Сайн байна уу, 2026 он?

Цаг хугацаа гэж.. Бичвэр бүрээ л бараг өө тэдэн сар өнгөрчихсөн байна ш дээ гэж эхэлдэг боллоо. Маш олон үйл явдлууд ар араасаа болж өнгөрөөд, бичих завдал гаргаж чадахгүй байсаар шинэ онтойгоо золгожээ. Оны сүүлийн улирал хамгийн завгүй өнгөрдөг жишгээр маш завгүй л цаг хугацаа байлаа. 9-р сараас хойш болж өнгөрсөн үйл явдлуудыг товчхон дурдаж, өнгөрсөн оноо дүгнэхийг хичээе.

9 сарын сүүлээр найз маань ирж хэдэн өдрийг зугаатай, завгүй, гоё өнгөрөөсөөн. Онгоцны буудлаас хэлэхгүйгээр тосож уулзчихаад ажилдаа ирсэн. Дараа нь хоёулаа уулзаж орой хоол идээд, хэдэн пиво уунгаа сэтгэлээ онгойтол сайхан ярилцаж, дараа нь нөхрүүдтэйгээ хамт уулзаж оройн хоол идээд, казино орж тоглоод, манайд ирж хоносон. Маргааш нь өглөөний цай уучихаад Бонди бийч орж далайн усанд хамтдаа тоглож байгаад тэр хоёрыг найзынд нь хүргэж өгсөн. Тэгээд явах өдрийнх нь өглөө нөхөртэйгөө хамт очиж аваад онгоцны буудлаас гаргаж өгсөн дөө. 7 жил гарны дараа уулзаж байгаа гэхэд саяхан уулзаад салсан мэт дотно хэвээрээ гоё байсаан. 

10 сард дунд хүүгийн минь төрсөн өдөр болоод өөрийнх нь хүсэлтээр гадаа парк дээр гэр бүлийн найзуудын хүрээнд тэмдэглэсэн. Ширээ засаад, мах шараад, бөөндөө уулзаад, өөрийнх нь хүслээр дундаасаа гар утас бэлэглэсэн, бөөн баяр. Өмнөх жил мөн өөрөө компьютер авна гэж захиад авахуулж байсан. Өөрсдөө тийм юмнууд авахыг нь зөвшөөрчихөөд тоглох цагийг нь хязгаарлах гэж үйлээ үздэг аав ээж байна өө. 

11 сард миний төрсөн өдөр. 2 хүүгийн төрсөн өдрийн голд учраас өөрийнхийгөө алгасахаар шийдэв. Өмнө жил үүнийгээ мэдээд төрөхөөсөө өмнө гээд найзуудтайгаа тэмдэглэсэн юм. Нэг дэх өдөр байсан болохоор найзууд өмнөх бүтэн сайн өдөр нь парк дээр мах шараад, торт, бэлэгтэй намайг дуудаад тэрүүхэндээ бас хөөрхөн тэмдэглэцгээгээд өнгөрөв. 

11 сарын 13-нд миний бага хүүгийн төрсөн өдөр. Ээжийн Монгол явах билэт яг тэр өдөр байсан учраас бид хэд мөн өмнөх бүтэн сайн өдөр буюу 9-нд нь гадаа парк дээр найзуудаа уриад тэмдэглэсэн. Хорхог, салат, хуушуур хийгээд, чихэр жимс, нэг насны төрсөн өдрийн чимэглэл, шаар, анонс, торт, хүүхдүүдэд бэлэг гээд л нилээд ач холбогдол өгч нэг өдрийг бужигнаж өнгөрөөсөөн. Хүү минь төрсөн өдрөөсөө нилээд хэн хоногийн өмнөөс ганцаараа алхаж эхэлсэн. 

За ингээд төрсөн өдрүүдийг давна гэдэг том ажил. Дундуур нь найзуудын хүүхдүүд 2 нас хүрч үсний найраа хийн бид хэд бас амралтын өдрөөр найр хэснэ ээ. Нөхрийн ажлын шинэ жил, миний ажлын шинэ жил, бас нэг көүчийн сургалтанд хамт суусан хүмүүсийн шинэ жил боллоо. Бас бус найзуудын төрсөн өдрүүд гээд л. Эмээ явсан учраас ээж хүү 2 гэрээсээ ажиллах хэрэгтэй болсон. Ажиллана ч гэж дээээ... л болсон. Хааяа чухал хэрэгтэй үедээ хүн гуйгаад бусдаар бол ажлын цагаар ажил хийнэ гэж бараг л байхгүй. Нөхрийг эрт ирсэн эсвэл амарсан өдөр бөөн баяр ажлаа хийнэ. Хүүхдүүдээ сургуулиасаа ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Ингээд 12 сарын 20-нд амралтаа авах хүртлээ бид хэд нэг иймэрхүү байдалтай ажиллаж амьдарч байлаа. 

