Эх орондоо очсон нь
Сүүлийн бичвэрээс хойш нүд ирмэхийн зуур 2 сар гаран өнгөрчихжээ. Хамгийн том зүйл гэвэл Монголруугаа, эх оронруугаа явчихаад ирлээ. Энэ жилийн төлөвлөгөөний томоохон хэсэг биелсэн гэсэн үг. Би гэж нэг уйдсан хүн аав ээжтэйгээ утсаар ярихаараа гэгэлзээд л, байна байна билет хараад л, ажилд орчихвол нэг хэсэг Монголруу явахгүй юм байна гэж санаа алдсаар, сүүлдээ нөхрөө ятгаж нэг үзээд, уурлаж нэг үзсээр санасандаа хүрсээн. Тэгээд овоо боломжийн үнэтэй билетнүүд олоод, 3 долоо хоноод эргэж ирэхээр, нилээд олон дамжлагатай нислэг захиалсан. Өөрөөр хэлбэл нэг талдаа 3 удаа нисч, тэр бүртээ ачаагаа авч буцаагаад өгдөг байхаар. Бид 4 найман чемодан ачаатай, дээрээс нь 4 үүргэвч, нэг гар чемодантай явж байлаашдээ. Жоохон төвөгтэй юм шиг сонсогдож байгаа ч үнэндээ бид нарт тийм ч хэцүү байгаагүй ээ. Хүүхдүүд том болсон тустай, дундаа хүлээлгийн зай ихтэй учраас яарах юм байхгүй тайван сайхан байсан. Дээрээс нь замдаа бас нэг хөөрхөн Монгол гэр бүлтэй таарч танилцаад уйдах завгүй л явлаа. Сиднейгээс Хайнан, тэгээд Бээжингээр дамжаад Улаанбааатарт буусан. Бид дөрвийн анхны удаа хамтдаа онгоцоор хийж байгаа аялал байлаа. Хүүхдүүд багадаа эмээ өвөөтэйгөө наашаа нисч ирээд таван жил болсон болохоор ер нь мартчихсан байсан л даа. Хайнаны онгоцоор нисэхэд урдаа дэлгэц байгааг хараад баярлаад л, тоглоом кино бүх юмруу нь орж үзээд л, чихэвч, хоол, ус ундаа гээд юм ирэх бүрт баярлаад л их гоё байх шиг байсан. Монголын онгоцонд суугаад харин яагаад дэлгэцгүй байгаа юм бээ гээд байсан.
За тэгээд цагаан сарын битүүний оройн 11 цагийн үед Монголд газардаад 2 найзынхаа машинтай тосуулаад буудалд буухаар явсан даа. Бид хэд Монголд очиж байгаагаа тосуулсан хүмүүсээс өөр хэнд ч хэлээгүй байсан юм. Тэгээд шинийн нэгний өглөө эрт аавынд очиж золгох гээд ойрхон буудалд буусан. Надад яг Бээжин дээр нисэх онгоцны буудлаас буухад өвлийн хүйтэн сэнгэсэн агаар аймар гоё санагдсан. Тийм хацар хайрсан агаар мэдрээгүй их удсан болохоор. Монголд буухад мэдээж бас л гоё, илүү хүйтэн байсан. Шинэ нисэхээс төврүү явах замын эхний хэсгийг анх удаа явж байгаа болохоор угаасаа мэдэхгүй, харин хотруу ойртоод эхэлсэн чинь маш их барилга шинээр баригдаад танигдахын аргагүй болсон байсан. Машины арын суудлаас, харанхуйд цонхоор хараад би хаана яваад байгаагаа мэдэхгүй л байсан. Бүр хотын төв, нарны гүүр, хороолол гээд явсан чинь харин мэддэг газрууд яг хэвэндээ байна лээ. За тэгээд шинийн нэгний өглөө нилээд эрт босч биеэ бэлдэцгээж, Монгол цамцнуудаа өмсөөд аавындаа гэнэт яваад орсон доо. Бүгдээрээ гайхаад, аав ээж 2 уйлаад баахан л юм болсон. Өдөржин хадмын хамаатнуудаар явсаар орой ирж амраад, үүрээр 4 цагт босоод, машинтай Эрдэнэтрүү гарсан байдаг. Дахиад манай аавынд хэлэхгүй явж ороод, аав ээжийгээ уйлуулаад бөөн л юм боллоо.
