Жижигхэн эмэгтэй

 Өглөө хоёр томыгоо хичээлд нь бэлдэж явуулчихаад, өөрөө ажилдаа явах гээд бэлдэх үед хүү надтай зууралдаад байхаар би өөрийн эрхгүй бухимдаад эхэлдэг юм. Тэгмэгц ээж ирээд “алив хоёулаа тоглоё, юу идэх үү” гэх мэт хүүтэй яриад цааш нь дагуулаад явна. Би тайван цайгаа уугаад, өдрийн хоолоо бэлдэж дуусаад, ээжийг мөн цайгаа уугаад дуусахаар нь тэр хоёрыг үлдээгээд гараад явдаг юм. 

 Тэгээд хоолоо бэлдэж байхдаа ээжийнхээ тухай бодлоо. Би ээждээ (за үсрээд хааяа нөхөртөө) л ингэж даварч чадах байх. Өөр хүнтэй байсан бол өөрөө хөлсөө гоожуулаад аргалаад л гарна. Гэхдээ би их азтай юм аа. Гурван хүүгээ өсгөхөд гурвууланд нь ээж минь дэргэд байж надад тусалж байна. Хажууд нь төрвөл хажуудаа байлгаад л, хотод төрвөл хотод очоод л, гадаадад төрвөл бүр гадаадад ирээд л. 

 Ээж их удаан. Гал тогоонд эргэлдээд л байна. Нэг юм хийгээд л, дахин дахин арчаад л, хааяа харахаар гараас нь юм гарахгүй, үр дүнгүй байх шиг санагдана. Гэхдээ амарч суухгүй, бас залхуурахгүй. Сүүлийн үед харин утсаараа тоглож харагдах болж, ихэнхидээ зогсоогоороо л. Улам ээжийг удаашруулчихаж байгаа юм. Гэхдээ одоо юундаа ч яарах вэ дээ. Бид хэд л өөрсдөдөө туслуулах гэж авчраад, завгүй амьдралынхаа хэмнэлд тааруулах гээд байгаа болохоос ээж өөрийн хийх юмаа хийгээд л, аав тэр хоёр өөрсдийнхөөрөө под хийтэл амьдарчихна. 

 Намайг гарсны дараа хүүгийн кашийг хийж өгөөд, өөрөө нүүрээ будаад тэр хоёр гарна. Тэргэн дээр нь суулгаад түрсээр байгаад унуулчихна. Түрээд л яваад байвал сайн унтдаг юм гэнэ. Гурван цаг унтуулах энүүхэнд. Сэрэхээр нь тоглуулж хэсэг байж байгаад тэр хоёр орж ирнэ. Тэгээд дараагийн хоолыг нь хийж өгнө. Ингээд л бид цувраад эхнээсээ гэртээ ирнэ. Хоёр хүү хүн хэлэхгүй л бол өрөөндөө ороод утсаа ухаад хөдлөхгүй янзтай. Нөхөр ядарсаар ирлээ гээд усанд орно. Би хувцсаа солиод жижигтэйгээ тоглож эхэлнэ. Ээж гал тогоондоо. Амжвал хоол хийсэн байна, амжаагүй бол хүүгийн хоол энэ тэр гээд л таарна. 

 Хааяа өлсөөд ирэхэд хоолгүй бол бухимдчих гээд байх. Албатай ч биш дээ уг нь. Тэгээд мэдээж өөрсдөө гялалзуулчихна. Ээж өдөржин хүүтэй хоёулхнаа байгаад уйддаг байх. Хүүг юу хийсэн, юу идсэн, тоглоомын талбай дээр ямар хүмүүстэй тааралдсан, хүүгийн ямар марзан үг үйлдэл гаргасан гээд надтай хууч хөөрнө. Хоёр хүү сургууль дээр юу болсноо зэрэг зэрэг ярьж, асуулт асууж, эмээтэйгээ зэрэгцэнэ. 

 Ингээд л бид тус тусын ажлаа хийгээд, ээжээрээ туслуулаад сайхан амьдарч байна. Хааяа би ээжийнхээ залуу үеийг боддог юм. Би ямархан сахилгагүй амьтан байсан бол. Ээж минь хүүхэд байхдаа өөрийн ээжээ алдсан юм. Эмээ маань бага охиноо төрүүлээд удалгүй бурхан болсон гэдэг. Ээж нэг эгч, 2 охин дүү, аавтайгаа тэр хэд үлджээ. Эмэгтэй хүүхэд ээжгүй өсөх хир байдаг бол… Насанд хүрээд аавтай минь ханилаад эхний хүүхдээ төрүүлээд алдсан гэдэг. Тээж төрүүлсэн үрээ алдахад хажууд нь хэн байсан бол… 

 Эгчийг төрсний дараа хадмындаа хамт амьдарч байгаад, аав Эрдэнэтлүү ажилд томилогдож, манайх Эрдэнэтийн айл болж, тэр жил би төрсөн юм. Эгч надаас хоёроор эгч. Манайх говил гэдэг газар байсан. Нэгдсэн эмнэлэг харин городод байдаг болохоор манайхаас нилээд зайтай. Ээж намайг хөхүүлээд өлгийдэж орон дээр орхиод эмнэлэг явчихаад ирдэг байсан гэж байгаа юм. Зоригтой байгаа юм шүү. 2 нялх хүүхэдтэй, хажуудаа туслах хүнгүй ээж минь ядраад ам нь мурийгаад, толинд өөрийгөө хараад уйлж байсан гэдэг. Хажууд нь туслаад өгөх байтугай, утсаар яриад асуух, гомдоллох, эрхлэх хүн ч байхгүй. Тэр өдрүүдийг ээж минь яаж давсан бол… Миний хүү шиг нялх юм зууралдаад уйлж байхад, хооллох хэрэгтэй байхад, дахиад нэг нялх амьтан хөхүүлчихсэн.. 

 Ингээд бодохоор жижигхэн буурал ээжийгээ өрөвдмөөр санагддаг юм. Миний төлөө, миний хажууд ингээд зогсож байгаа ээж минь ямар амьдралыг ээжгүйгээр туулсан бол.. Эгч бид хоёрын нийт таван хүүхэд ээжийн хажуугаас л хүн болж өндийцгөөж байна. Зарим нь хоосон хөхийг нь зулгааж байсан гээд л бод. Өсвөр насны хүүхэд байхдаа ээждээ уурлаж, өөдөөс нь хэрэлдэж байсандаа одоо би их гэмшдэг. Ээжийгээ өтөл насан дээр нь багахан зовоож, ахиухан дурсамж бүтээхсэн, дараа нь харамсахгүй байхсан гэж хичээдэг. 

 Ээж нэг их эрхэлж нялуурахыг мэдэхгүй, аавд эрхлэхээрээ үсрээд л гомдоллож, ааш гаргадаг байх. Тиймээс бид ч өдөр тутамдаа хайртайгаа илэрхийлж, үнсэж чаддаггүй. Баяраар мессеж явуулахдаа хайртайгаа хэлж, хол явахдаа хацар дээрээ үнсүүлдэг юм. Ингээд л эгэл даруухан ээж минь, насаараа аав эгч бидний найдвартай бат ар тал байж, биднийхээ төлөө өдөр бүр, нэр хүндгүйгээр хичээсээр, улам жижгэрсээр. Тэр жижигхэн эмэгтэйгүйгээр бид чинь хэн сэн билээ дээ…





Comments

Popular posts from this blog

Миний аав миний супер баатар

Ногоон нүдэн лам

Найз нартаа зориуллаа