Сайн байна уу 2020 он!
2020-01-17
Цаанаасаа л азын бэлгэдэл болсон 2020 он минь сайн байна уу? Он гарангуут л зохицуулах, амжуулах ажлууд гараад цаг зав багатай байлаа. 2018 онд гэр бүл, хүүхдүүдээсээ хол, ханьтайгаа хоёулхаа өнгөрүүлсэн цаг хугацаа давамгайлж байсан бол 2019 он өнөр өтгөн, гэр бүлийнхэн, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсэн жил байлаа.
2019 оны эхэнд тавьсан зорилгуудаас хамгийн гол зорилгоо амжилттай биелүүлж чадсандаа үнэхээр баяртай байна. Хайртай хонгор үрс болон аав ээжүүдтэйгээ уулзаж, тэдэндээ Австрали тивийг үзүүлэх том зорилгодоо 100 хувь хүрч чадсаан. Оны эхэн үед өөрсдийнхөө визийг урт хугацаагаар сунгуулан, дунд хэсэгт нь тусдаа гарч, гэр бүлийнхэнийгээ ээлж дарааллан визэнд оруулж, амжилттай гарснаар оны дундаас эхлэн том хүү минь эмээтэйгээ, араас нь отгон хүү минь өвөөтэйгөө, дараа нь ээж, дараа нь аав гээд авчрах ёстой хүмүүс маань бүгдээрээ бидэн дээрээ зочлон иржээ. 2018-2019 шилжих оныг хоёулхааа гаргаж байсан бол 2019-2020 оныг харин хорин хоёулаа гаргасан байдаг юм аа. Аав, ээж болон хүүхдүүтэйгээ, мөн дээрээс нь найзууд гэр бүлээрээ нэмэгдсээр 22 хүнтэй аялалын багийг зохион байгуулан Sydney - Byron bay - Gold Coast - Brisbane - Sydney гэсэн маршруутаар 5 хоног үнэхээр сайхан аялал хийгээд ирсээн. 2020 оныг Gold Coast -ийн торгон элсэн дээр хундага тулган угтаж, оны эхний өдрүүдийг аялал, шинэхэн сонихон бүхнээр эхлүүллээ.
2020-01-29
За өнөөдөр энд Монголынхоор бол 9 дүгээр сарын 1 болж байна. Том залуу маань 1-р ангийн сурагч болж анх удаа сургуульдаа явлаа. Том цүнхээ үүрээд, дүрэмт хувцсаа өмсөөд инээд алдсаар л явлаа. Сургууль дээр нь Монгол хүүхдүүд нилээд байдаг учраас гайгүй байх гэж найдаж байна. Багштайгаа ойлголцохгүй бол Монгол хүүхдүүдээсээ асуугаарай гээд захин захин үлдээлээ. Ээжийн хүү сэргэлэн юм чинь алзахгүй байхаа. Эндэхийн сургууль хүүхдүүдээ шууд тоглуулаад л эхлүүлж байна.
За үндсэн ажилдаа оръё. Яг үнэнийг хэлэхэд зорилгуудаа эргэн харвал бусад талаараа тийм ч сайнгүй харагдаж байна. 56кг хүрнэ гэсэн чинь юу вэ, бараг нэмчихсэн байна. Уг нь фитнессд бүртгүүлж явж эхэлсэн ч тогтмол явж чадахгүй, ажил төрөл, гэр бүл гээд цаг гаргаж чадахгүй байсаар үр дүнд ч хүрсэн юмгүй л байна даа.
Шинэ улсуудаар очиж үзнэ гэсэн зорилгоо ч бас биелүүлж чадсангүй, үнэндээ тийм боломж энэ жил үнэхээр байсангүй. Олон хүмүүс нааш нь авчрах гээд зардал мөнгөнөөс авахуулаад асуудал юу мундах вэ. Харин шинэ хотуудаар явж, очиж үзээгүй газруудаар явсан, шинэ шинэ зүйл үзсэн гоё аялалууд бол чамгүй их хийсээн.
За англи хэл дээр бол нэг ном уншиж чадсан шүү кк. Янз бүрийн ном эхлүүлсэн боловч сонирхол татахгүй бол уншихгүй юм байна лээ. “Нуурын эргийн байшин” гээд детектив зохиол харин сонирхолтой байсан учраас уншиж дуусгасан амжилттай. Одоо хөвгүүдийг хэрхэн өсгөх тухай ном эхлүүлсэн. Уншихад дажгүй эвтэйхэн бас хэрэгтэй санагдаад байгаа.