Тэр оройноо гарч багын гурван найзтайгаа уулзаад, нус нулимс, инээд баяр болж, нэгнийдээ шөнөжин ярьж суусаар өглөө болох үеэр харьсаан. За тэгээд яваад л байсан, яваад л байсан. Шинийн гурвандаа Эрдэнэтдээ айлд очоод, дөрвөнд нь Архангай яваад, замдаа цасанд сууж, тавны үүрээр очоод, өвөөтэйгөө золгоод, үеэлийндээ хоноод, зургаанд хотруу яваад, орой нь хадмындаа хоночихоод, долооны өглөө нь аав ээжтэйгээ Эрдэнэт яваад, орой нь шууд 2 найзтайгаа гурвуулаа амралтанд яваад, найманд ирж гэртээ хоноод, есөнд нь гал тэргэнд сууж аавтайгаа хамт хот яваад, шинийн 10 буюу нэг дэх өдрийн өглөө хотод буусан байдаг аа. Одоо бодоод бичихэд л бараг ядарч байна. Гэхдээ л Монголд байсан хамгийн гоё өдрүүд энэ байсан. Шинийн 3-ны орой Эрдэнэтэд маш гоё цас ороод, би баярлаад хүүхдүүдээ, чаргаа авч гараад гадаа зөндөө тоглосон. Хүүхдүүд гар нь даараад гар өвдөөд байна гэчихээд л хөөрөөд тоглоод л байсан. Бид хэд цас хүртэл идээд. Монгол явсны бас нэг гол утга учир тэр шүү дээ. Архангайд хүүхдүүддээ ишиг хурга тэврүүлж, морь унаж үзүүлээд бас л гоё байсан. Хоёр найзтайгаа амралтанд явах бол хайр байсан. Хорин хэдэн жил найзлаж байгаа ч анх удаа л тэгж гоё хамт явсан. Бүр холбоо тасарсан багын найзаа тэнд дуудаж уулзаад хөөрхөн байсаан. Амралт маань ч үзэсгэлэнтэй байгалтай гоё газар байсан. Эрдэнэтэд өөрийнхөө гэрт хоносон өдрүүд хамгийн гоё тухтай, сайхан амарсан өдрүүд байсан. Аав ээж 2 юу идэх үү, юу уух уу, унтаж амар гээд л. Их унтсан ч, найзуудтайгаа уулзаж оройтсон ч санаа зовохгүй, байгаагаараа байх орчин минь өсөж өндийсөн гэр минь байлаа.
Хот ороод л аавыг үзүүлэхээр шууд эмнэлэг явсан. 2 хоног эмнэлгээр явсан ч яг өвдөөд байгаа юмных нь талаар олигтой мэдсэн юмгүй, харин хавдар ч байж магадгүй ганц нэг зангилаанууд бас үүссэнийг мэдэж авсан. Гэхдээ тэрийг ажиглана гээд шууд ямар нэг юм хийдэггүй юм байна лээ. 3 дахь өдөр аав буцаад бид хэд өөрсдийн ажлаа амжуулж эхэлсэн. Банк орох, газрын асуудал, тэгээд л баахан өөрсдийгөө үзүүлэх эмнэлэг гээд л. Дундуур нь арван жилийн ангийнхан, их сургуулийн хэдэн найз, ажлын газрынхан, дээрээс нь бас золгоогүй үлдсэн хамаатнуудтай уулзах гээд л өдөр хоног хүрэлцэхгүй яваад л байсан яваад л байсан. Сайн найзтайгаа ч яг тухтай удаан уулзаж чадахгүй, эхлээд цайны цагаар нь маникюрт, дараа нь ангийхантай бөөндөө уулзахад, тэгээд нэг орой хоол идэх гэж (тэр хамгийн тухтай уулзсан нь), дараа нь ганц өдөр дэлгүүр орохоор ганцаараа гарч ирэхдээ ажил дээр нь очиж кофе ууж, хамгийн сүүлд нисэх буудал дээр намайг гаргаж өгөх гэж уулзсан. Хүүе ээ бараг уулзаагүй гэж бодсон чинь гэхдээ хотод 11 хонохдоо 5 уулзсан, Эрдэнэтэд уулзсантай 6 уулзсан байнашдээ хэхэ. Гэхдээ хангалтгүй л байсан юм даа. За тэгээд хотод байсан хэдэн хоногт хирэндээ л их ажил амжуулсан. Хамгийн сүүлд нисэх өдрөө гэр бүлээрээ, хоёр талын аав ээжүүдтэйгээ бөөндөө хоолонд ороод тэгээд буцсан байдаг. Аав ээж 2 өмнөх өдөр нь хүүхдүүдээ гаргаж өгөхөөр ирсэн юм.
