9-р сарын тэмдэглэл
Одоо ч бүр хэдэн сардаа нэг тэмдэглэл бичсэн болдог боллоо. Гэхдээ эргээд уншихад зарим мартсан зүйлээ эргэж санаад гоё байдаг болохоор хол зайтай байсан ч хамаагүй бичсээр байна аа. За хаанаас нь эхлэх билээ. Ээж эсвэл ажил гэсэн үндсэн 2 рольтой, тэр хоёрынхоо талаар л бичнэ дээ.
Өнөөдөр нэг дэх өдөр. Оффис дээрээс ажиллаж байна. Одоо ер нь гэрт ажиллах шаардлага л гарахгүй бол байнга ийшээ ирдэг болсон. Ээж хүртэл ажилруугаа яв аа, очиж ажилла гээд байдаг. Хүү том болоод ээжийгээ өрөөндөө сууж байгааг мэдээд надруу гүйгээд байдаг болсон. Би ч ажилдаа анхаарч чадахгүй хоёрдоод тухгүй болчихдог. Өглөө 2 хүүгийн хоол унд бэлдээд, хичээлд нь явуулчихаад, араас нь өөрийгөө бэлдээд, цайгаа уучихаад, хүүгээ хөхүүлээд, ажилдаа гарна. Тэгсээр байтал 11 цагтай уралдаж л ажилдаа ирнэ. Орой ихэвчлэн 5 гээд хийх юм их байвал 6 хүртэл суугаад явчихдаг. Гэртээ очоод өрөөрүүгээ нуугдаж ороод хөхөө саана. Тэгээд хүүтэйгээ эрхлэлдэж эхэлнэ дээ.
Хүү одоо ээжийгээ хараад хар хурдаараа мөлхөөд ирэх нь, баярлаад тэвэрч авах нь, мөөмөө хараад баярлаж инээх нь гээд үнэхээр хөөрхөн болсон. Одоо 10 сартай, 3-н шүдтэй, юм түшээд маш сайн явдаг болсон. Саяхнаас 2 гараад тавиад ганцаараа нилээд удаан тогтож зогсдог болоод байгаа. Барьж байгаа зүйлээ аваад ир, ээждээ өг гэхээр хөөрхөн мөлхөж ирээд гар дээр тавина. Өөрийгөө тэврүүлье гэхээр юм өгч байгаам шиг нэг гараа сунгаад толгойгоо гилжийлгэнэ. Баярлаж хөөрөхөөрөө алгаа ташаад л онгироод, толгойгоо өргөөд, бөгсөө хаялаад мөлхөнө. Жаран чавганцын ажилтай болсон. Номын тавиур, ширээ, шүүгээ, гутлын тавиур гээд хүрч байвал бүгдийг нь сайхан буулгаад тараагаад өгнө. Аавыгаа гарах гэж байгааг мэдчихээд тэврээд салахгүй, над дээр ч ирэхгүй болоод дагана. Машин бөмбөгнүүдээ цохиж өнхөрүүлээд өөрөө хойноос нь дагаад ганцаараа хөөрхөн тоглоод байдаг болсон. Бүр нэг биш нилээд хэдэн бөмбөг эсвэл машиныг бөөнд нь тэгж өнхүүрлэнэ, тэгээд тал талаас буцааж цуглуулаад лаг явна аа. Өдөр бүр л шинэ зүйл сурч, нүдэн дээр том болоод хөөрхөн байна аа. 2 агаа нь энэ бүр хөлд орчихвол хэргийн эзэн болох нь дээ л гээд байгаа. Саяхан шүүгээн дээрээс шилтэй юм татаад хагалчихсан.
