Self love challenge #3

Өөрийгөө хайрлах 9 хоногийн сорилыг туршиж үзэх гэсэн боловч энэ нь миний хувьд хэдэн сараар үргэлжилж байх шиг байна. Гэхдээ удаанаар ч болов бүгдийг нь хийж үзвэл өөртэйгөө илүү дотно танилцаж, илүү хайрлах юм шиг мэдрэмж төрөөд байгаа тул зогсоохгүй байхыг хичээнэ ээ.

Хүн ер нь бодол сэтгэлийн амьтан гэдэг. Би бол яг мөнөөсөө мөн. Байнга л ямар нэгэн зүйл бодож эргэцүүлж, тэрүүгээрээ өөрийгөө унагаж босгож, хурцалж мохоож байдаг нэгэн. Заримдаа сөрөг бодлууддаа автаж сэтгэлээр унана, заримдаа хэт сэтгэлийн хөөрөлдөө автана гэх мэт. Өнөөдөр тэрхүү намайг удирдаад байдаг сөрөг бодлуудынхаа талаар эргэцүүлж, өөртэйгөө ярилцах нь ээ.

ӨНӨӨДРИЙН АСУУЛТ: Танд одоо тохиолдож байгаа, эсвэл өмнө нь тохиолдсон ямар нэгэн таагүй, хэцүү үйл явдлын талаар бодно уу.

1. Ямар хэцүү, таагүй зүйл тохиолдсон бэ?

Өнгөрсөн семестрийн талаар бичье гэж бодлоо. Миний хувьд хоёрдогч хэл дээр их сургуульд сурч байгаа анхны удаа гэдгээс гадна Англи хэл маань тийм ч хангалттай сайн биш учраас маш их стресстэй байсан. Ковидын улмаас онлайнаар хичээллэж байсан бөгөөд багш нарынхаа ярьж байгааг гүйцэд сайн ойлгохгүй, зарим хичээл сонголт, хуваарийнхаа учрыг олохгүй, хичээлээ хийж чадахгүй үедээ асуух, ярилцах ч хүн байхгүй болохоор ганцаараа маш их бухимдаж стресстэж байсан. Орж ирж байгаа шинэ мэдээлэл, миний мэдэхгүй зүйлс болгон "Ёоо энэ бас юу юм бол оо" гэсэн бодол төрүүлж бухимдуулж байсан. Гэр бүл хүүхдүүдийн хажуугаар өөрийнхөө хичээлд хангалттай цаг гаргах нь хэцүү байсан учраас ихэвчлэн шөнөөр хичээлээ хийж хагас дутуу нойртой явж байгаа нь улам стресс нэмэгдэхэд нөлөөлж байсан.

2. Энэ нь надад ямар ямар сөрөг бодлуудыг бий болгосон бэ?

Заримдаа би ер нь сурч чадах юм уу, ингэж байснаас зүгээр л сайн эхнэр, ээж байж тайван сайхан амдарч болдоггүй юм уу гэх бодол орж ирнэ. Зарим хүмүүс миний төлбөрийн талаар асуугаад уулга алдахаар (чи тэгээд ингэж сураад яах гэж байгаан.. гэсэн хандлага) нь нөхрөө бас мөнгө олох гэж зовоон, төлбөрөө хийлгэж ингэж сурах хэрэгтэй юм уу гэсэн бодлууд орж ирнэ. Ер нь би буруу юм хийгээд байгаа юм биш үү, би чадахгүй юм биш үү, би хамгийн муу сул дорой нь юм биш үү гэсэн бодлууд их орж ирдэг.

3. Энэ нь надад ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

Стресс ихтэй, нойр дутуу үед хамаг юмыг аягүй сөргөөр хараад, муу талыг нь бодоод гутраад байдаг болчихдог юм байна лээ. Өөртөө итгэх итгэл багасаад гутранги болчихдог. Нэг тийм гацаанд орчихсон юм шиг. Чиглүүлээд зөвлөөд өгөх хүн хэрэгтэй санагдаад, хүмүүсээс тусламж асуугаад, туслаж чадахгүй болохоор нь гомдоод л... Хийж байгаа зүйлс маань утга учиргүй санагдаад л... Нэг л тийм байнгын шаналгаатай мэдрэмж.

4. Энэ зүйлийн оронд юу тохиолдоосой гэж та хүссэн бэ?

Хичээлээ түйртэлгүй хийдэг, хажуугаар нь гэр бүлдээ болон өөртөө анхаарал тавих, найз нөхөдтэйгөө уулзах цаг зав гардаг, хамгийн гол нь хэлэндээ маш сайн байсан бол гэж их бодсон. Сургууль дээрээ найзуудтай болж, хичээлээ хамт хийх ярилцах хүнтэй, онц сураад тэтгэлэг аваад л, төлбөрт санаа зовох зүйлгүй, тийм байвал сайхан байх байсаан.