Хоёр хүүгийн сургууль мөн 20-ноос эхлээд амарлаа. Том хүү 6-р анги, бага хүү 3-р ангиа төгсөв. Том хүү ирэх жил ахлах ангид орох тул энэ жил бага сургуулийн төгсөлт хийгээд багагүй ажилтай байлаа. Ахлах сургуулийн нээлттэй өдөрлөг дээр очиж танилцах, ангиараа 3 хоногоор кампинг хийхээр явах, төгсөлтийн оройн зоог, найзуудтайгаа уулзах, найзуудын төрсөн өдөрт очих гээд л бужигнаантай байлаа. Төгсөлтийн оройн зоогны дараа эцэг эхчүүдийг зааланд оруулаад хүүхдүүдийг аав ээжтэйгээ бүжиглэхийг урьсан. Хүүтэйгээ төгсөлт дээр нь бүжиглэх гэдэг бас нэгэн сонин мэдрэмж байлаа. Ичээд байгаа хүүгээ өхөөрдөх, хүүгийнхээ том болж байгааг, өөрийгөө хөгширч байгааг анзаарах, төгсөж байгаа гунигийг нь бас хамт мэдрэх гэх мэт нэг тийм хосолсон гэхдээ нандин мэдрэмж. Хичээлийн сүүлийн өдөр хүү минь байдгаараа уйлсан ирсэн. Сургуулиа, найзуудаа, багшаа орхих, хамгийн гол нь бүр хол нүүх гэж байгаа учраас сэтгэл санаа нь тиймэрхүү байлаа. Харин дунд хүүгийн хувьд хичээл амарсан сайхан даа гээд баярлаж байна лээ. Хамгийн сайн найз нь яг хажуугийн байранд байдаг гэр бүлийн найзын маань хүү учраас тэр хоёрт хичээлгүй бол бүр ч олон уулзах, хамт тоглох боломж. 

Хадам ээжийн виз амрахын даваан дээр гарч 12 сарын 26-нд Сиднейд газардав. Ирэхдээ надад "Дархан бэр" гэсэн тэмдэг, түүнийг дагалдсан хадам аавын минь гарын үсэгтэй дархан бэрд өргөмжилсэн батламж, мөн алтан ээмэг бэлгэнд ирэв. Тийм зүйл авна гэж боддоггүй байсан миний сэтгэл их хөдөлсөөн, ёстой хөөрхөн санагдсан. Намайг хүндэлж, сэтгэл гаргаж байгаа байдал нь гоё санагдсан. Ээжийг ирмэгц маргааш нь хөдөө кампинг хийхээр авч яваад 28-нд буцаж ирээд, 31-нд шинэ оноо гаргахаар бөөндөө Канберра хотруу явцгаасан. Австралид ирээд бид Сидней, Голд Коаст, Мэлбурн хотуудад оноо угтаж үзсэн тул энэ удаа Канберрагийн шинэ жилийг үзэхээр явсан юм. Хүүхэд хөгшид нийлсэн нийт 34-үүлээ 3 байшин түрээслээд 2 хонов. 31-нд бөөндөө Канберрагийн салют үзэхээр голын эрэг дээр зорьж очин оноо угтлаа. 2 өдөр шинжлэх ухааны музей, дайны музей, парламентын ордон үзэж ирэх замдаа жижигхэн жижигхэн байшинтай цэцэрлэгт хүрээлэн үзээд, гэр гэрийн зүг жолоогоо заллаа. Ингээд 1 сарын 2-нд гэртээ ирцгээв.