Пөөх ингээд бодсон чинь байна шдээ, аавыг 3 дахид явсны дараах 9 хоногт үнэхээр их ажил амжуулжээ. Нийт 9-10 удаа эмнэлэг орсон, 5 айлд очсон, бүр Дарханруу найзындаа очиж хоноод ирсэн, гадуур 4-5 удаа хүмүүстэй хоолонд орж, тэрнээс гадна ангийнхан, ажлынхантай гадуур уулзаж, 2 удаа дээл солиулахаар Гранд плаза орж, их дэлгүүр, Цэцэг төв, Мөнгөн завьяа, бас эмийн сан орсон, найзтайгаа 3 удаа уулзаж (ангийнхатай хамт болон нисэх дээр уулзсныг хасаад), бас 2-3 банк орсон гээд 9 хоногт бол ахдахаар ажил амжуулжээ. Өө бүр цанын бааз ч ороод амжсан байна. Тэгээд ч зөндөө олон ажил амжихгүй, бид 2 дараа ирэхдээ арай удаан хугацаагаар, бас зун ирье гэж ярьсан.
Тэхдээ гоё байсаан. Хүмүүс бүгдээрээ л хөөрхөн байсан. Яг л хэвээрээ. Зарим нь бүр илүү хайр байсан хэхэ. Зөндөө бэлэг авсан. Бүх хүнд л илүү их цаг зарцуулж, илүү удаан уулзаж, зөндөө бэлэг өгмөөр байсан. Нээрэн баахан хүмүүс уйлуулчихаад би өөрөө нэг ч уйлаагүй. Сонин байгааз. Уйланхай хирнээ тиймэрхүү үед би уйлдаггүй юм шиг байна лээ. Ихэнхдээ гомдоод хэлэх үггүй болохоороо бачуураад уйлдаг юм шиг байгаан.
За тэгээд буцах зам бас паянтай. 5 дахийн орой суугаад бүтэн сайнд ирэх байсан юм. Бээжин дээр нэг хоноод дараа нь Хайнанд ирсэн. Тэндээ онгоцны буудал дээр хоноод Австрали нисэх байсан чинь би шөнө нисэх цагаа өдөр ниснэ гэж андуураад онгоцондоо суулгүй явуулчихсан. Ёоо ёстой муухай мэдрэмж байна лээ. Бүр хэлэх үг олдохгүй өөртөө гомдоод байгаам чинь. Ямар ч арга байхгүй. Өөрсдөөсөө болсон болохоор дахиад билет авах хэрэгтэй, тэр нь бүр дахиад бүтэн нэг хоноод, тэрний дараагийн шөнө явах. Мөнгөөр ч цаг хугацаагаар ч шатсан юм болсон. Юун хямд нислэг, мөнгө хэмнэх энэ тэр. Ядаж байхад нь Хятадад англиар ярих хүн олно гэдэг үнэн хэцүү. Өвсөн дотроос зүү хайх нь ч хаашаа юм гэхдээ ээмэг хайх дайны хэхэ. Дээрээс нь VPN ашиглана, тэр нь салж нийлээд л, үнэн ядаргаа. Хаа очиж хүмүүс нь тусч юм аа. Транслэйт ашиглаад орчуулаад л туслаад байх юм. Бээжинд бас нэг хүн туслаж буудал захиалж өгсөн. Буудлаас нь машин ирж аваад, буцааж эйрпорт хүргээд өгдөг аягүй аятайхан. За тэгээд нэгэнт нисч чадахгүй болсон болохоор нэг буудал олоод л явлаа. Өчигдөр оройноос хойш юм идээгүй өлсөөд, буудлын эргэн тойронд үйлчилгээний газар бараг байхгүй, байгаа нь картыг маань уншихгүй, бид нар бэлэн мөнгө байхгүй нусаа хацартаа наалаа. 