Нойроо сэргээх гээд л...
За нэг сайхан кофе уунгаа нойроо сэргэтэл ганц тэмдэглэл биччихье. Хичээлээ хийх гээд суусан чинь зүүрмэглээд, зүүрмэглэх тоолондоо зүүд зүүдлээд байх юм.
Эхний семестрийн хичээлүүд дууссаан 🤟. Одоо хамгийн том хэсэг нь буюу семестрийн сүүлийн шалгалтууд эхлэх гэж байна. Маргаашаас 1 долоо хоногийн бэлдэх хугацаа өгөөд, тэрний дараа долоо хоногоос шалгалтууд эхэлнэ. Миний 3 хичээлийн шалгалт 1, 2, 3 дахь өдрүүдэд дарааллаад, дараа долоо хоногийнх нь 1 дэхэд үлдсэн нэг шалгалтаа өгөөд дуусах нь ээ. Уг нь хоорондоо ганц 2 өдрийн зайтай бол тэр хооронд нь юмаа сэргээж хараад зүгээр байдаг юм байна. Гэвч тэгээд тавигдсан хуваарийг яалтай билээ дээ.
Эцсийн шалгалтууд нийт дүнгийн 40-50 хувийг эзэлдэг учраас маш их анхаарал тавьж хичээхгүй бл болохгүй. Явцын дүнгийнхээ 40 хувиас(20 оноо) дээш оноог цуглуулж чадаад, шалгалтаас бас 40 хувиас (мөн 20 оноо) дээш авч чадаад, нийт 50-с дээш оноо цуглуулж чадвал пасс хийх буюу ямартай ч хичээлдээ тэнцлээ гэж үзнэ. Тэгээд дээшээ credit, distinction, high distinction гэсэн үнэлгээнүүд бий.
Явцын онооны ихэнх хувийг ассессмэнт, төслийн ажлын оноо эзэлнэ. Мөн хичээлээсээ хамааран явцын үнэлгээ буюу хичээлд хир идэвхитэй оролцсон, хичээл дундуур авдаг жижиг тестүүдийн оноо, семестер дундуур авдаг шалгалтаас үлдсэн оноогоо цуглуулна. Тэгэхээр багаар ажиллах хэсэг маш чухал юм билээ. Анхнаасаа баг болох хүмүүсээ сайн сонгохгүй бол эвгүй. Гэхдээ цахимаар орж байгаа шинэ оюутнуудын хувьд хэн нь хэнийгээ ямрыг мэдэх боломжгүй учраас ер нь бол санамсаргүйгээр сонгочихож байгаа юм.
Хичээл анх орж эхлэх үед маш их стресстэж байсныгаа бодоход одоо харьцангуй гайгүй дасаж байна. Гэхдээ одоо шалгалтууд тулаад бас жоохон стресстэх маягтай. 13 долоо хоногийн турш үзсэн сэдвүүд, тэдгээрийн дагалдах унших материалууд гээд хаанаас нь эхлэж бэлдэхээ мэдэхгүй толгой эргэж сууна. За тэгээд болно доо болно 😊.
Гэртээ суусаар, хичээл гээд нойр хоолны горим алдагдаад, өөртөө ч нэг их анхаарахгүй жоохон тиймэрхүү санагдаад л байгаа. Гэхдээ 2 долоо хоног өнгөрчихвөл завтай болчихно гээд зөндөө зүйлс төлөвлөөд баясаад сууж байна аа. Урьдны сайхан завтай цагаа юунд дэмий үрж байваа гэж бодогдож байна 😁.
Нээрэн ковидын хорио тавигдаж сургуулийн кампус онгойгоод, саяхан сургууль дээрээ очиж номын санд суув. Яг онгойх цаг нь болоод ирсэн зөндөө их оюутнууд. Яг үнэндээ би сайн төвлөрч үр бүтээлтэй байж чадаагүй. Харин дотроо анх ирээд гадуур нь алхахдаа л энд сурахсан гэж мөрөөдөж, шүүрс алдаж байсан тэр сургууль дотроо үнэмлэхээ уншуулаад ороод ирчихсэн байгаадаа бяцхан догдлон сууж байсан даа.
Заза өөр тайван даа, шалгалт дуусахаар дахиад тэмдэглэл бичнэ ээ. Гэснээс дүү нарт залуу, хүүхэдгүй, болж өгвөл нөхөргүй байгаа дээрээ л сурч аваарай гэж захидаг болсоон эгч нь. Яг сайхан өдөржин сууяа гэхээр нойр хүрнэ, ядарна, тэр ч яахав тэснэ гэхэд дээрээс нь хүүхдүүдээ нааш цааш нь зөөнө, хоол ундыг нь бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, хичээлийг нь хийлгэнэ, за тэгээд хүнс цуглуулах, эмнэлэг орох... Айл гэрийн жижиг сажиг асуудлууд дуусах биш дээ. Тиймээс өөрөөсөөө өөр юунд ч санаа зовохооргүй тийм сайхан завтай цагаа сурч боловсрохдоо ч, наргиж цэнгэхдээ ч, юм үзэж нүд тайлахдаа ч харамгүй зориулж байгаарай гэж захидаг даа 😊
Comments
Post a Comment