Today is the special day

Өнөөдөр миний хувьд хүсэн хүлээж байсан зүйлдээ нэгэн том алхам ойртсон маш онцгой өдөр юм аа. Учир юу гэвээс урт удаан хугацааны турш мөрөөдөж ирсэн сургуулиасаа эцсийн оффероо авч, ханийхаа дэмжлэгтэйгээр суралцах эцсийн шийдээ гаргаж сэтгэл догдлуулсан өдөр байв. 

Анх найман жилийн өмнө яг зургадугаар сарын 24-нд утсан дээрээ энэ сургуулийнхаа зургийг татан авч мөрөөдөж эхлэж байжээ. Тэр үед Австрали явах талаар бодож байсан эсэхээ ч санахгүй байна. 

Үнэндээ бол би дотроо маш их айдастай байнаа. Дэлхий даяарх 25000 гаруй их дээд сургуулиудаас эрэмбээрээ эхний 50-д тогтмол байдаг, энэ жилийн хувьд 38-д, төгсөгчдийн ажилд орох түвшингээр Австралид 1-т, дэлхийд 4-т орж буй энэ том сургуулийн босгыг давж ороод суралцана гэж бодохоос эмээж байна. Анх Австралид ирчихээд ганцаараа зугаалж яваад хамгийн эхэнд очиж үзсэн газар бол энэ сургуулийн кампус байсан юм. Завгүй алхаж, хөгжилтэй инээлдэж, зөрж өнгөрч буй оюутан бүрт атаархан тэдний нэг болохсон гэж мөрөөдөн, том сүрдмээр хуучны хэв маягтай барилгуудыг бахдан ширтэж явсан нь одоогоос гурван жилийн өмнө юм аа. 

Үүнээс гадна цар тахал болж сургууль бүхэн хямдрал урамшуулал тэтгэлэг зарлан байхад ганцаараа ганц ч хувь төлбөрөө бууруулахгүй байгаа энэ сургуулийн өндөр төлбөрийг 2 жил дарааллан төлж чадах эсэх, бүсээ чангалан яаж ийж байгаад төлж сурч төгсөөд, төлсөн төлбөр, ханийнхаа болон өөрийнхөө хичээл зүтгэлтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн болж гарч ирээд, хэргийг нь гаргаж чадах эсэхээсээ эмээж байна. Тэр мөнгөөр өөрч зүйлд хөрөнгө оруулж, бизнес эрхэлж, эсвэл хадгалж, өсгөж болох байсан гэх мэт янз бүрийн бодол орж ирэн эргэлзүүлэх үе цөөнгүй. 

Гэхдээ энэ бүхнээс илүү яг одоо л сурахгүй бол харамсах юм шиг, оройтох юм шиг, үргэлж хүсч мөрөөдөж байсан зүйлээ одоо л барьж авахгүй бол үргэлж харамсаж амьдрах юм шиг мэдрэгдэж байгаа учраас зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэн бүх хүчээрээ хичээх болно. Миний нас сурахад багагүй оройтсон, мөн 2 хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй байхын зэрэгцээ суралцана гэдэг том даваа гэдгийг маш сайн ойлгож байна. Гэхдээ л үлдсэн бүх амьдралын минь хамгийн залуу байх өдөр бол өнөөдөр, одоо л эхлэхгүй бол хэзээ ч үгүй болчих учраас одоо л яг цаг нь мөн! Ганцхан олдох амьдралаа бусдын амжилтыг харж атаархаж, өөрийнхийгөө биелүүлж чадалгүй харамсал тээн өнгөрөөхийг хүсэхгүй байна. 

Дотор байгаа айдсаа даван туулж, эргэлзээгээ үгүй хийж, бүх хүчээ дайчлан суралцаж, хөнгөлөлт тэтгэлэг авч, ханийнхаа ачаанаас нимгэлж, сайн оюутан, сайн суралцагч, сайн ээж, эзэгтэй, гэргий бас охин байхын тулд чадах чинээгээрээ хичээх болно оо!





Comments

Popular Posts