Энэ оны сүүлийн сар эхэллээ

Шалгалтууд дуусчихсан, хичээл амарчихсан сайхан байна аа... Дүнгүүд ирээгүй байгаа ч, энэ семестрийн хувьд надаас хамаарах зүйлс дууссаан. Одоо ажлаа хийгээд л, уулзаж амжихгүй байсан хүмүүстэйгээ уулзаад л, гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлээд, ээж эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэж тэдэндээ цаг гаргаад сайхан байна. Мэдээж бодлын мухарт "CV-гээ янзалж, ажлуудад apply хийж эхлэнэ үү" гэсэн анхааруулга байнга явж байгаа ч сэтгэл санаа харьцангуй тайван аятайхан байна. Амралт эхлээд 2 дахь долоо хоног дундаа орж байна. Шалгалт дууссан өдрөө кэмпинг хийхээр яваад маргаашаас нь эхлээд гэр бүлээрээ дахин Ковид тусаад жоохон мяарцгаасан байдаг. Гэхдээ олон хоног мяараагүй тэгсгээд бүгд дажгүй болцгоосоон. 

Өнөөдөр 11-р сарын сүүлийн өдөр. 13 минутын дараа энэ оны сүүлийн сар эхлэх гэж байна. Шинэ жил тун дөхсөн учир нилээд завгүй сар болох нь гарцаагүй биз ээ. Гадаа дулаараад өдөр болгон л тэнэмээр санагдаад гэгэлзүүлж, амралтаар явах аяллын бэлтгэлээ базааж, амрахын өмнө боломжоороо сайн ажиллаж, гэр орноо цэгцэлж, гацуураа засаж, зул сарын баярыг найзуудтайгаа тэмдэглэж, оны сүүлээр аялалдаа гарах болно оо. Хажуугаар нь өөрийгөө орхигдуулалгүй өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө өөд нь татах чухал ажилтай 😜 Хичээл ном, ар гэр гээд завгүй амьдралын дундуур өөрийгөө жоохон хойш нь тавьчих гээд байдаг сул талтай хүн байна аа. 

Шинэ жил дөхөхөөр гэгэлзээд л байдаг байсан хүүхэд нас бараг л ард үлдэж дээ. Дээрээс нь гэгэлзүүлж догдлуулдаг хацар хайрам цас ч байхгүй. Гоёлын ганган палаж, ананастай тахиа ч алга. 5 дахь оноо халуун оронд угтах гэж байна даа. Цаг хугацаа гэж хурдан юм аа. Амьдралынхаа таван жилийг ингээд энд өнгөрөөсөн гэхэд итгэмээргүй. Дахиад хичнээн жилийг ч өнгөрөөх юм бүү мэд. Гэхдээ байгаа газраасаа, оршиж байгаа цаг хугацаанаасаа сайхныг нь мэдэрч амьдрах нь чухал юм болов уу даа. 

/Шөнө дунд утас, компьютер хоёроо зэрэг шагайгаад сууж байсан чинь нөхөр сэрснээ унтаач, өөрийгөө ядраалаа гээд загначихаад унтаад өглөө, унтья даа одоо 😋 Яг уянгалах гэж байхад чинь болиулчихийн/


December Christmas Clipart Vector, Christmas Cute December Clipart, December  Clipart, December, December Clip Art PNG Image For Free Download

Comments

Popular Posts