Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл

Тэмдэглэл бичиж үлдээх чинь зөв юм байна аа. Сая өмнөх постоо уншлаа. Буцаад хүүгээ төрүүлсэн өдрүүдээрээ аялаад, зарим дээр нь багахан нулимс цийлэгнүүлээд, тэр үед мэдэрч байсан баяр, өвдөлт, хайрыг мэдэрлээ. Одоо тэр үеэс хойших үйл явдал, сэтгэл мэдрэмжүүдийг сийрүүлнэ. 

Дахиад 2 сар өнгөрсөн байна. Бяцхан хүү минь 4 сар хүрч вакцинаа хийлгэсэн. Өдөр өдрөөр өсч, улам л их хайр татаж байна. 4 сартайгийн үзлэгээр 67 см урт, 7850 гр жинтэй болсон байна гэсэн. Том агаа маш сайн тэвэрч, дүүгээ харна. Жижиг агаа маш хөөрхөн саатуулж, ярилцана. Тэвэрч л арай дийлэхгүй байна. Өөрөө эргэж өнхөрдөг болсон. Элгээрээ бага зэрэг мөлхөөд, байрнаасаа хөдлөөд явсан байдаг. Зурагт үзнэ. Хүн харахаараа л инээд алдаж хөөрөөд хүн бүрийн хайрыг татна. Үс нь улам их ургаж, арзайсан хөөрхөн хүү болж байна кк. Муу ээж нь хүүгээ шөнө хөхүүлж байгаад хажуудаа хэвтүүлээд унтчихсан. Тэгсэн хүү минь өнхөрөөд орноосоо уначихсан 😢. Тэрүүхэн үедээ жоохон уйлагнаад л буцаад унтчихсан. Машинд явах маш дургүй, суудал дээр нь тавихаар л уурлаад уйлаад гэдийчихнэ. Ийш тийшээ явахдаа аргадаж саатуулж явах гэж би бүр ядарчихдаг. Цөөн хэдэн удаа л сайхан унтаж явсан. Бусдаар уг нь миний хүү нэг их уйлдаггүй. Ганцааранг нь зөндөө удаан хэвтүүлэхээр удаад уурлаад ирэхээрээ загнаж байгаам шиг чанга чанга хашгирна кк. Тэргэн дээр хэвтүүлээд явахаар бас их дургүй байсан чинь, 3 сар дөхөөд хэвтүүлдэг тэргийг нь суулгадгаар нь сольчихсон чинь овоо сайн явдаг болсон. Дээшээ хараад хэвтээд явахаар тухгүй, юм харж саатаж явах нь сонирхолтой байгаа байх. 

За тэгээд бидний хайртай эгч минь нутаг буцсаан. Явахынхаа өмнө ажлаасаа гараад бид 2-той хамт 10 гаран өдөр ирж байсан. Ажлын өдрүүдээр гурвуулаа гэртээ, амралтын өдрүүдээр эгчийн явах юмыг бэлтгэж дэлгүүр хэсээд л, ядарсан завгүй өдрүүд байсан. Нисэх онгоцны буудал дээр гаргаж өгөөд гэртээ харьсан нээх сонин хоосон, хаягдсан мэдрэмж төрөөд, хямраад, орой нь хэсэг уйлсан. Би уг нь аав ээж ирж очих, өөрөө нааш цааш явахдаа ер нь уйлж барьж тоодог төрлийн хүн биш. Энэ удаа л нэг их хямарсаан. Төрөөд удаагүй болоод тэгсэн үү. Миний хүүг эгчээс нь өөр сэтгэл гаргаж хайрлаж, харж өгөх хүн байхгүй, надад бас тэгж анхаарч асрах хүн байхгүй санагдаад муухай байсан. Одоо дасчихсаан, яваад сар гаран болж байна, 2 сарын 19-нд явсан. 