Жижиг агаа төрсөн өдөр нь болох гээд утас нэхээд л байгаа. Хөл бөмбөгтөө явж байгаа. Том агаа утсаараа найзуудтайгаа их чат бичдэг болсон. Хагас сайнд тэд нартайгаа хамт гарна. Бүтэн сайнд Монгол багштай сагсны хичээлд явуулж эхэлсэн. Саяхан сургуулийнх нь бүх хүүхэд оролцдог Гала гээд концерт болоод, жижиг агаа яст мэлхий, том агаа усан цэрэг болсон. Далайн сэдэвтэй, анги ангиараа гарч ирээд л дуулж бүжиглээд байдаг. Жижиг агаа ашгүй нэг юм дууслаа гэсэн. Тиймэрхүү юманд дургүй, ичимхий. Том агаа энэ сургуулиа төгсөхийн өмнөх сүүлчийн Гала концерт гээд арай өөрөөр хүлээж авч байгаа. Сүүлийн үед хоорондоо тоглоод байгаа мөртлөө хэрэлдээд л жоохон ядаргаатай байдаг болсон. Агаа нь дүүгээ элдэвлэчих гээд гэх үү, том болоод жоохон ааш суугаад байх шиг. Дүүгээр харин аль аль нь хөөрхөн аваад саатуулаад өхөөрдөөд байдаг болсон. Нөгөөх нь бас тэр хоёрынхоо бужигнаж байгаа газар байх сонирхолтой. Хааяа хүүг минь гаргаад хаалгаа хаачихна, нөгөө нь хаалган дээр нь очсон орох гээд л үзээд байна.
Ээж Монгол явчихаад 14 хоноод буцаад ирсэн. Явсан хойгуур нь хүү бид 2 гэрээсээ ажиллах гэж нусаа хацартаа наана гэдэг л болсон. Хоёулаа ханиад хүрчихсэн байсан, шөнө нь хүүгийн хамар битүүрээд хөхөө сайн хөхөж чадахгүй, өдөр нь надтай зууралдаад салахгүй. Би ажлаа хиймээр байдаг. Ёстой ээж хурдан ирээсэй л болсон. Ээж ирээд 1 сар болж байна, дахиад 2 сар болоод явахаар зөрүүлээд хадам ээжийг авчрах бодолтой байгаа. Ээжид эрхэлдэг шигээ байж чадахгүй байхдаа гээд л айж байна. Өмнө ирэхэд нь байсан шиг гадуур дотуур олон дагуулж явж чадахгүй л байна. Хагас бүтэнд ядаж нэг тийш нь дагуулаад явчих юмсан гээд л хичээж байна.
За манай амьдрал нэг ийм байна даа. Ажил ерөнхийдөө давгүй, сурах юмаа сураад хийх юмаа хийгээд л явж байна. Зарим ажил бусад хүмүүсээс болоод жоохон хүлээлтэнд ороод удааширчихдаг. Copilot-ийн ачаар нилээд ажил амжуулж, юм сурч байна аа бас. Багтаа ментор залуутайгаа хоёулхнаа үлдсэн. Тэр маань их завгүй ээ бас. Өө нээрэн ажлаасаа нэг авард авсан. 7 сард бил үү. Хийсэн ажлыг маань ментор залуу магтаж бичээд, тэр нь миний харьяалагддаг чаптераас шалгараад, дээд талын алба гэх үү тэнд очоод, тэндээсээ шалгараад тэгээд нэг авард авсан. Сүртэй шагнал магнал гэх юм байхгүй. Гэхдээ бас гоё л байсан.
Нэг хэсэг лаг фитнэст явья гээд л, тэгснээ байнга явж чадахгүй юм байна одоогоор гарч гүйе гээд хэсэг гүйсэн. Тэгснээ нэг өдөр "Хурд"-ын тоглолт үзээд, тараад баранд ороод баахан бүжиглэчихсэн чинь өвдөг өвдчихсөн хаха. Бүр өвдсөндөө доголож явж бариад тэнэгтсээн. Тэгээд миний спортын кареер зогсонги байдалд орсон доо. Ойрдоо талх, чихэр, пиченээ багасгаад байгаа боловч нээх нөлөө алга, нэг кг л хаслаа. Уг нь одоо 8 хоногийн дараа манай найз Солонгосоос ирэх юм. 7 жил уулзаагүй. Ирэхэд нь тураад гоё байя гэсэн чадахгүй нь ээ. Жоохон бүдүүнээрээ л гоё байхаас хаха. Ирэхээр нь юу хийх үү гээд догдлоод л хоног тоолоод хүлээж байна. Энд байх хугацаанд над дээр ер нь найзуудаас ирж байсан хүн байхгүй болохоор гоё байна аа.
Зяа бусдаар тайван сайхан байна даа. Ерөнхийдөө хэвийн, завгүй өдрүүд үргэлжилж байна. Жилийн сүүлийн улиралд гээд бүр л завгүй өдрүүд айсуй.

Comments
Post a Comment