Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 5 - Тайланд улс

2018-12-31

Бүтэн 14 сарын дараа Тайланд улсын Пукет арлаар хэрхэн аялсан тухайгаа бичих гэж байгаадаа таатай байна аа. Миний бие Австрали улсад 2018 оны 4-р сард ирсэн бөгөөд энэ улсын хувьд бүх нийтээрээ амардаг хамгийн урт амралт нь 12-р сарын сүүл буюу Христ гуайн мэндэлсэн өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 2 дахь долоо хоногийн эхний өдөр хавьцаанаас эхэлдэг билээ. Тиймээс энэ богинохон бөгөөд боломжит хэдэн өдрүүдэд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг бөгөөд хань бид 2 ч мөн энэхүү боломжийг алдалгүй ашигласнаа одоо бодоход ихээхэн тааламжтай байна аа.

Тэрээр 2018 оны турш шахуу найзуудтайгаа гадагшаа аялах талаар ярилцаж байсан боловч тус тусын шалтгаанаар тойргоос гарсаар эцсийн мөчид хоёулхнаа үлдсэн байдаг юм. Бид 2 нь үерхэлдээ үнэнч юм болохоороо Интернэтээс хамгийн хямд нислэгийн тийз болон буудлууд захиалснаар аялалд гарахад бэлэн болжээ. Дээрх өгүүлбэрээс яагаад заавал 31-нд аялалд гарсныг төвөггүйхэн ойлгосон буй заа. Ингээд 31-ний өглөө нэг, нэг үүргэвч үүрсэн 2 аялагч гэрээсээ гарч онгоцны буудлын зүг алхсан байдгиймаа. Энд нээх горойсондоо ч биш манайхаас айрпорт хүртэл 15 гаран минутын зайтай байдаг болохоор тэр нь илүү амар бөгөөд хөгжилтэй санагдсан хэрэг. Ингээд Тайландын Пукет арал дээр 31-ний орой бууж, буусан газраасаа үргэлжилсэн олон такси болон нийтийн тээврийн унаанаас сонголтоо хийн, үнэ тохирч буудалруугаа явлаа. Бид шинэ таунд нь буусан санагдаад байгаа ч нэг л тийм замын хажуугаар навсархай, намхан байшин савнууд өнгөрөөд л байсан, seven eleven таарсан чинь бараг хамгийн өнгөлөг нь харагдаад байгаа юмуу даа. За тэгээд нэг жижгэвтэр буудалд буун ачаагаа оруулж тавьчихаад турж үхэх гэж байгаа 2 аялагч маань тугалын хашаа мөргөхөөр гарлаа. Хоолны газар хайж явсаар, нэг гудамны ч юм шиг цайны газар орж арай нэг танидаг үхрийн мах энэ тэртэй хоол идэж, хүйтэн ус уугаад гарлаа. Гадаа маш бүгчим халуун байсан. За тэгээд он гарах дөхөөд байдаг одоо хаачихуу гээд жаал эргэн тойрноо харлаа. Тэнд ямар ч шинэ жил болж байгаа шинж, уур амьсгал үнэндээ байсангүй. Явсаар арай нэг дуу шуутай газар олж орлоо. Ашгүй манай талын шар, хар, бор, цагаан зүсэн зүйлийн арьстай хүмүүс тэнд амьд хөгжмийн аянд найрлаж байдаг шүү. Бид 2 коктель, снак захиалж аваад мань нөхдийн дунд орж шоудаж байтал он гарахтай зэрэгцэн энд тэнд салют буудаж, ханьтайгаа хундага тулгаснаар Тайланд улсын Пукет арал дээр нэгэн оныг угтаж байлаа. Удалгүй манай хүн ядраад байна харьж амрая гэсэн буудлын зүг алхлаа, замын хажуугийн жалганаас жаахан өмхий үнэртэх маягтай. Сүүлд сонсохнээ бийч дээр очиж он гаргавал гоё байдаг гэсэн, учир нь Тайландад маш их Оросууд байдаг бөгөөд тэд оныг хэрхэн угтахаа мэднэ шүү дээ. Дэлгүүрт байгаа бараануудын үнэ тайлбар хүртэл Орос хэл дээр байдаг юм байна лээ. 