5. Энэ зүйл тохиолдсоноор та ямар бодол бодох хэрэггүй гэж мэдэж авсан бэ? 

Хэтэрхий их өөрийгөө голох хэрэггүй гэдгийг ойлгосон. Мөн хүмүүсийн сөрөг үгс, хандлагад автахгүй байх хэрэгтэй. Хүмүүсийг заавад надад туслах ёстой юм шиг бодож, хүлээлт үүсгэхгүй байх хэрэгтэй. Мөн болоогүй эсвэл мэдэхгүй байгаа зүйлдээ хэтэрхий их шаналдгаа болих хэрэгтэй санагдсан.

6. Энэ зүйл тохиолдсоноор та ямар мэдрэмж авахыг хүсдэгээ мэдэж авсан бэ?

Ер нь ямарваа зүйлсийг хяналтандаа байлгах дуртай гэх юм уу даа. Мэдэхгүй, тодорхой биш зүйлс намайг хамгийн их бухимдуулдаг. Мөн өөрийн маань мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлс өөртөө итгэх итгэлийг маань үгүй болгодог. Тиймээс нэг тийм цэгцтэй, бүх зүйл хяналтанд гэх юм уу, өөртөө итгэлтэй тийм мэдрэмж авахыг хүсдэг.

7. Асуулт 4-ийн хариултыг биелүүлэхийн тулд та ямар бодол, мэдрэмжтэй байж юу хийх ёстой вэ?

Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, бүх зүйлийн учир нь олдоно гэдэг өөдрөг сэтгэлээр аливаа зүйлд хандах хэрэгтэй юм шиг. Тэгээд цагийн менежмент их чухал. Бухимдаж стресстэж суухын оронд төлөвлөгөө гаргаад, цагийн юмыг цагт нь амжуулаад яваад байвал зүгээр. Өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьж, өөрийгөө голох хэрэггүй.

8. Өөртөө хайртай хүн энэ тохиолдолд юу хийх байсан гэж та бодож байна?

Энэ тохиолдолд хэрэггүй цаг үрсэн зүйлст гаргадаг цагаа багасгаж өөрийгөө сайн амраах хэрэгтэй. Хэрэггүй яриагаар болон үйлдлээр намайг бухимдуулж байгаа хүмүүсээс хол байх, ядаж л тоохгүй байх хэрэгтэй. Бясалгал, дасгал, иог хийх зэргээр биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ давхар анхаарах. Хичнээн завгүй байсан ч өөрийгөө эрхлүүлэх, халамжлах тусгай цаг гаргаж тэр цагаа чанартай өнгөрөөж чаддаг байх хэрэгтэй гэж бодож байна. Сөрөг бодлууд болон мэдрэмжиндээ автаад зүгээр л хямраад байхын оронд бодит байдлаа үнэлж дүгнээд, би юу хийж чадах вэ, би юуг яагаад ч нэмэргүй орхих ёстой вэ, би энэ зүйлийг яагаад хийж байгаа вэ гэх мэт бүх зүйлээ тодорхой цэгцтэй байлгах хэрэгтэй л юм болов уу даа.

Ингээд бичихээр, өөрөөсөө юу болоод, юу болохгүй байгаа, яавал болох вэ гэдгийг асуугаад, тэрэндээ өөрөө хариултыг нь олоод, өөрөө өөртөө бяцхан coach хийгээд байгаа юм шиг. Тэгээд ямар бодол мэдрэмжтэй байж, юу хийхээ мэддэг юм бол, өөртөө хайртай хүний гаргах үйлдэл хандлагыг мэдэж байгаа юм бол юунд сэтгэлээр унаад, гацаад байгаа юм бэ гэж бодогдууллаа. Яахав тухайн үеийг бодоход одоо арай учиртай болоод л байна. Тэгээд ч ер нь эцсийн дүндээ, энэ бухимдалтай үед би тийм ч муу байгаагүй юм байна гэдгээ сүүлд ойлгосон. Тиймээс сөрөг зүйлс, бодол мэдрэмж дээр төвлөрч өөрийгөө улам дордуулах биш, эерэг болон бодит зүйлс дээр, зорилго болон яах гэж үүнийг эхлүүлсэн бэ, одоо би юу хийж чадах вэ гэдэг дээрээ илүү төвлөрч, бас өөрийгөө урамшуулж, талархаж байх хэрэгтэй юм уу даа.

chibird — Learning to love yourself is hard, but here's a...

Comments

Popular Posts