шинжилгээ өгсөн. Харьцангуй эрүүл байсан. Ходоод дурандуулсан чинь 2 жилийн өмнөхөөсөө ч аятайхан байсан. Жоохон сөөргөө, зүрхний хэм алдалт, тэгээд шулуун гэдэсний дурангаар нэг ургацаг байсан. Ойролцоогоор 1.3 сая орчим болсон байх аа. Нарийн санахгүй байна. Эмэгтэйчүүдийн, бас шүдний эмнэлэгт үзүүлж амжсангүй.
Хорин жилийн уулзалт - Монгол явсан гол шалтаан. Яг тэр өдрийнх нь өглөө цас хүртэл ороод жоохон хүйтэн байсан ч цаг агаараас шалтгаалсан нээх хэцүү юм байгаагүй. Дулаан байсан бол илүү тухтай байх байсан байх л даа. Өмнөх орой нь ангийн хүүхдүүд хотоос ирээд, бас нэгнийх нь төрсөн өдөр гээд нэг газар уулзацгаасан. Ойн өдрөө өглөө ангидаа уулзаад ангийн багш дурсамж хичээлээ заасан. Ангийнхаа нэг хүүхдийг алдсан болохоор эмгэнэл илэрхийлээд, дурсах болгондоо уйлсан уулзалт байлаа. Манайхаас гадна хамт төгссөн 5 анги бас ойгоо хийсэн. Зөндөө их зураг авахуулаад, сургуулийн цайны газар хуучнаа дурсаж ороомог, гөөхий, үзэмний шүүс зэрэг өглөөний цай уугаад, урлаг зааланд нэгдсэн нэг уулзалт хийгээд анги ангиараа явсан. Манай ангийнхан шууд автобусандаа суугаад амралтын газарлуугаа явсан. Амралтын газар зөвхөн манай ангийнхан л байсан. Орой нь тэндээ хүлээн авалт хийж, хөтлөгч дуучид ирээд, дуулж бүжиглэсээр тэр өдөр өнгөрсөн. Маргааш өдөр нь яг тэр гэхээр юм хийгээгүй, уух нь ууж, унтах нь унтаж, шартах нь шартаж, цай хоолон дээрээ цуглаад орой болсон. Орой гадаа саравчинд нэг боодог задлаж түүнийгээ тойрч, дурсамж хичээл дээр бусаддаа бичсан захиануудаа задлаж уншаад, уйлж дуулж ууж идээд, бас салют буудуулсан. Түүний маргааш нь өглөөний цайгаа уугаад автобусандаа суугаад гэр гэрийн зүг явсан даа. За товчхондоо ийм. Ангийнхантайгаа уулзах мэдээж гоё байсан. Хөвгүүд ихэнх нь жоохон бүдүүрсэн байсныг эс тооцвол манай ангийнхан яг л хэвээрээ мэт. Охидууд бүгд л гоёороо байна лээ. Ганц дутуу санагдсан юм нь ихэнх хүмүүстэй гоё халуун яриа өрнүүлж чадаагүй, зарим хүмүүсийг юу хийдэг, яаж амьдарч байгааг мэдэж амжилгүй өнгөрсөн. Эрдэнэтээс явахын өмнө ангийн хэсэг хүүхдүүдтэй уулзаж хамт өдрийн хоол идэж, орой нь нэгнийдээ суугаад, хотод нэг хүүхэд Дэд хурандаа цол авсан гээд орой нь бас хэдүүлээ уулзаад, бүр баранд орчихоод харисан байдаг. Явахаасаа өмнө багштайгаа уулзана даа гэж бодсоор амжсангүй дээ.
Гэр бүлийн аялал - За Монгол явсныг утга учиртай болгосон бас нэг highlight нь энэ байлаа. Аав, ээж, эгч, тэгээд эгч бид 2 нэг нэг хүүтэйгээ, аав ээжийнхээ нутгаар очиж, өвөө болон хамаатнуудтайгаа уулзаж хамтдаа аялсан. Бид хэд хотоос эхлээд замдаа Өвөрхангайгаар дайрч Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд үзээд цаашаа явж гэр буудал авч хоносон. Маргааш нь Архангай аймгийн төв орж өвөө дээрээ очсон. Булган ууландаа очиж мөргөөд, орой нь үеэлүүдтэйгээ гадуур буу халж суугаад тэднийгээ том болсныг мэдлээ бас. Маргааш нь аавтай хамт эмээгийнхээ газар дээр очоод (эгч бид 2 анх удаа), бөөндөө голын эрэг орж хорхог хийж идээд, орой нь АРА фестивалын нээлт дээр очсон. Нээлт нэг их гоё болоогүй ч бид хэд үеэл дүүгийн 3х3 сагсны тэмцээн үзээд (сурагч байхдаа ангийнхаа хөвгүүдийг дэмждэг байсан үе шиг гоё санагдсан), дараа нь асарт очиж нилээд бүжиглэж байгаад харисан. За маргааш нь цаашаа Тайхар чулуу орж хүүтэйгээ морь унаад, Чулуутад байдаг үеэлийнхээ нээж байгаа амралтын газар очсон. Зам нь жоохон бартаатай боловч амралт нь ёстой тасархай байгальтай, гоё газар байдаг юм байна дээ. Тэндээ орой нь дуулж хуурдаж, амарч хоноод маргааш нь цаашаа Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур орчихоод оройдоо буцаад аймгийн төвдөө ирсэн. Ингээд амарч аваад маргааш нь буцах замдаа гарч оройдоо гэртээ ирсэн дээ. Ойрд уулзаагүй хамаатан садантайгаа уулзаж, гэр бүлээрээ аялсан сайхан аялал байлаа. Явахынхаа өмнө хотод очоод бас 2, 3 хамаатныхаар ороод гарснаа энд багтаачихъя.