2 хүүхдээ үлдээгээд алхаж алхаж нэг томхон дэлгүүр олсон чинь нөгөөх нь бас л карт уншихгүй, банк нь хүртэл картыг маань дэмжихгүй. Уур нь гарч явсан нөхөр маань дахиад л уур нь хүрээд хурдан хурдан алхсаар буудалдаа ирээд, бид хэд чемоданд байсан пичень энэ тэр задлаж идээд унтсан юм даа. Ядаж байхад гадаа бүгчим чийглэг халууныг хэлэх үү. Маргааш өглөө нь босч буудлын өглөөний цай ууж сайхан болж аваад, нэг залуугаар нилээд юм болж такси дуудуулж аваад төв орлоо. Бид нарт байгаа жоохон мөнгө нь таксиндаа хүрэхгүй, өөрөөсөө гаргаж зээллээ нөгөөх маань. За арай төв газар очоод тэрүүгээр хэсэг алхаж, байсан 30-хан юуандаа зайрмаг, чипс авч идээд банкруу алхлаа. Очоод картнаасаа мөнгө аваад бид хэд бөөн баяр. Дахиад англиар ярих хүн хайсаар банкны менежер үү үгүй юу нэг цагаан цамцтай залуу цаад өрөөнөөс гарч ирээд муухан ч гэсэн англиар ярьсаар бид хэдэд ойрхон томхон дэлгүүр орох такси дуудаж өглөө бас. Бүр таксины 10 юуан өөрөөсөө төлчөөд, өгсөн чинь зүгээр гээд аваагүй. Тэр нь бас үнэндээ нэг их том дэлгүүр байгаагүй ээ. Бид хэд тэр хавиар жоохон хэсээд, аятайхан буфет хоолны газар олоод маш хямд мөртлөө ханатал идээд, болоогүй бас пиво энэ тэр уугаад бод идсэн боохой шиг болоод л гарлаа. Тэр хавиар хэсэг алхаад одоо харья гэсэн бас таксины асуудал. Гудманд хүн амьтнаас асуухаар өөдөөс таг Хятадаар яриад байна. Тэгж тэгж бас нэг хүн туслаад буудлын зүг явсаан. Очиж ачаагаа аваад, таксины өрөө дараад, эйрпорт хүргүүлсээн. За тэгээд шөнө нь нисээд маргааш өдөр нь Сидней хотын бараа харсан байдаг юм аа.
Нөгөө онгоцонд суухаар баярлаад байсан хүүхдүүд чинь харихын түүс. Сиднейд ирээд баярлаад байгаа юм чинь. Бид хоёрт ч бас гоё байсаан үнэндээ. Монголын хүйтэн цаг агаараас (ядаж байхад нь сүүлийн 60 жил хүйтрээгүйгээрээ хүйтрэх үед нь очсон), Хайнаны бүгчим халуунруу очоод, тэгээд энд ирсэн чинь дулаахан мөртлөө салхи сэвэлзээд үнэн гоё байна аа. За бид хэдийн эх орондоо зочилсон түүх ийн оршвой. Хүн гэхдээ байгаа газартаа дасчихдаг юм байна аа. Энд ирсэн чинь гэртээ ирэх шиг л тухтай байлаа. Дээрээс нь хааяа нэг ийш тийшээ явж орчноо сольж үзвэл эргэж ирээд ямар сайхан газар байснаа, бас гэрээ хичнээн тав тухтай болохыг мэдэрдэг юм байна гэж бодлоо. Монголдоо ойр ойрхон очиж байх, аав ээжийхээ амьдарч байгаа газарт нь анхаарал тавих, тэднийхээ эрүүл мэнд гээд элдэв зүйлийг л бодон бодон ирлээ дээ. За тэгээд хэсэг хугацааны дараа Австралидаа хэрхэн бужигнуулж байгаа бичвэр орох буй за. Төлөвлөсөн зүйлс их байна даа.
Comments
Post a Comment