Би ажилдаа орсоон, 2 сарын 6-наас. Эгч явтлаа хүүг минь харж өгсөн. Эхний 3 хоног оффистоо очоод 4 дэх өдрөөс нь эхлээд гэрээр ажиллаж эхэлсэн. Эндэхийн хамгийн том харилцаа холбооны компани гэх үү дээ. Телстра гээд олон улсад бас салбартай том групп компаний жижигхээн эд эс болсон. Хэдийгээр хамгийн доод түвшний албан тушаалаас эхлэж байгаа ч мэргэжлээрээ ажиллаж эхэлсэндээ маш сэтгэл хангалуун байна. Бас ачаалал багатай, гэрээсээ ажиллах боломжтой байгаа нь хүү бид хоёрын одоогийн нөхцөл байдалд тохироод маш аятайхан байгаа. Гэрээсээ ажиллах нөхцлөөр бүрэн хангаад, гар утас, зөөврийн компьютер, дэлгэц, дагалдах хэрэгслүүд, ширээ, сандал гээд бүгдэнгээр нь хангасан. Гэрийнхээ жижиг study өрөөг ажлын өрөө болгож тохижуулаад тэндээ сууж байна. Уг нь оффис дээрээс ажиллавал гоё л доо. Гэхдээ одоохондоо хүү дан хөхөөр болохоор арай болохгүй байна. Оффис тухтай, хотын төвд гоё газар байдаг. Эхний очсон өдрүүдэд гэхдээ би маш их ядарсан. Ажиллаагүй удчихсан, дээрээс нь төрөөд 3 сар арай хүрээгүй, бие сайн тэнхрээгүй болохоор тэгсэн үү, орой нь бүр дуусчихсан ирсэн. Олон шинэ хүмүүстэй харилцах, биеэ барих, хажуугаар нь гэрлүү хүүдээ санаа зовоод, дундуур нь хүнгүй 00 олж хөхөө саах гэх мэт, сэтгэлзүйгээрээ нилээд ядарсан байх. Хэд хоногийн өмнөөс бэлдээд хөхөө саагаад сүүг нь хөлдөөсөн байсан. Миний хүү, эгч 2 харин сүүгээрээ угжаад тэр өдрүүдэд маш сайн байсан. Эгч явсны дараа нэг найзынхаа дүү охиныг цалинжуулаад хажуудаа хүүгээ харуулж байгаа. Би хөхүүлээд, тэр дүү маань унтуулаад саатуулаад бид хэд дажгүй болоод л байна. Гэм нь өөрөө бас 2 дүүтэй болохоор тэр хэдийгээ хичээлд нь явуулна, нааш цааш нь зөөнө гээд өглөө жоохон оройтож ирээд, үдээс хойш жоохон эрт явчихдаг. Тэрэнд нь би зохицож ажлаа хийх гээд жоохон цалгардуулаад байх шиг. Дундуур нь бас хэд хэд хөхүүлнэ гэх мэт. Гэхдээ ингэж зохицуулж ажлаа ч хийж, хүүгээ ч харах боломжтой байгаадаа үнэхээр талархаж байгаа. Эгчийг явснаас 2 хоногийн дараа ээжийн визийг мэдүүлсэн. Сая хэд хоногийн өмнө гарсан. Удахгүй ээжийгээ авчирнаа. 

Өглөө 2 хүүгийнхээ цай хоолыг бэлдэж явуулна. Одоо өөрсдөө сургуульдаа яваад, ирээд, биеэ даагаад л байна. Том хүүгийн багштай очиж уулзсан. Багш нь хүүд минь их ам сайтай магтаад л байна лээ. Санаа зовох юм байхгүй, 4-р ангид нь багш нь байж байгаад 6-р ангид нь эргэж орж байгаан. Маш mature болсон байна гэсэн. Хүү ирэх жил ахлах ангид орох учир ганц нэг сургуультай бас очиж уулзсан. Тэгээд сургуулиудад EOI (Expession of interest) явуулсан. Дунд хүүгийн багштай өнөөдөр очиж уулзана. Дүүгээ төрөхөөс өмнө шөнө ганц нэг ээжрүүгээ гүйчих гээд байдаг байсан бол одоо бүр тэгэхээ болиод том болсоон. Өөрөө жоохон хаалттай дотогшоо болохоор хүүгээ гомдоохвий, тавгүйтүүлэхвий гэж ээж нь болгоомжлоод хажуугаар нь үнсэж, эрхлүүлэх гээд хичээнэ ээ бас. Том агаа бол бараг өөрөө намайг эрхлүүлэх гээд байгаан бишүү. Гэхдээ бас эрхлүүлэхээр дуртай.  