2019-01-01 

Өглөөний цайнд буфет маягаар тавьсан жимс, кекс, цай, кофе тэргүүтнээс хүртээд байж байтал буудалд байрлах брошурнуудаас сонголтоо хийн захиалсан аялалын маань жолооч биднийг авахаар ирлээ. Микро шиг машинд хэд гурван аялагчтай хамт суулган давхисаар далайн хажуудах боомт дээр ирж, энгэр дээр нэг цаас наагаад 2 билүү 3 давхар завинд суулгалаа. Завинд суухаар явж байхад болон завьнаас буух үед гэнэт нэг зурагчин наашаа хардаа гэнгүүтээ сап сап зураг дарчихдаг шүү. За тэгээд Пукетын байгалийн үзэсгэлэнг үзэн шимтих нэг өдрийн аялалд гарлаа. Тогтуухан цэлийх гүн ногоон далайн ус, тэр усан дундаас ургаад гараад ирсэн мэт огцом ханан эрэгтэй өндөр өндөр уулсыг сүлжин явсаар өөр нэгэн арал дээр ирлээ. Нэрийг нь санадаггүй ээ золиг гэж, хамгийн гоё арал нь гээд явсымдаа. Тэнд ирээд снорклинг хийх хүмүүс нь өөр завинд шилжин суугаад, хантааз, хөлөндөө хийдэг сэлүүр шиг юм, снорклинг хийхэд хэрэглэдэг шил, амьсгалдаг гуурс сэлтийг зүүгээд эргээсээ холдон гоё тунгалаг устай газар очоод биднийг бууж болно гэлээ. Хантаазтай болохоор сэлж чадахгүй байсан ч асуудалгүй юм байна лээ. Тэгээд толгойгоо усруу хийгээд харсан чинь ваав л даа. Яг нөгөө зурагтаар гардаг далай доорх амьдралд яваад орцон. Өнгө өнгийн хөөрхөн загаснууд шүргэн алдан хажуугаар сэлээд, зараа шиг арзгар хар амьтан, юу гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй сонин амьтан ургамлуудыг тийм ойрхноос харах заримыг мэдрэх үнэхээр сонирхолтой байсан. Өө нэрийг нь олчихлоо, Пи Пи арал. Буцаад арал дээрээ очоод арлын худалдааны гудамжаар явж сонирхож, кокосын ундаа ууж, дал модны доор зураг авахуулаад хоолны цаг болмогц заасан газар нь очиж мөн буфет хоолноос нилээд сайн цохисоон. Миний янз бүрийн хоолыг туршиж үзэх дуртайг хэлэх үү. Тэнд далайн эрэг, эсвэл рестораны гадаа усан бассейн гэх мэт зугаацах газрууд бий. Гэхдээ үнэнийг хэлэхэд Австралын далайн эрэг дээр нилээд цагийг өнгөрүүлээд ирсэн болохоор тэр хэсэгт тэгтлээ татагдаагүй. Миний бодлоор Монголоос ирсэн бол бүүр гоё санагдах байсан байхаа. За ингээд буцаж харих замдаа ороод тэр өдрийн аялал дууссан юм. Завьнаас буух үед нөгөө зурагчингууд чинь зургаар маань сувинерийн таваг хийчихсэн надад буцаагаад зардаг шүү. Одоо өөрийнхөө зурагтай тавгийг хаяад явалтай биш аваад явсандаа. 

Буудалдаа очоод өөрсдийгөө сэргээж аваад буцаад гарлаа. Гол зорилго нь миний хувьд шөнийн зах үзэх, манай хүний хувьд Тай массаж хийлгэх. Мэдээж аль алинг нь үзсэн. Надад бол 1 цагийн турш нухуулаад сайхан л байсан. Харин манай хүний сэтгэлд хүрээгүй гэсэн. Тэгээд шөнийн зах гэх үү, нэг тийм дэлгүүрүүдтэй гудмаар явж нилээд сонирхож байгаад харьж унтсандаа. Уг нь өөр янз бүрийн оройны арга хэмжээ энд тэнд болдог л юм байна лээ. Манай хүн амаръя гэсөөөн. 

