2020-04-06 Австрали улс, Сидней хот

Зүгээр л энэ цаг үеийн талаар бичиж үлдээх хэрэгтэй санагдаад энэхүү тэмдэглэлийг эхлүүллээ. Дэлхий нийтээр Covid-19 буюу "шинэ корона" хэмээх аймшигт вирустай нүүр тулаад ердөө гурван сарын хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд зуу зуун мянган хүн аюулт вирусээр халдварлаж, хэдэн арван мянгаараа хорвоог орхиж байна. Цаашдаа энэ тоо хэрхэн өсөхийг таах боломжгүй. Ямар бурхны авралаар бид хэзээ энэ аймшигт өвчнөөс салж, энх цагтай учрахыг мэдэшгүй. Яг л дайны үе мэт өдөр бүр хичнээн хүн нэмж халдварлан, хэд нь бурхны оронд заларсныг зарлана. Хорвоог орхисон нэгнээ эцсийн зам нь үдэж чадалгүй тусгаарлагдна. Улс орнууд хилээ хааж, нислэг тээврүүд цуцлагдаж, сургууль цэцэрлэгүүд карентилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалгаа барилаа. Хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс гурил будаа олдохоо больж, махны үнэ өсөж, хүмүүс ариун цэврийн цаас, саван, ариутгагч бодисонд дугаарлан зогсож байна. Хүүхдүүдээ гэрээс гаргахгүй гэрийн хорионд оруулж, гадуур хоёроос дээш хүн хамт явахыг хориглолоо. Амралтын өдрийн өглөө хотын төвөөр явах нь эзэнгүй хотоор явж байх шиг санагдна. 

Энэ вирусын эхлэл цэг нь Хятадын Вухан хэмээх хот. Алдарт Америк улсын ерөнхийлөгч уг вирусыг "Хятад вирус" гэж нэрлэн арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэвэргэж, зарим улсад Азиудыг ялгаварлан гадуурхах болов. Дэлгүүрийн худалдагч Ази хүнд үйлчлэхгүй гэнэ, Ази хүн гудамжинд зодуулж байна гэсэн мэдээ дуулдана. Хажуугаар нь өнгөрөхдөө харааж эсвэл зайгаа барин зугтаж байна гэнэ. Улс орнуудын эдийн засаг унаж ажилгүйдэл дээд цэгтээ тулав. Ард иргэдээ, улс орноо аварч үлдэхийн тулд ухаанаа уралдуулах цаг иржээ. Эх орноосоо хол сурч, ажиллаж, амьдарч байсан хүмүүс нутгаадаа тэмүүлэх болов. Хүний нутагт ажилгүйгээр амьдрах аргагүй, төлбөр түрээсийн дарамтыг давахад хэцүү хэдий ч хаалттай хилийн цаана хашигдан хөдлөх аргагүй байгаа нь хяслантай. 

Биологийн дайн, Ванга эмээгийн зөгнөл, Эх дэлхий өөрийгөө цэвэрлэж байна хэмээн тал бүрээр тайлал гаргахыг оролдож байгаа ч эцэстээ эх дэлхийн хүн төрөлхтөн бүхэлдээ энэ өвчний өмнө хүчин мөхөсдөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үүнийг "цар тахал" хэмээн зарлалаа. Эрдэмтэн судлаачид вакцин гаргахаар хичээж байгаа ч үүнд урт хугацаа хэрэгтэй гэнэ. Ямар ч мундаг шашин энэ өвчнийг анагаасангүй. 

Цагаан халаттай эмч, цуцашгүй эрдэмтэн судлаачид, ухаалаг бодлого боловсруулагчид, эцэст нь иргэн бүрийн ухамсар хариуцлага, эмх цэгц биднийг аврана хэмээн найдна. Магадгүй бид амьдралын утга учрыг, амьд байхын үнэ цэнийг, эрүүл байхын чухлыг, хайртай хүмүүстэйгээ хамт байхын сайхныг илүү сайн суралцлаа. Ямартай ч энх цаг хурдан эргэн ирээсэй. Тэр болтол эрүүл л байцгаая. 


Comments

Popular Posts