Саяхан цагаан сар болоод хэсэг бужигнасаан бас. Өөрөө тавгийн ааруулаа хийж үзлээ. Найзуудтайгаа нийлж ул боов хийж үзлээ. Эгчийг явахаас өмнө буузаа хийчихсэн. Гадуур бэлэг бэлдэж, хүнс цуглуулж баахан явлаа. Ширээ сандлаа сольж, шинэ шкаф хүртэл авлаа. Гэртээ баахан салад хийлээ. 2 хоног битүү айл хэслээ. Гэртээ бүгдийг нь нэг дор оруулж цай уулгалаа. Их л элбэг дэлбэг, өргөн дэлгэр шинэллээ. Өөрсдөө ч ядарлаа, хүүхдүүдээ ч ядраалаа хэхэ. Дунд хүү айл болгонд орж бэлэг аваад бөөн баяр, шинэ жилээс ч гоё баяр байна гээд. 

Гэрээсээ ажиллахаар нээрэн өөрийгөө бүрэн орхидог юм байна аа. Миний өдөр ингэж өнгөрдөг. 

- Өглөө 07:30-д сэрүүлэг тавьлаа. 08:00 гэж бослоо. Шөнө хүүгээ хөхүүлээд бас ядардаг болохоор бүр эрт босохын оронд, илүү амрая гэж боддог. Хүү бас дагаад энэ хооронд сэрдэг. 
- 2 хүүгээ 08:00-д босгоод, өөрсдийгөө бэлдэж байх хооронд нь өглөөний цайг нь бэлдэнэ. Цайгаа ууж байх хооронд нь авч явах өдрийн хоол, жимс зэргийг нь бэлдэнэ. 
- 08:45-08:50 гээд 2 хүүг гаргана. Эндээс жижиг залуу анхаарал тавихыг шаардаж эхэлнэ. Аргалж байгаад жоохон юм өөртөө бэлдэж идэхийг хичээнэ. Аргалагдахгүй бол шууд хүүгээ хуурайлаад хөхүүлнэ. 
- 09:30-09:40 хавьцаа нөгөө дүү охин маань ирнэ. Хүүгээ хөхүүлж өгчихөөд өөрөө кофе чанаж аваад, идэх снак аваад ажлын өрөөндөө орж ажлаа эхлүүлнэ. Тэр 2 маань унтана, эсвэл гадаа гарна.
-11:30-12:00 цаг хавьцаа дахиад хүүгээ хөхүүлнэ. Өөрөө идэх юм эргүүлнэ. Ажлаа хийсээр байна. Хэд дэх өдөр гэдгээс хамаараад онлайн сургалт, уулзалт гэх мэтүүдэд оролцно.
-14:00-14:30 цаг хавьцаа дахиад хөхүүлнэ. Дүү охин хүүг унтуулчихаад явна. Заримдаа унтахгүй л дээ. Тэгээд миний хүүдээ анхаарал хандуулах ээлж ирнэ. Унтаж байвал жоохон юм амжуулах гэж хичээнэ. 
-2 хүү 15:30 гэж тараад 16:00-16:30 хооронд ирнэ. Дүүг нь хөхүүлээд жоохон саатуулж байгаарай гээд, дахиад жоохон ажил амжуулах гэж хичээнэ. Гэхдээ анхаарал сайн төвлөрөхгүй. Заримдаа бас манай 2 тоглоод ирэхгүй. Эсвэл дугуйландаа явчихдаг.
-17:00-17:30 үеэс заза худ юм байна больё гээд ажлаа орхиод хоолоо бэлдэж эхэлнэ. Нөхөр энэ үеэр ажлаа тараад залгана. Ирэх замд нь хоёулаа утсаар амьдралаа ярина. Нөхөр машинаа бариад, би хоолоо хийгээд, хүүхдээ саатуулаад, дундуур нь хөхүүлнэ. Нөхөр ирэхэд хоол болно, хүү унтахгүй удаад ядраад уурлаж эхэлнэ. 
- Нөхөр усанд орж гарч ирээд 19:00 цагийн үед бид хоолоо иднэ. Нэг бол хүүгээ ахад нь тэврүүлээд ээлжлээд хооллоно. Гайгүй байвал газар тавьж байгаад идэцгээнэ. Дуусаад хүүхдээ унтуулах гэж оролдно. Энэ үеэр нэг их сайн удаан унтахгүй ээ бас.
- 20:00 За тэгээд хоолны дараах цэвэрлэгээгээ хийнэ, амжуулах ажлууд байвал амжуулна. Гарч хүнс авах, салхилах, хүүхдээ усанд оруулах, гэртээ бөөндөө кино юмуу нэвтрүүлэг үзэх гэх мэтээр оройг өнгөрүүлнэ. Хүүхдээ ээлжилж саатуулна. Би хөхүүлнэ. Хамт унтуулах гэж хэвтэнэ. 
- 22:00-23:00 Хүүхүүдээ унтуулна. Цэвэрлээгүй үлдсэн зүйл байвал цэвэрлэнэ. Нөхрийн маргааш идэх өдрийн хоол бэлдэж тавина. 
- 23:00-00:00 Бүгдийг нь амжилттай унтуулж чадвал усанд орно, аяга цай ууна, утсаа ухна, чадвал маск тавьж өөртөө анхаарсан болно. Ариун цэврээ сахиад орондоо орно, утсан дээрээ кино үзэх гэж оролдоно. 00:00-той зэрэгцээд нүд анилдаад эхэлнэ. Унтана. 
- Хүү заримдаа сэрж хөхнө. Заримдаа сэрэхгүй. Хөхүүлээд буцаагаад тавьна. 
- 03:00-04:00 хүү сэрж хөхнө. Хажуудаа авч хөхүүлээд, хамт унтана. Хажууд авчихаар дарчихвий, унагачихвий гээд жоохон нохой унталтаар унтана. 
- 05:30 нөхөр босч явна. Хүү сэрвэлзэж нэг хөхөж нэг больсоор, 07:30-д сэрүүлэг дугарна. 
- Ингээд шинэ өглөө эхэлнэ дээ. 

