Сайн байна уу 2021 он минь!
Шинэхэн оны мэнд дэвшүүлж 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс мэндчилж байна. Коронагийн ачаар гэх үү, балгаар гэх үү 1-р сарын 1-нд гэртээ суугаад зорилгоо тодорхойлж, влогтоо зочлох завшаан тохиож байна. 2020 он хүн бүрийн хувьд тийм ч амар жил байсангүй. Дэлхийн нийтийг хамарсан цар тахал хичнээн хүний амьдралд хир их өөрчлөлтийг авчирсныг таашгүй. Бидний хувьд ч мөн амаргүй жил байлаа. Аав ээж минь бидэн дээрээ ирээд аз жаргалтай байсан ч аав минь хорт хавдартай гэх гэнэтийн таагүй мэдээ сонсож, эндээ эмчлүүлэх гэхээр боломж нь муу, Монголруугаа явуулъя гэхээр Коронагаас болоод хил хаалттай, хэсэгтээ л хямарч сандарч, хаа хаанаа хэцүүхэн цаг хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ олон сайхан хүмүүсийн хайр, дэмжлэг, ерөөлөөр аав ээж минь эх орондоо буцаж, аав минь хагалгаандаа орж, он гарахын дөнгөж өмнөх өдөр туяа эмчилгээгээ дуусгалаа. Сайхан аавынхаа тэвчээр, хатуужил, сэтгэлийн тэнхээг биширмүй. Үргэлж цоглог өөдрөг байж, хэцүү өвчнийхөө хажуугаар Ковидоос болсон хорио цээр, карентин, хүлээлтүүдийг уурлаж гомдоллож, тэвчээр алдалгүйгээр даван дуулсан миний бахархам ухаалаг аав минь.
Аав ээж хоёрыг Монгол явснаас хойш гэр орны бүх ажил миний толгой дээр ирсэн гэхэд болно. Австралид ирснээс хойш анх удаагаа л гэр бүлээрээ дөрвүүлээ амьдарч эхэллээ. Өглөө, өдөр, орйн хоол цай, хүүхэд хүргэж авах, даалгавар хийлгэх, гэр орны ажил, өөрийн ажил, хичээл гээд л тун завгүй хүн болсон. Ээжийг байхад хоол унд, гэр орны ажлаас чөлөөлөгдөөд, хүүхэд харах хүнгүйн зовлонгүй сайхан байжээ. Ер нь л анхны хүүхдээ гаргаснаас хойш хэцүү, завгүй цаг үеүүдэд дандаа л ээж минь дэргэд байсан. 2 хүүг минь төрөхөд хамт байж, тэднийг минь өсгөж, үргэлж миний амьдралыг илүү хялбар болгож, өөрийгөө ядрааж байсан даа. Тэглээ гээд мөн л надад ялархаж гомдоллож байгаагүй миний буянтай сайхан ээж минь.
Өнгөрсөн жил бидэнд хүний амьдрал хичнээн богинохон байж болохыг, хайртай бүхнээ байгаа дээр нь илүү сайн хайрлаж, хайртайгаа илэрхийлж, талархаж байх ёстойг, бас бусдад тустай амьдрах нь хичнээн чухал болохын утга учрыг ойлгуулсан цаг хугацаа байлаа.
Харин энэ жилийн хувьд өөрийгөө илүү ихээр хайрлаж, өөртөө цаг гаргаж, сэтгэл зүйн дархлаагаа сайжруулж, бусдаас хүсэх хүлээлтээ багасгаж, дотроосоо болон гаднаасаа илүү гэрэлтэж, ойр тойрондоо эерэг энерги, эрч хүч түгээхийг хичээх болно.
Усргал даган хөвж, тохиромжтой цагийг хүлээх биш, боломжийг өөртөө бий болгож, ямар нэгэн алхам хийх ёстойг оны сүүлд өгсөн шалгалт маань бас ухааруулж өглөө. Хүссэн оноогоо яг таг авч чадаагүй ч өмнөхөөсөө шат ахиж, зорисон оноондоо дөхөж очсон минь шинэ жилээ "би илүү ихийг чадна" гэсэн итгэлтэйгээр угтах урам зоригийг өглөө. Ирэх жилдээ мөрөөдлийн сургуульдаа элсэж суралцах, тэтгэлэг авах гэсэн гол зорилготойгоор шинэ оноо угтаж байна.
Үүнийхээ хажуугаар аялахыг хүссэн газруудаараа аялаж, шинэ зүйлсийг туршиж, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ хоббитой болох зорилт тавилаа. Хамгийн гол нь англи хэлний ярианы түвшнээ "огцом" сайжруулах болно оо.
Мөн эрүүл болон минималист амьдралыг хэв маягийг бага багаар хэвшүүлэхийг хичээх болно. Хэрэггүй худалдан авалтуудаас татгалзаж, иог хийхэд суралцан өдөр тутамдаа хэвшил болгоно. Цагийн менежментээ сайжруулж, хэрэггүй чухал биш зүйлсдээ бага цаг зарцуулж, гол зүйлсдээ илүү төвлөрөхөд анхаарал хандуулна.
Ерөнхийдөө л 2021 оныг өөртэйгөө түлхүү ажиллаж, хувь хүнийхээ хувьд илүү сайн хөгжих он болгож байна аа. Гэхдээ бусдыг хайрлах, бусдад туслахаа хэзээ ч орхигдуулахгүй ээ.
2021.01.01
Comments
Post a Comment