Баярлалаа, хайртай шүү...

Шөнийн шөнийн охин минь ухаараач дээ...♪♩♪ Австралид шөнийн 01:25 болж байна. Хичээлээ хийхийн оронд энд ингээд бичээд сууж байна даа. Гэнэт нөхрийнхөө талаар бичмээр санагдаад. Сая намайг сургууль дээрээс очиж авсан юм. Өглөө 6 цагаас ажилтай хүнийг нааш цааш нь явуулаад би жоохон даварчихсан эхнэр юм аа. Жоохон ч биш дээ, их л даварч байна. Тэгээд ханиараа бахархаж бичмээр санагдаад... 

Би багаасаа л гадаадад сурна гэж боддог байсан боловч өөрийнгөө тэтгэлэг авна л гэж бодож байснаас яаж тэтгэлэг авах, тэрэнд бэлдэх гээд юу ч хийгээгүй, мөрөөдөхөөс цаашгүй сайхан гар явсаан. Мөрөөдсөөр байгаад гуч гарчихсан хүний мөрөөдлийг биелүүлж байгаа ханьдаа талархаад барашгүй. 10 гаран жилийн өмнө цав цагаан царайтай, сүмбэн цагаан хуруунуудтай, цав цагаан шүдээ ярзайтал инээсэн хүүхдээрээ, хөөрхөн залуутай танилцаж, энэ хүний л эхнэр болъё гэж шийдэж билээ. Зөв сонголт хийсээн. 2 хүүхдийн ээж, айлын эхнэр болчихоод би сургуульд сурна гээд олж ирсэн болгоныг нь сэгсрээд, гэртээ үзэгдэхгүй алга болчихдог хүнд хамаг байдгаа зориулж, ажлын хүндийг хийгээд, гомдоллох ч үгүй, дэмжээд байж байдаг ийм нөхөр өөр хаанаас ч олдохгүй байх аа. 

Манай нөхөр энд хүнд ажил хийдэг, сайн ч олдог. Харин олсныг нь би бүгдийг нь хамж аваад, нэмээд өр тавиулаад Автсралийн хамгийн үнэтэй сургуулийн төлбөрт тушаачихдаг. Хүмүүс намайг хэтэрхий их мөнгө үрлээ гээд шүүмжлэхээр нь нөхөртөө ирээд би сурахаа болилоо гэж гомдоллоод нөхрөөрөө аргадуулдаг. Надад мөнгө хэрэгтэй, би өөрөө ажил хийж мөнгө олно гэж зүтгэнэ. Тэгсэн хирнээ хичээлээ хийж чадахгүй, амжихгүй байна гэж гомдоллоно. Амралтын өдрийн өглөө нөхөр хүүхдүүдээ орхиод сургууль дээрээ сууж хичээлээ хийнэ гээд явчихна. Намайг тэгээд явчихсан үед нөхөр маань 2 хүүхдийнхээ хичээлийг хийлгээд, усанд оруулж хумс хурууг нь цэвэрлээд, хоол ундаа зохицуулаад, ирэх долоо хоногтоо бэлдчихнэ. Ажлын 3 өдөр хичээлтэй байдаг болохоор эрт очиж сууна гээд хоол хийхгүй гараад явчихна. Манай хүн ажлаасаа ирээд хоол хийхдээ хийж, хийхгүйдээ хийхгүй өөрсдийгөө зохицуулна. Айлын эхнэрүүд бүгдээрээ нөхөртөө өдрийн хоол бэлдэж өгнө. Би ч сургууль эхлэхээс өмнө тийм л байсан. Одоо оройн хоолноос үлдвэл өгч явуулна, үгүй бол нөхөр өөрөө л зохицуулна даа. 

За нэг ийм даварсан эхнэр байна. Зогсоол олдохгүй гээд албатай юм шиг машинаа орхиж явчихаад, сургууль дээрээ оройтоод, нөхрөө унтуулахгүй авахуулна. Айлын нөхрүүд мөнгөө хураагаад гоё том машин авна, эсвэл Монголд байр сав, газар авлаа л гэнэ. Манай нөхөр хуучин приус унаж, шинэ хувцас ч авч өмсөлгүй удаж байна. Би сэтгэл хөдлөөд янз бүрийн юм авна гэхээр эхлээд төлбөрийг чинь хийе ээ л гэнэ. Гэхдээ намайг гоо сайханд ороорой, нүүрнийхээ юмыг аваарай гээд хэзээ ч мөнгө харамлахгүй. Чамайг төгсгөчөөд машин авнаа, би сурнаа гээд л ярина. Хүүхнүүд хамаг залуу насаа нөхөртөө зориулаад гээд ярьдаг бол би нөхрийнхөө хамаг залуу насыг мөрөөдлөө биелүүлэх гээд үрж байна. Үнэндээ төгсөөд хир амжилттай байхаа ч мэдэхгүй, үнэхээр үнэ цэнэтэй зүйл хийж байгаа юу гэдэгтээ хааяа эргэлзэнэ. Гэхдээ миний нөхөр надад өөрөөс минь ч илүү итгэдэг. Төлбөрөөс болоод шантрахад төлж байгаа би шантраагүй байхад чи зүгээр хичээлээ л сайн хий гэж хэлнэ.

Манай нөхөр романтик биш, нялуурч эрхлэлдэхдээ ч тааруу. Би тэрэнд нь гомдоллож элдэв янз болно. Тэгэхээр юу ч хэлэхгүй таг дуугүй болоод улам уур хүргэнэ. Тэгсэн мөртлөө заримдаа шал үглээ болчихно. Тэгэхээр нь бас би уурлана. Сүмбэн цагаа хуруунууд нь бүдүүрчихсэн. Цагаан царай нь одоо бор болсон. Би л үрчлээ нэмлээ, жин нэмлээ, сэвх тодорлоо, нас явлаа гээд үглээд байдаг боловч миний хань адилхан л нас нь ч, үрчлээ нь ч нэмэгдэж, хүнд ажил хийсээр нуруу нь өвддөг болсон. 

Өөрт нь ингэж баярлаж, бахархаж явдгаа би хэлж чаддаггүй юм аа. Би ч бас нээх сайхан ааштай, нялуухан халуухан амьтан биш ээ. Хатуу үгийг харамлахгүй, элдвээр хэлж чамладаг хирнээ сайхан үгийг болохоор ингээд өөртөө хадгалаад, харамлаад байдаг жоохон тиймэрхүү л нөхөр юм. Гэхдээ хал нь гаднаа хайр нь дотроо гэдгийг минь мэддэг байх өө. 

Сургуулиа төгсөөд, хүссэн ажилдаа орчихвол миний дараагийн мөрөөдөл юу гээч? Нөхөртөө гоё машин авч өгөх. Мэдээж өөрөө авна гэх байх л даа. Гэхдээ чаддаг бол авчихаад гэнэт өгч баяруулах юм сан гэж мөрөөддөг. Харин бид хоёрт зөндөө зорилго байгаа. Хамтдаа, тэгээд бие биедээ итгэж дэмждэг байхад алхам алхмаар урагшилсаар, зорилго мөрөөдлөө биелүүлсээр байна даа. 

Ханьдаа баярлалаа, хайртай шүү 💖 

(Хэзээ нэг өдөр олж уншаад уйлах байхдаа 😂)

Cartoon Couple Images - Love Story Cartoon Couple - 1024x768 Wallpaper -  teahub.io

Comments

Popular Posts