Найзууд - Эрдэнэтэд очоод эмч найздаа эрхэлж хэдэн өдөр эмнэлгээр нь эргэлдэж ажлыг нь алдуулсан даа. Массажны орон дээр хэвтэж, тархины цахилгаан эмчилгээнд орж, найзаараа зүү тавиулсан. Хажуугаар нь кофе ууяа, хоол идье, нэг мөр тарахаар нь хамт явъя, зайрмаг идье, орой гарч шоудая гээд зүгээр байлгаагүй ээ. Тэгээд хоёулаа багш найзыгаа дуудаад гурвуулаа нэг орой гоё шоудсаан, нар угтсаан. Багш найзтай тусдаа бас нэг гоё гарсан (эмч мурисан), анх уулзахаар ирэхдээ надад хөөрхөн цэцэгтэй ирсэн нь намайг явтал амьд байсан. Ингэе тэгье гэхээр л яах уу ийх үү гээд гараад ирдэг хөөрхөн найзууд байна. Гурвуулуу гурван бага хүүгээ авч гарч хамт салхилуулсан бас. Хотын банкир найзтай хотод шоудна гээд яриад яриад чадаагүй ээ. Эхний удаа уулзаад үсчин ороод, гараад хамт нилээд удаан байсан ч би маргааш нь шинжилгээ өгнө гээд туулга уучихсан гээд юу ч идэж ууж чадаагүй ээ. Маргааш нь дахиад уулзаад гадуур гарсан ч би орой нь бас Эрдэнэт явна гээд тухтай тултал явж чадаагүй ээ. Дахиж хотод ирээд өдөр уулзаж кофе уугаад, орой болтол гадуур хэд хэдэн газар суусан ч, аав ээж Эрдэнэтээс ирж яваад машин нь эвдрээл бид 2 бас л тултал гарч чадаагүй ээ хаха. Эргэж ирээд Playtime хамт явна гэсэн ч би ирж амжаагүй ээ... Наадмын үеэр очоод яг хамт гаръя гэтэл түүний минь "лагшин тааруу" уулзаж чадаагүй ээ. Ингээд эцэст нь бид Эрдэнэт хотдоо уулзаад багш найзын хамтаар гурвуулаа (эмч найзын ээлжит мурилт) Тайга фестивал явсан байдаг юм аа. Багш найз баахан юм бэлдчихсэн, замдаа шууд ширээ засаад цуйван, цай, салат, жимс, юу юу байсан бэ, ёстой хөөрхөн. 2 жилийн өмнө ирээд эмч найзтай гурвуулаа амралтанд явахад бас яг ингээд баахан юм бэлдчихсэн гоё ширээ засаж билээ. Тэр жил 2 найзынх нь бэлэг гээд амралтын хамаг зардал дааж байсан чинь, энэ жил банкир найз тэр 2 бас л бэлэг гээд бүгдийг нь даачихсан. OMG, найзууддаа эрхэлж байгаад ирсэн байгааздээ. Ганц дутуу байсан юм гэвэл яг дөрвүүлээ хамт гоё тухтай уулзаж чадсангүй дээ. За яахав, зөндөө уулзана даа.
За ингээд бараг болчихож байгаа юм биш үү. Өөр нэг их юм санаанд орохгүй байх юм. Жижиг сажиг тоочвол гэхдээ гоё, муухай зөндөө л юм байгаа л даа. Аав ээжтэйгээ наадам үзнэ гэж зорьж амралтаа зохицуулсан боловч Эрдэнэтийн 50 жилийн ой болоод наадам нь намайг буцаж ирсний дараа болсон. Улсын наадмын билет авч чадаагүй болохоор аав ээж очоогүй, би хадмуудтай наадах гээд очсон боловч яг наадмын өдөр харамсалтай осол болж хадмын талд ажил явдал гараад хүү бид 2 нэг өдөр хоёулхнаа өнжөөд маргааш нь Эрдэнэт буцсан.
