Сайн байна уу Брисбэн!

За ингээд амьдралын дахин нэг шинэ хуудас нээгдэж бидний Австралийн Брисбэн хот дахь шинэ амьдрал эхэллээ. Ийшээ нүүх болсныг сонсоод хүн бүрийн хамгийн их асуудаг асуулт бол "Яагаад Брисбэнрүү нүүж байгаа юм бэ?". Хүмүүс виз, ажил гэх мэт ямар нэг зайлшгүй том шалгаантай гэж боддог. Яг шууд хариулах том, чухал шалтгаан байхгүй. Бид 2 үе үе өөрсдөдөө чаалланж хийх дуртай юм уу, уйдаад байдаг юм уу бүү мэд. Ямартай ч нүүх хамгийн том шалтгаан нь "өөр хотод амьдарч үзэх" л байсан. Тэгээд хотуудыг хооронд нь харьцуулж, бодож байгаад Брисбэнийг сонгосон. Брисбэн бол Австралийн 3 том хотын нэг, нөгөө 2 нь мэдээж Сидней болон Мэлбурн. Канберра, ГолдКост гэх мэт хотууд байгаа ч эдгээр нь хөдөө орон нутаг гэсэн ангилалдаа ордог. Өөрсдөө шинэ соргог юманд дуртай, уйдах дургүй учраас том хотуудын нэг нь байвал зүгээр гэж бодсон. Мэдээж Австралид байгаа юм чинь далайгаас хэт холдвол уйтгартай, тиймээс Мэлбурн тийм ч аятайхан сонголт биш гэж үзсэн. За ер нь Брисбэнийг сонгоход нөлөөлсөн хүчин зүйлүүдийг нэрлэе.

1. Брисбэн 3 том хотын нэг боловч нөгөө 2 шигээ их хүн амтай шигүү хот биш, харьцангуй сийрэг тайван газар. 2032 энд зуны олимп болох учраас хөгжиж яваа хот.

2. Алтан эрэг буюу Gold Coast хотоос ердөө 1 цагийн газар. Тэнд хамгийн гоё далайн эргүүд, бас Австралийн хамгийн том усан болон тоглоомын паркууд байдаг. Ер нь бол аялал жуулчлал хөгжсөн хот. Харин нөгөө тийшээ дахиад 1 цаг яваад Sunshine Coast гээд бас нэг далайн эргийн үзэсгэлэнтэй хот байдаг. Тиймээс өөрсдийгөө нэг их уйдахгүй гэж найдаж байгаа. 

3. Амьдрах өртөг арай бага гэж тооцоолсон. 1т, хүүхдийн сургалтын төлбөр үнэгүй. 2т, орон сууцны түрээсийн төлбөр Сиднейтэй харьцуулахад арай бага. 3т, нийтийн тээвэр ердөө 50с. Сиднейд $3-$5 цагаасаа эсвэл зайнаасаа хамаараад төлдөг. 

4. Энд бас нөхрийн найзынх байдаг. 1т ганц ч гэсэн таньдаг айл байвал зүгээр гэж бодсон, 2т тэднийх Брисбэнийг магтаад л байдаг байсан :-)

За иймэрхүү зүйлүүд энэ хотыг сонгоход нөлөөлсөн. Одоо харин ирснээс хойш ажигласан, мэдсэн, таалагдсан зүйлүүдээ хуваалцая. 

