10 сар минь баяртай...

10-р сар гараад бүр тэмдэглэл, блог бичдэг гэдгээ ч мартсан байдаг шүү. Тэгээд дуусч байгаа юм чинь гээд ийм нэр өгчихлөө. Санах завгүй өнгөрөөсөн байна гэж байх уу? Өдөр хоногууд харвасан сум шиг л өнгөрч байна. Юу юугүй төрөх нь байна. Сүүлийн сарлуугаа орсон чинь бас хөөрхөн яарах догдлох ч шиг, тэгсэн мөртлөө жирэмсэн дахиад жоохон баймаар ч юм шиг, янз бүрийн мэдрэмж төрж байна. 

Харшилд хэсэг дарлуулсныг эс тооцвол гайгүй хөнгөн тээж байна даа гэж бодож байсан чинь сүүлийн сар өөрийн эрхгүй хүндрээд ирдэг юм байна аа энэ бие хэхэ. Хамгийн зовиуртай хэсэг нь зүүн хөхний доор, хавирганы тэнд бүр яг дотроосоо шархалцан юм шиг хорсож зовиурлаж өвдөөд байгаа. Өмнөх жирэмслэлт дээр тийшээгээ тулж өвддөг байсан ч арай ийм зовиуртай байгаагүй шиг санагдаад байгаа юм даа. Тэр нь хэвтэх унтахад бүр үнэн тух алдуулж байна. Гадна арьсанд нь хүрэхээр мэдээ алдуулагч түрхсэн юм шиг сонин мэдрэмж төрнө, дотроо болохоор аймар өвдөнө. За тэгээд өмнөхүүдийн адилаар сайхан хавагнаад л, хатуураад л байна. Сүүлийн сар хүртэл хаван буцаж буугаад овоо гайгүй байсан чинь одоо буухаа больсоон. Гэрийн таавчиг орохоо болиод, гуталнууд барьдаг болсон. Гэдэс их томроод даралт их очоод тэгж байгаа байх. Гэдэс гэнэт хатуураад таг хатуу болчихно, тэгээд хэсэг байж байгаад жоохон сулрана. Гэхдээ эндэхийн эмч нар тонус нээх тоодоггүй л шиг байна лээ. Тэгээд би ч өөрөө нэг их тоохгүй яваад л байгаа. Хүүд минь гайгүй байдаг байгаа. Өнгөрсөн сард сахарын шинжилгээ цусаар өгсөн чинь төмрийн түвшин хэт буусан байна гээд төмөр уухыг санал болгосон ч, дахин шинжилгээгээр сайн нэмэгдээгүй байна гээд өнөөдөр эмнэлэг дээр очиж дуслаар хийлгээд ирсэн. Аптекаас $306-р аваад даатгалаас $171 нь буцаж орж ирдэг юм байна. За биеийн байдал нэг иймэрхүү, бусдаар дажгүй дээ. 36 долоо хоногтой эход харуулсан, хүү маань 2900гр, бүх зүйл хэвийн байна гэсэн. 

Төрөх бэлтгэл бага багаар хийгээд л байгаа. Хүүхдийн ойр зуурын өлгий, хувцас хэрэглэл, саван шампунь, өөртөө өмсөх хөхүүл хөхөвч, халад таавчигнаас эхлээд тэрэг, суудал, ванн, угаалгын машин гээд бэлдэх юм бас байдаг юм байна аа. Ойрхон төрсөн найзуудаас ч бас хөөрхөн юмнууд ирж байна аа. Эгчийн ажил 2 долоо хоног амарсан. Хамт бэлтгэл базаана гээд л байж байна. 

Үе үе нэг эмороод л бусдаар бас гайгүй ээ. Төрсний дараа аятайхан байхсан л гэж бодож байна. Нээрэн өөрөөрөө төрөх талаар эмчтэйгээ дахин ярилцсан. Тэгээд 40 долоо хоног хүртэлх хугацаанд өвдвөл өөрөөр нь төрүүлнэ, өвдөхгүй бол хагалгаа товлохоор болсон. Яг цагаа тулаад эмч янз бүрийн эрсдэл тайлбарлаж өгөхөөр хүүдээ бас санаа зовоод эвгүй л юм байна лээ. Харж л байя даа. Цаанаасаа яаж шийдэгдэх нь үү. 

Энэ сар хэд хэдэн удаа (товлолт үзлэг, эхо, шинжилгээ, эмчилгээ гэх мэт) эмнэлэг явсан, бага хүүгийнхээ 8 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн, одоо нэг гэр бүлийн 3 хүний аяллын виз мэдүүлэхээр бэлдэж байна. 2 хүүгээ хичээлд нь, амралтын өдрөөр хөлбөмбөг, гар бөмбөгийн дугуйланд нь зөөгөөд л байгаа. Амралтын өдрөөр гэр бүлээрээ нэг аятайхан хоол идэх, салхилах гэх мэтээр өнгөрөөхийг хичээж байгаа. Before coffee gets cold гээд нэг ном эхлүүлсэн яваад л байсан, тэрийгээ уншиж дуусгасан. Аан тийм, 10 сар гаргаад, энд Чарлес хааны төрсөн өдөр гээд 3 өдөр амраад (хагас бүтэн сайн өдөр ороод), найзуудтайгаа эндээс 2-3 цагийн зайтай Жэрвис бэй гэдэг газар далайтай ойрхон байшин түрээслээд 3 хоног яваад амраад ирсэн. Далайн эрэг дээр 4 залуутайгаа хэдэн хөөрхөн зураг авахуулсаан. Том хүү бас 2 хоногоор Канберраруу ангийнхантайгаа аялаад ирсэн. Саяхан төрсөн, их сургуулийн найзаа эргэж очсон, бас төгссөн сургууль дээрээ нэг өдөр хамт очсон юм байна. Өө тийм хамт ажиллаж байсан найз бас төрөөд бөөндөө очиж эргэсэн. Ингээд бичсэн чинь бас л завгүй талдаа л сар өнгөрчээ. Бусад өдрүүдээр нэг бол гэртээ, нэг бол дэлгүүр явах, эсвэл найзуудтайгаа кофе ууж хүүхдүүдийг нь хамт салхилуулах гэх мэтээр л өнгөрч байна даа. 11-р сар бүр л завгүй өнгөрөх байх. За одоо унтаж амарлаа :)



Comments

Popular Posts