Үсний өнгөө өөрчилж үзэх гээд чернилэн ягаан өнгийн будгаар хэд хэдэн удаагийн туршилт хийсэн боловч түр зууртаа ягаавтар болж байгаад гарчихаад байсан. Бүр цайруулж байгаад л будуулвал орох юм байна лээ. За тэгээд шинэ лаптоптой болох, шивээс хийлгэх гэдэг асуудлууд дашийн шог болсоон. Оронд нь шинэ утастай болсон, богино хугацааны хуурамч шивээс хийлгэж хэд хоног гангарсан кк.
Сэлэлтийн түвшин энэ тэр сайжраагүй хэвэндээ л байна, үе үе л нэг бассейн орох юм аа. Програмчлалын хичээл эхлүүлээд л хаясан байдаг юм. IELTS-аа бүр бэлдэх ч үгүй хаясан :( Хамгийн их гутарч байгаа хэсэг энэ л байна даа. Хагас жил Англи хэлний бэлтгэлд явна гэсэн төлөвлөгөө өөрчлөгдөж 2 сар яваад коллеждоо шууд орсон. Одоогоор хийх ёстой 10 ассесментаа хийж дууссан, цагаа бүртгүүлэх гэж л сургууль дээрээ ирдэг ажилтай болоод байна даа.
Форексийн арилжааг нэг хэсэг бүр таг орхисон. Одоо харин дахин сэргээх төлөвлөгөөтэй байна. Энэнд жаахан ул суурьтай хандахгүй бол сэтгэлийн хөөрөл, нимгэн мэдлэг хоёроор бол хол явж, хоол олж идэхгүй гэдгээ ойлгосон. Гэхдээ хаяхгүйгээр ямартай ч заавал өөрийн болгоно гэсэн байгаа.
За ажлаа сольж баристагаар ажиллаж үзнээ гэсэн чинь байдал өөрчлөгдсөн. Ажил дээрээ багахан ахиж, супервэсор хийдэг болсоноор биеийн хүчний ажил маань бичиг цаасны ажил болон зохицуулж найруулах, шалгах илтгэх ажлаар солигдсон. Тиймээс түрдээ ажлаа солихгүй байхаар шийдсэн. Мэдээж бас тийм ч удаан хийнэ гэсэн төлөвлөгөөгүй, ажлаа солих зөв цаг болон зөв газраа хүлээж байгаа.
Зээ 2019 он ерөнхийдөө нэг иймэрхүү. Олон зорилгоо биелүүлээгүй боловч нэг их сэтгэл дундуур биш байгаа. Хамгийн эхний биелүүлсэн зорилгоо бодон бодон тэрнээсээ урам авчихаад л. Хүнд ер нь хамгийн чухал зүйл бол хайртай хүмүүс, тэднийгээ хайрлах баярлуулах, тэдэнтэйгээ хамт байх гэдгийг цаг хугацаа өнгөрөх, нас нэмэхийн хирээр ойлгож байна гэх үү дээ. За тэгээд хүний амьдрал юм болохоор ойлгож ухаарсан, алдаж эндсэн, баярлаж бахадсан олон л зүйл тохиолоо. Олон ч шинэ хүмүүстэй уулзаж учирч, найз нөхөд ахан дүүс болж явсан ч хэзээ ч юу ч тохиолдож байсан байж л байх, хайрлаж л байх, хувирахгүй, хувирахаасаа өнгөрсөн тийм цөөхөн хэдэн хүмүүс байдаг бөгөөд тийм хүмүүс байгаа цагт хорвоод юугаар ч дутахгүй дэээ гэсэн шүү юм бодоод л амьдраад л байна даа.
2020 онд үнэндээ бол олон олон шинэ зорилго тавих бодолгүй байна. 2019 онд тависан, биелүүлж амжаагүй зорилгууддаа хүрэхийн тулд үргэлжлүүлэн хичээж, илүү их хөдөлмөрч тууштай байхыг зорих болно оо. Илүү өөдрөг, цовоо, баяр баясал, шинэ мэдлэгээр, шинэ аялалуудаар дүүрэн жил байхыг хүсэж байна. Тэгээд л боллоо. Амжилт 2020 он!!!
Comments
Post a Comment