2019-01-02

Энэ өдөр Корал аралруу авах аялалын маршруттай. Гол хийх зүйл нь моторт завинд уяаных нь үзүүрийг бэхэлсэн шүхрээр далай дээгүүр нисэх. Агаар дээгүүр тэгэж шүхэртэй дүүлэн явах үнэхээр гайхалтай мэдрэмж. Ингэж явахыг Парасэйлинг гэдэг, өмнө нь Монголд Параглайдинг гээд уулснаас шүхэртэй нисэхийг мөн туршиж байлаа. Аль алинд нь нэг мэргэжлийн хүнтэй хамт явдаг бөгөөд тэнд байсан залуучууд бүр ямар ч бэхэлгээгүй шууд шүхрээс маань зүүгдээд л явчихаж байна лээ. Тэр өдөр харин далайн эрэг дээр нилээд цагийн өнгөрөөсөн. Хөтөлбөрт маань мөн буфет хоол болон снорклинг багтаж байсан. Харин энэ удаад хаашаа ч авч явсангүй, шууд өөрсдөө далайруу алхаж ороод тэндээ снорклинг хийх байлаа. Цаад хавиар нь хүрээ татчихсан тэрнээс цааш явж болохгүй, хориотой. Тайлбарлагч нь нөгөө хар зараа шиг амьтанд хүрж болохгүй аюултай гэсэн нь манай хүнийг их айлгасаан хаха. Учир нь эрэг хавиар явж байгаа болохоор ус их гүехэн, нөгөө амьтан нь харин маш их байсан. Эрэг хавийн ус өчигдрийнх шиг тийм тунгалаг биш, бас загаснууд нь тэрэн шиг их гоё биш юм билээ. Ус нь бүлээхэн тэгээд тогтуухан. Эрэг дээр маш олон наран шарлагын эрээн даавуун орнуудыг эгнүүлээд тавьсан нь гоё өнгөлөг хагаддаг юм байна лээ. За ингээд 2 дахь өдрийн аялал дуусч шөнө нь нислэгтээ байсан тул тэр болтол дэлгүүр хэсэхээр шийдсэн. Аялалын жолоочоороо Central Puket гэдэг дэлгүүрт хүргүүлсэн чинь өө харин нөгөө буудалласан газраас маань шал өөр ертөнц байжийдаг шүү. Бараг бүх л брендийн дэлгүүр харагдаж байх шиг байсан. Бидний аялалын төлөвлөгөөнд шоппинг багтаагүй тул, өөрсөддөө дурсгалын зүйлс болон хэд гурван чихэр авч үүргэвчиндээ хийгээд, хайрт Мак ахынд орж бургер идээд онгоцны буудал явлаа. Такси олдохгүй, яаж олохоо ч мэдэхгүй юм уу зам даган бэдэрч явахдаа хөгжсөн л газар байсан байнашдээ гэдгийн ухаарсаан. Сохорсон биш завшив гэгчээр тэгж явахдаа яг нөгөө аниа болчихсон агаа нарын шоуны гадаа ирчихсэн байдаг шүү. Тасарцан палаж, хувцас, гоёл, мэйкап болсон аниа нар намилзаж гарч ирээл тэрүүгээр байгаа хүмүүсийг дуудаж хамт зураг авахуулаад төлбөрт нь хэдэн бакс атгаад үлдэнэлээ. Аниа нарын хоолой нь л жоохон агаа хэвээрээ. Бусдаараа бол үнэн бууз хуушуур зүгээр. За ингээд тэндээсээ такси олж айрпорт ороод Сингапурын онгоцонд сууснаар Тайландын Пукет арал дээрх 2 хоногийн аялал маань өндөрлөсөн билээ. Эргэж энэ улсад ирвэл улсын нийслэлийг нь үзэх болноо. Өө сониноос нэг залуухан шар хувцастай залуугийн зураг бурхан тахилын зураг шиг хаа сайгүй. Жолоочоос асуувал хаан нь, бас энэ их сайн хүн гэж хариулна лээ. Хэн мэдэхэв. 

Comments

Popular Posts