Шинэ мэдээ ба хагас жилийн тайлан
Цаг хугацаа хурдан юм аа. Бужигнаж байтал хагас жил яах ийхийн зуургүй өнгөрчээ. Өмнөх бичвэрт бичсэнчлэн он гараад удалгүй эх орон, ээж аавдаа очиж золгох шийдвэр гарган нутгийн зүг хүлгийн жолоо залсан билээ. 3 долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрч 3 сар гаргаад буцаад Сиднейдээ ирж ажил амьдралдаа орсон. Монгол явахаас өмнө ажиллаж байсан дэлгүүрээс түр биш байнгын ажилтан болох санал тавьсан бөгөөд нэг хэсэгтээ тэндээ ажиллаж байх шийдвэр гаргасан учир эргэж ирээд шууд ажилдаа орсон.
Удалгүй улаан өндөгний баярын амралт болж, гэр бүлээрээ усан онгоцны аялалд явж бас нэгэн дурсамжыг бүтээгээд ирсэн. Сидней хотоос эхлэлтэй, Queensland мужийн Moreton хэмээх арлын Tangalooma гэдэг эрэг хүрээд буцаж ирэх 4 хоногийн аялал байсан. Энэ талаар бараг тусдаа бичвэр оруулсан нь дээр байх.
Аяллаас ирээд удалгүй гэр бүлээрээ өөр хотруу нүүнэ гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Харин аялалд явахынхаа өмнөхөн дахин бие давхар болсон гэдгээ мэдсэн юм. Саяхан харамсалтай зүйл тохиолдсон учир бид 2 аль болох болгоомжтой байж, хүмүүст эрт мэдэгдэхгүй байхыг хичээсэн. Өөр хотруу нүүх талаараа олон дахин ярилцсны эцэст ямартай ч энэ удаад дассан хотдоо үлдэхээр шийдлээ. Нөхрийн маань эхлүүлэхийг зорьсон ажил ч мөн тэгж таарсан юм.
Найзууд бие давхар болсныг бага багаар гадарлаж олон дахин асуусан ч аль чадахаараа үгүй гэж гүрийсээр ямартай ч 4 сар болгоод хүмүүст хэллээ. Зарим нь мэдсэн ч гэсэн бид хоёрын байдлыг мэдэж байгаа болохоор чимээгүй л байсан байх. Аяллаас ирээд удаагүй байрны гэрээ дуусч байсан тул эрчимтэй байр хайж эхэллээ. Сиднейд байрны үнэ маш өндөр болсон, 2020 онд 7 хоногт 750$ төлөөд 3 унтлагын өрөө, нэг хичээлийн өрөөтэй байранд амдарч байсан бол одоо (2024 онд) тэр мөнгөөр тэр хавьд 1 унтлагын өрөөтэй байранд л орж болохоор байна гэхээр хир нэмэгдсэн нь мэдэгдэж байгаа биз.
Эгч тусдаа гарахаар болсон тул бид 4 хажуудаа хүнгүй дөрвүүлээ амьдрах боломжтой, дээрээс нь түрээс нь хэт өндөр биш байр хайж, байрныхаа хугацааг долоо долоо хоногоор сунган нэг хэсэг байр хайлаа. Хэд хэдэн байранд орохоор хүсэлт явуулсан ч өөр хүн авсан гээд биднийг авдаггүй. Тэгж тэгж гэрээ дууссанаас яг сарын дараа буюу 5 сарын 25-нд нутаг буцахаар болсон Монгол айлын амьдарч буй байранд нүүж орохоор боллоо. Найзуудынхаа тусламжтай гэрээ нүүлгэж, байрандаа цэвэрлэгээ хийж 2 хоног бужигнасаан, мэдээж гэртээ цэгцрэх гэж өөрсдөө тэрнээс ч олон хоног бужигнасан л даа.
Амьдарч байсан байр маань өвөлдөө хүйтэн, түүнээсээ болоод гэрт чийг дааж, мөөгөнцөр үүсээд байсан тул хурдан гарах хэрэгтэй байсан юм. Уг нь яг хүүхдүүдийн сургуулийн дэргэд аятайхан байрлалтай байсан л даа. Энд амьдрахын нэг төвөгтэй зүйл нь байр байр дамжин нүүх, байрнаасаа гарахдаа цэвэрлэж хүлээлгэж өгөх хэсэг байдаг. Маш сайн цэвэрлэж хүлээлгэж өгсөн ч харамсалтай нь өөрсдийнхөө хийсэн илүү ажлаас болж барьцаа мөнгөнөөсөө хасуулах болсон. Гадна хана халтар, энд тэндгүй замасктай байхаар нь будчихсан чинь буруу будгаар будсан гээд мөнгө нэхэмжилсэн дээ. Жоохон гомдолтой байсан ч хэл ам хийж чадахгүйгээс хойш буянаараа болог гээд хасуулсаан. Жижиг сажигхан асуудлыг эс тооцвол шинэ байр дулаан тохьтой байгаа.