Бужигнасан завгүй өдрүүд дуусч ээжийн ачаа харах их ажил эхлэх нь энэ ээ. Миний хүү өөрөө алхдаг болсон болохоор юм юмруу орчих гээд их хөдөлгөөнтэй болсон. Мөөм, за, еэс, нөү гээд өөрийн хэрэглэдэг хэдэн үгтэй, дээрээс нь хүний хэлснийг маш сайн дагаж хэлэх гэж оролддог. Бөмбөгийг бө, сагс тоглох гоол оруулахыг го, унтахыг гохх, халуун хүйтэн зүйлийг гахх, баяртай гэхээр бай бай гээд гараа даллах гэх мэтээр ойлголцоно. Зурагтаар сонсдог дуунуудаа маш сайн мэддэг, дагаж аялах гэж оролдно, зарим үгийг нь дагаж хэлнэ, хөдөлгөөнийг нь дуурайж бүжиглэнэ. Bubble гэдэг үгийг ба, row гэдэг үгийг рө рө гэх мэтээр дагаж дуулна. Мисс Рачелийн дуунуудыг ер нь гаргаахгүй дээ. Гадаа эсвэл лифтэнд хүн таарахаар гараа даллана. Нөгөө хэд нь өхөөрдөөд өөдөөс нь даллахаар баярлаад л. Мөөмөө идсээр байгаа. Шөнө нилээд олон сэрж иддэг нь ээж хүү 2-г жоохон ядрааж байна. Хооллохоор халбага булаацалдаад өөрөө идэх гээд байдаг болсон. Ихэвчлэн мөөмөө идэж унтдаг болохоор эмээ нь сайн унтуулж чадахгүй, хоолыг нь яаж аргалж өгөхөө мэдэхгүй, учраа ололцох гээд үзэж л байх шиг байна. Аргагүй дээ, 2 том хүүгээсээ хойш жоохон хүүхэд гардаж өсгөж үзээгүй болохоор бүх юмнаасаа төсөөрсөн байх. Манай ээж 5 дахь зээгээ өсгөж байгаа гэсэндээ туршлага өөр байгаа нь одоо анзаарагдаж байна лээ шүү. Хадам ээжид бас нөхөргүйгээр ганцаараа амьдарч сурах гэж хэцүү байгаа байх даа. Би ойлгох гэж хичээж байгаа ч мэдээж бүрэн ойлгож чадахгүй л дээ, надад бол өөр дээрээ төсөөлөхөд ч хүнд байна. Ямартай ч би оффис дээрээс ажлаа хийх боломжтой, нөхөр бид 2 хүүхэдгүй гарч орж ажил амжуулах боломжтой болж байгаа нь талархаад баршгүй билээ. 

Бид хэд хүүхдийн хичээл эхлэхээс өмнө нүүхээр төлөвлөж байсан учраас шууд л тэр ажлаа хөөцөлдөх хэрэгтэй болсон. Нөхөр байр олохоор 1 сарын 5-нд Брисбэн явж, би 6-нд амралт дуусч ажилдаа орлоо. Хажуугаар нь хоёулаа өдөр шөнөгүй утсаа ухаж байраа хайгаад, тэнд байрнуудад цаг зарлагдахаар нь очиж үзээд л. Нөхөр 10-ны орой буцаж ирлээ. Материалаа өгсөн байрнуудаас 3 байранд тэнцэж тэндээс хамгийн таалагдаж байгаа байраа сонголоо. Тэр хооронд байн байн залгаж, имэйл бичиж, тэнцэх болов уу, түрүүлж зөвшөөрсөн байраа сонгох уу татгалзах уу гээд л бас энүүхэндээ санаагаа чилээгээстэй. Байрныхаа төлбөрийг төлж нэгэнт нүүх нь тодорхой болсон тул хайрцаг олж ирээд гэрийн эд хогшлоо бага багаар хайрцаглаж эхлэв. Ирэх долоо хоногийн 4 дэх өдөр буюу 22-нд нүүхээр ачааны машинтай ярьж тохиров. Одоо байгаа байраа найзындаа нэр шилжүүлж өгөхөөр болов. 

Нөхөр 2 том хүүтэйгээ машинаар, харин би ээж болон бага хүүтэй хамт онгоцоор явахаар төлөвлөж байна. 2 хүүг нэгт аавдаа ханьтай, 2-т зардалд хэмнэлттэй, 3-т том болж байгаа учир хол замын аян дааж сураг гээд ийм шийдвэр гаргав. За тэгээд ажлын хажуугаар ойр зуур найзуудтайгаа уулзах, оройдоо хэдэн хайрцаг баглах гэх мэтээр бэлдэж л байна. Бүтэн 8 жил амьдарсан сайхан хотоо, гэр бүл шиг болсон найзуудаа орхиод нүүнэ гэхээр жоохон гуниг төрөөд л байна. Шинэ хотдоо очоод удахгүй дасна гэж найдаж байна. Бүх юмаа дахиад шинээр эхэлнэ гэхээр жоохон айдастай гэхдээ бас догдлолтой л байна. 2 жил гаран тэндээ амьдраад эх орондоо буцна даа. 

Comments

Popular Posts