  • Энд Сиднейгээс арай илүү халуун байна. Өдөртөө ер нь тогтмол 30 градус орчим байгаа. Манайх их халуун, өрөө бүртээ таазандаа сэнс, давхар эйр кондишнтой. Тогноос л жоохон айж байна даа. 
  • Хүн ам нилээд сийрэг санагдсан, ялангуяа манай амьдарч байгаа дүүрэг. Монголчуудын амьдардаг дүүрэгт Сиднейн Wollicreek шиг зөндөө Монголчууд байдаг гэж сонссон. 
  • Дэлгүүрүүд их эрт хаадаг. Хүнсний дэлгүүрүүд ажлын өдрөөр 5, 6 гээд л хаачихна. Сиднейд манай ойр байдаг Woolworths 11 хүртэл ажилладаг, 8-с хаадаг Aldi-г эрт хаадаг гэж боддог байлаа.  
  • Сиднейд би автобусаар барагтай л явдаггүй байсан чинь энд автобусаар илүү их үйлчлүүлдэг юм байна. Тэр нь ч илүү амар. Ойрхон ойрхон ирдэг, зарим газраар зөвхөн автобус л явдаг замтай. Манай гэртээ ойрхон байдаг автобусны буудлаас Метробус гээд энгийн автобуснаас 3 дахин урттай, том гоё автобус автобусны замаараа яваад яг ажлын хажууханд буудаг. Тэгээд 50с.
  • Энд гүүр их байдаг санагдсан. Явган хүний, машины гээд янз бүрийн гүүр. Зүгээр л зөндөө харагдсан. 
  • Хүүхдийн сургуульд Сиднейд байдаг шиг selective сургууль, opportunity анги гэж байдаггүй юм байна. Австралиан thing гэж бодсон NSW thing байжээ. Хүүхдийн сургуулиуд гэрээс ойр, хүүхдүүд өөрсдөө явж байгаа нь их таалагдаж байгаа. 
  • Өмнө хэлсэнчлэн 485 визтэй хүмүүст хүүхдийн сургууль төлбөргүй. Харин booklist гээд бэлдэх хичээлийн хэрэгслийн жагсаалт өгдөг юм байна. Дунд хүүгийн ангийн багш ихэнх нь надад илүү байгаа учраас энэ хэдийг л авчих гээд заримыг нь л авсан. Том хүүгийн бэлдэх зүйл цөөн гэхдээ том юм. Лаптоп, чихэвч, тооны машин гэх мэт. 
  • 1-6 дугаар ангийнхан явдаг сургуулийг Сиднейд Public school гэдэг бол энд State school гэдэг юм байна. Харин том хүүгийн сургууль коллеж гэдэг нэршилтэй. Мэдээж high schools ч байгаа. Том хүүгийн сургууль саяхан шинээр нээгдсэн сургууль болохоор орчин үеийн барилга, техник технологитой гоё л юм байна лээ. 
  • Манай ажлын хувьд оффис нь яг хотын төвд. Доторх нь Сиднейн оффисыг гүйцэхгүй, тэнд засвар хийгээд бүх юмаа шинэчлээд саяхан ашиглалтанд ороод янзын гоё болгосон юм. Энд харин хуучин энгийн оффис. Сиднейн оффисыг хараагүй бол гоё л гэж бодох байсан байх. Бас цөөн хүнтэй юм. Доод давхартаа болон гадаа гараад ирэхээр харин хөл хөдөлгөөтэй нь гоё санагдсан. 
  • Нөхөр яг гэрийн гадаа ажилд орчихсон. Маш амар байгаа. Өмнө нь цаг гаран явдаг хол газар ажилладаг, замдаа ядардаг, бас машин болон бензинд халгаатай байсан. Өөр газарлуу явсан ч хот дотроо бол тийм ч хол ажиллахгүй байх. 
  • 2 тийшээ цаг яваад өөр хотуудад гоё далайн эрэг дээр очих боловч энэ хавьдаа очих гоё элстэй далайн эрэг байхгүй. Брисбэн тэр 2 хоттой нэг эрэг дагуу боловч эргийн харалдаа 2 том, тэгээд зөндөө олон жижиг арлууд байдаг юм байна лээ. Тэд нар нь гоё эргийг нь авчихсан юм уу :-) Нэг эрэгрүү очсон чинь нуурыг эрэг шиг ус нь татрахаар шавар гарч ирээд царай муутай байсан. Аан арлууд нь гоё бийч үүсгэдэг далайн давалгаа болон элсийг нь хаачихдаг юм байна л даа. 
За одоогоор санаанд бууж байгаа зүйлүүд ийм байна. Одоохондоо ажилтай, тэгээд төвхнөх гээд уйдаж амжихгүй л байна. Голдкостоос юм авах гээд бид 2 нэг орой яваад замаараа далайн эрэг ороод ирсэн. Гоё л байна лээ. Дараа бөөндөө тухтай очно доо. Түрүүчийн амралтын өдрөөр нэг өдөр нь төвд байдаг хиймэл бийчтэй парк ороод өдөржин усанд орж, тэрүүгээр зугаалж байгаад ирсэн. Бүтэн сайнд нь төвөөр дэлгүүр хэссэн. Саяны амралтын өдрөөр нэг орой нь нөгөө шавартай бийчрүү нар жаргахыг харахаар явсан ч жоохон оройтчихсон, нэг өдөр нь дахиад л дэлгүүр хэссэн юм байна. 

Брисбэн дэх бидний амьдрал ингэж л эхлэж байна даа. Хадам ээж хүү 2 учраа олж л байх шиг байна. Өдөртөө гэрийн ойролцоо байдаг парк, эсвэл жаахан цаашаа яваад гүүрээр гараад байдаг их сургуулийн кампусаар салхилнаа. Нээрэн бид 2 тэр сургуулийн кампусруу 3 ч удаа явсан. Энүүхэн хооронд боломжоороо бас их хэсчээ. За жоохон амьдарч байгаад дахиад сэтгэгдлээ бичнэ ээ. 




Comments

Popular Posts