За одоо хүүхдийнхээ талаар бичнэ ээ. 3-р сард биений юм ирэх хугацаа бага зэрэг хэтрэхэд л шууд сэжиглэж эхэлсэн. Монголд байхдаа нэг удаагийн эрсдэлтэй алхам хийснээ мэдэж байсан тул ажил тараад дэлгүүр орж тест аваад ганцаараа үзсэн. Шууд л 2 зураас тодроод ирсэн. Айх баярлах зэрэгцэн хэд хоног ганцаараа чимээгүй явлаа. Өмнөх явдал давтагдахаас айгаад гэх үү дээ. Угаасаа нөхөрт хэлэлгүйгээр нуугаад удаан явах боломж байхгүй тул нэг өдөр хоол хийгээд зогсож байхад нь тестээ гаргаж үзүүллээ. Нээрээ юм уу болчихсон юм уу гээд нулимс нь цийлэгнээд баярлаад тэвэрч авч үнсээд байсан. Тэр үед утсаа нууцаар тавиад бичлэг хийдэг байж гээд дараа нь л санаанд орсон л доо.
Бид хоёр өмнөх шигээ яаран эмнэлэгт үзүүлэхгүй байя гэж шийдээд хэсэг хүлээлээ. Хамт амьдарч байгаа эгчдээ гэх мэт зайлшгүй ганц нэг хүнд хэлснээс биш аль болохоор нуусаар байсан. Удалгүй хордлого ч өгч эхэлсэн. Гэхдээ надад өмнөх жирэмслэлтүүдтэй харьцуулахад бага хордлого өгөх шиг санагдсан. Гэтэл гэнэт л нүд загатнаад нухахаар улайж бэлцийгээд ямар нэг юмнаас харшил өгөөд эхэлсэн. Тэр нь сүүлдээ хамар амруугаа ороод, хамар битүүрч, найтаалгаад, нүд загатнаад, шөнө унтаж чадахгүй сэрээд, амарч чадахгүй намайг мяаруулаад эхэлсээн. Бас насных ч юм уу, явдал ихэдсэн үү мэдэхгүй, өөрийн эрхгүй ядраад л ядраад л байсан. Ажил дээр олон цаг зогсдог болохоор нуруу өвдөөд, гэдсээр базлаад л ирдэг. Уг нь ч цөөхөн хоног л ажиллаж байгаа л даа. Одоо хамгийн том асуудал маань энэ харшил л байна. Хамар битүүрэхээр амаараа амьсгалсаар сүүлдээ хоолой өвдөөд, одоо нэг ханиадтай хүн шиг л байна.
За тэгээд 4 сар хүргээд хүмүүст хэлсэн. Хүмүүсийн хувьд ч бидний хувьд ч хамгийн сонирхол татаж байсан зүйл бол хүүхдийн маань хүйс байлаа. Цусны шинжилгээгээр хүүхдийн маань хүйс тодорсон байсан ч бид 2 хүмүүстэй хамт бөөндөө үзэх гээд харалгүй нуучихсан байсан юм. Өнгөрсөн амралтын өдрөөр найзынхаа хүүхдийн төрсөн өдөрт очоод бүх хүн жирэмсэн гэдгийг маань мэдээд хүйсийг нь одоо үзье гэж бид хоёрыг хөөргөөд, бид 2 ч хөөрөөд дэлгүүр явж шаар, салют энэ тэр авчирлаа. Тэгээд л бөөндөө зогсож байгаад нэээг хоёрын гурав аа ииий гээд л хагалсан чинь юу гээч.. ХҮҮ. Ингээд гурван хүүгийн аав ээж болохоор боллоо. 2 хүүгийн хойноос охин байх гэсэн хүлээлттэй хүн болгоны хувьд сонирхолтой байсан хариу маань хүү байсан. Миний хувьд бага байхдаа олон хүүхэдтэй болно гэж боддог байсан ч, одоо нэг охин гаргаад 3 хүүхэдтэй байхад болно доо гэж бодож байлаа. Дахиад хүүтэй болсон гэдгээ мэдээд одоо тэгээд огт охин гаргахгүй гэсэн үг үү.., гаргана гэвэл дөрвөн хүүхэд үү.. гээд л янз бүрийн бодол орж ирсээн. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүү минь энэ бичвэрийг уншвал ээждээ битгий гомдоорой, чамайгаа бүх хайраараа хайрлах болно, зүгээр хоёр хүүтэй аав ээжийн хувьд тийм хүлээлт байх нь зүй ёсны л хэрэг гэж бодоорой. Нэг найз маань маш сайн хүү байх болно, чи хүү байсанд нь, түүнийг төрүүлсэндээ сүүлд маш их баярлах болно гэж хэлсэн. Үнэн байх аа. Надад яг тэгэх байх гэсэн бодол төрсөн.
Хүйсээ үзсний дараа аав ээжүүддээ хэлсэн. Эрт хэлчихвэл хүйсний хувьд тэднийг ч бас хүлээлтэнд орчих юм болов уу гэж бодоод нэг мөсөн мэдчихээд хэлье гэж шийдсэн юм. Мэдээж бүгдээрээ л баяр хүргэсэн. Хадмуудад дархан бэртэй боллоо гэж хэлсэн. Гэхдээ тэр талаар тийм ч сайн мэддэггүй юм шиг байна лээ. Тийм үү гээд байсан хэхэ. Том хүү маань дүүгээ охин байгаасай гэсэн бол бага хүү минь хүү байгаасай гэж хүссэн. Бага хүүгийн минь хүслээр болсон доо. Сайн агаа нар болох байх аа миний 2 хүү.
За ингээд энэ оны эхний хагас жил миний болон бидний хувьд ийм бужигнаантай болж өнгөрлөө дөө. Сүүлийн хагаст ч мөн шинэ хүнээ хүлээж авах учир багагүй бужигнах байх. Амьдрал сайхан байна аа...
Comments
Post a Comment