Миний ажлын өдрүүд нэг иймэрхүү. Дундуур нь тэгээд яаралтай ажлууд зүсч орж ирнэ. 

- Хагас сайны өглөө ихэвчлэн хүүхдүүддээ цайг нь уулгачихаад, бага хүүгээ аваад найзуудтайгаа кофе ууж, гадаа салхилж сууна. Өдөр нөхрийг тарах үеэр ирж гэртээ хоол хийж идэцгээнэ, гадуур гарах ажилтай бол гарна. 7 хоногийн овоорсон хувцаснууд угаана. Зарим орой гэр бүлийн найзуудтай уулзана.
- Бүтэн сайнд ихэвчлэн гэр бүлээрээ эсвэл найзуудтай хамт салхилахыг хичээнэ, хүүхдийн төрсөн өдөрт уригдвал очно. Тийм зүйлгүй бол гарч кофе уух, хүнсээ цуглуулах, хоол хийж идэх, гэрээ цэвэрлэх, дэлгүүр орох хэрэгтэй бол орох гэх мэтээр өнгөрнө дөө. Оройн хоол, маргаашийн өдрийн хоол бэлдээд, шинэ долоо хоногоо угтана даа. 

Энэ бүхний дундуур өөртөө үнэндээ сайн анхаарч чадахгүй байна өө. Гэрээсээ ажиллахаар нүүрээ ч будахгүй, үсээ шуугаад, халад майк лэвчик байгаа хувцастайгаа л шууд ширээний ард сууна. Нөгөө охиноо байгаа дээр жоохон ажлаа амжуулаадахъя гээд. Дасгал хөдөлгөөн ч хийхгүй. Усанд орох ч зай холдоод. Өдөр хоол бэлдэхээр цаг алдах гээд байхаар нь бэлэн юм, боов жигнэмэг амруугаа хийгээд улам жин нэмээд, цээж хорсоод, тиймэрхүү л байна даа хө. 

Хааяа ийм олон зүйл амжуулж байна гэж талархаад л, хааяа ийм олон зүйл амжуулж байна гэж ялархаад л явж байна даа. Өнөөдөр жоохон эмо байгаад ажлын цагаар тэмдэглэл биччихлээ. Одоо хуралтай. Дараагийн тэмдэглэл хүртэл баяртай... 😘





Comments

Popular Posts