Эрдэнэтээс хотруу 2 удаа вагонаар явсан. Ганцаараа явахад битүү унтаад сайхан явсан, дараа нь хүүтэйгээ явсан чинь хүү унтахгүй тэрүүгээр хэсээд намайг жоохон чангалсан. Гадны аялагчид гал тэргээр их явж байна лээ. Монголд ер нь Хятад, Солонгосууд их харагдаж байна лээ. Хотод модны цагаан хөвөн хийсээд, түгжрээд, шороотой эхэндээ онцгүй байсан чинь сүүлд наадмын үеэр очиход хүмүүс бага, сэлүүхэн аятайхан байсан. Чемоданд хамаг хувцсаа хийсэн, явуулын хүн болохоор нааш цааш байнга яваад, жоохон тухгүй байсан. Тэгээд аав ээжийнд ч, хамдынд ч яг өөрийнхөөрөө байж чадахгүй, тултал гадуур явж чадахгүй, явахаараа тухтай шартаж чадахгүй л байлаа даа.
Өмнө ч тэр, сая ч тэр, яг цагаан сар, наадам гэх мэт амралтын үеэр очихоор хүмүүс амраад, ийш тийшээ яваад, ажил төрөл амжуулахад жаахан хэцүү болчихдог. Давуу тал нь хамаатан саднуудтай уулзах боломж сайн гардаг юм уу даа. Эхлээд очиход бүх юм гэх үү айл гэх үү сонин жижиг давчуу санагдаад байснаа удалгүй дасчихсан. Хүүхдийн сургууль, байр авах байршил жоохон сонирхож байгаад ирсэн. Маш их байр баригдсан, мөнгөтэй бол сонголт ихтэй л байна лээ. Бас маш их хувийн сургуулиуд байна лээ.
Эгчтэй хамт саунд суусан, тэр нээрэн гоё байсан. Бүр тухтай бүтэн өдрөөр дахиад тэгж явмаар байна. Замын хамаг шорооноосоо салаад ариусах шиг л болсон хаха. Бид 2 баахан бичлэг хийсэн, гэхдээ нийлүүлж янзлахаас залхуураад л яваад байна. Аа бас эгчийн нэрээр нэг гоо сайханд орсон чинь массаж энэ тэр хийгээд тэр бас гоё байсаншдээ. Монгол тиймэрхүү үйлчилгээнүүд энд байдгаас илүү чанартай, хүмүүс нь сэтгэлээсээ хийдэг юм шиг санагдсан. Хумсаа янзлуулсан, тэр хүртэл энд ордгоос хамаагүй чанартай гоё болсон, эгчийн найз байсан л даа.
Хүү маш сайн яваад ирсэн. Ханиад, харшил, гэдэс гүзээ гэх мэт ямар ч асуудал гараагүй. Хонины гэдэс, адууны мах идээд явсан ч яагаачгүй. Машинд явахаараа суудал байхгүй болохоор дандаа өвөр дээр явсан. Машины руль барина гээд урагшаа дайраад байдгаас бусдаар машинд маш сайхан унтаад яваад байдаг хүүхэд байна лээ. Хол замд яах бол гэж айж байсан чинь ёстой яагаа ч үгүй. Өвөө, эмээ нь бөөн хайр. Үлдээчих л гээд байсан. Эндээс аав нь санаад юун үлдээх. Бид хоёрыг айлын машинд сууж явах зуур манай машин сарлагын тугал мөргөсөн байдаг. Тугал болон хүмүүс зүгээр, машины урд хэсэг жоохон эвдэрсэн. Буцаж байхдаа даваагаар давж явтал багажны түгжээ эвдрээд аяллын хэрэгслээ хаясан байдаг.
За тэгээд уулзая гэж ярьсан нилээд хэдэн хүмүүстэй уулзаж амжсангүй ээ. Энд хамт амьдарч байсан гэр бүлийн найзууд хүүхдүүдтэйгээ Эрдэнэтэд (аав ээжийг бас энд байхдаа танидаг болсон) гэрт ирээд уулзаад явсан. Энд хамт ажиллаж байсан эгчтэй хотод нэг кофе уусан, Монголд хамт ажиллаж байсан охин бас ирж уулзаад кофе уугаад, маникюрт орох зуур намайг хүлээж байгаад, хамт хоол идээд, гэрт хүргэж өгөөд хөөрхөн байсан. Их сургуулийн найзуудаас Солонгост байдаг найз бас ирсэн байсан, тэгээд Монголд байдаг найз бид 3 уулзаад нэг орой сууж жаал буу халсан. Бүр тухтай уулзах байсан юм.
За уулзсан хүмүүс, хийсэн зүйлүүд товчхондоо эсвэл дэлгэрэнгүйдээ ч юм уу ийм байна аа. Өмнө нь зургаан жилийн дараа ирэхэд бүх юм илүү шинэ, сонин гэх юм уу тийм өөр байсан. Сая очиход тийм зүйл харьцангуй бага байлаа. Удаад ирэхээр уулзах, таних хүн ч бага болсон байдаг юм байна, зарим нь бүр байхгүй болсон байдаг юм байна аа. Буцаж гэртээ ирэх мэдээж гоё байлаа. Сэтгэл санаа, амьдрал ахуйгаа бүгдийг нь сайтар бэлдээд, эндээ үлдсэн хугацаагаа аз жаргалтайгаар мэдэрч байгаад, удахгүй эх орондоо очиж амьдарна даа.
Comments
Post a Comment