Сайн байна уу 2023 он!
Шинэ оны мэнд ээ! Жил бүрийн шинэ оны эхний бичвэрийг нилээд орой оруулдаг боллоо шүү. Жилийн хамгийн урт амралт энэ үеэр таардаг учраас ийш тийшээ явж амарсаар, зугаалсаар, ядарсаар ийнхүү оройхон цэгцэрдэг билэээ. Монголынхоор зуны/наадмын амралт гэх үү дээ. Ковидын хорио цээр тавигдаж бид хэд улс дотроо чөлөөтэй аялах боломжтой болсноор энэ жил Виктория мужийн Мелбурн хотруу аялаад, шинэ оноо угтаад ирсээн.
7-н гэр бүлийн нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй баг 3000 орчим километр замыг туулж, 8 шөнө, 9 өдрийн аялал хийгээд ирсэн байдаг. 7 машинтай, нийт 3 шөнийг майханд хонож, түрээсийн байшинд 5 хоносон уртхан аялал байлаа. Байгаль дээрх халуун рашаанд орж, ой дундуур аялах хуучны задгай галт тэрэг, далайн эрэг, байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалж, нисдэг тэрэгний аялал хийж, казино тоглон, 88 давхрын шилэн тавцан дээр зогсон Мелбурн хотыг тольдон, ядарсан хэдий ч уйдах завгүй, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлээд иржээ.
Одоо л нэг амьдралын хэвийн гольдролдоо орж эхлэж байгаа боловч хүүхдүүд болон миний сургууль эхлээгүй байгаа болохоор амралтын байдлаасаа бүрэн гараагүй л байна. Бичвэрээ эхлэхээс өмнө, өмнөх жилийн эхний бичвэрийг уншлаа. Ерөнхийдаа зорилго маань 2, 3 дугаар семестэртээ амжилттай суралцаж, дадлага олж хийх байжээ. Бараг л биелсэн гэж хэлж болохоор байна аа. Семестрүүдээ амжилттай дүүргэсэн, дундуур нь нэг Монгол хүний компанид дадлага хийсэн. Үнэндээ бол дадлагаа тийм ч амжилттай болсон гэж хэлж чадахгүй ч, албан ёсоор гарын үсэг зурж гэрээ байгуулан, CV дээрээ бичих юмтай л болсон юм даг уу даа. Би гэж хичээл, амьдрал 2ынхоо араас гарч чадахгүй хүн дадлагадаа хангалттай цаг хугацаа зарцуулж олигтой юм хийж чадаагүй билээ.
Одоо харин энэ жилийн зорилго. Үлдсэн 2 хичээлээ амжилттай сурч, гол төслийн ажлаа өндөр дүнтэй хамгаалаад (High definition 💪), голч дүнгээ ахиулаад төгсөх зорилготой байна. Хамгийн гол нь мэргэжлээрээ албан ёсоор ажилд (гадаад компанид 😊) орох болно! Ийм том зорилгуудтай байгаа хэдий ч гэр бүлдээ тавих анхаарал халамжаа сулруулахгүй, хүүхдүүддээ сайн суралцахад нь анхаарал хандуулж, нөхөртөө хань, дэм болж, мөн гэр бүлээрээ усан онгоцны аялалд явах төлөвлөгөөтэй байна. Бас нэг хилийн дээс алхчих санаа ч байгаа. Мэдээж хамгийн чухал зүйл бол бүгдээрээ эрүүл саруул, эвтэй найртай байх юм шүү дээ. За тэгээд бусад зүйлс аандаа болно доо.
Сайхан зугаалж цэнгэж ирсээн гэдэг чинь сайхан мөнгө үрсээн гэсэн үг. Одоо харин дахиад бүсээ чангалах цаг. Миний сүүлийн семестэрийн төлбөрийг төлчих юм бол, дараа нь визэндээ орчих юм бол бид хоёр нэг гүнзгий амьсгаа авах боломжтой болох байх аа. Мастерт ороод мэдүүлсэн виз маань саяхан, хичээлийнхээ 4-ний 3-ыг сурсны дараа нэг юм гарав ш дээ. Үлдсэн ганц семемтэртээ ядаж хүүхдүүдийнхээ төлбөрийг хөнгөлүүлж чадах нь ээ. Тэгээд л шинэ гарсан виз маань сургууль төгсөхтэй зэрэгцэн дуусаад дараагийн визээ мэдүүлнэ дээ. Амьдрал одоохондоо гүнзгий амьсгаа авах зав өгөхгүй л байна. Би төгсөөд ажилд орчихвол сайхан болно доо гээд л тэсч байна даа.
Сониноос тун удахгүй эгч маань энд ирэх гэж байгаа. Бараг 2, 3 жилийн өмнөөс л ярьж байсан зүйл маань одоо л биеллээ олох нь. Гэхдээ аяллаар ирнэ, цаашаа яах эсэхийг байдлыг харж байж л болно доо. Энд аваад үлдчмээр байгаа ч тэнд байгаа аав ээжийгээ бодохоор болохгүй байна аа. Гэхдээ л 5 жил уулзаагүй газар дээрх ганц эгчтэйгээ уулзна гэхээр сэтгэл догдлон, хоног тоолон сууна аа.
За амьдрал нэг иймэрхүү. Ер нь бол одоогоор надад эрч хүч, эерэг энерги хэрэгтэй байна аа. Токсик хүмүүс, сөрөг бодлууд, хорт зуршуулаадаас хол байхыг хүсч байна. Хичээнэ дээ!
Comments
Post a Comment