Үр бүтээлтэй долоо хоногууд №2

Үр бүтээлтэй гэхээсээ завгүй 7 хоногууд үргэлжилсээр... Долоо, долоо хоногт нь тэмдэглэл хөтлөж ч амжихгүй байнаа. Ямартай ч өнгөрсөн 2 долоо хоногоо багцлаад нэг бичихээр шийдлээ. 

1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл

Талархаж мэддэггүй хог юм аа. Жаахан бодож байгаад бичье ээ. 

2. Энэ 7 хоногт надад хамгийн их нөлөөлсөн контент

Монголд байгаа найз маань илгээсэн "Шик хатагтай зөвлөгөө" номыг уншиж эхэлсэн юм. Гэрт бараг унших боломж гардаггүй учраас ажил гэр хоёрынхоо хооронд трэйнд явах замдаа хэсэг хэсгээр нь уншиж байгаа. Уншаад явж байхад л бушуухан хариад хувцасны шкафаа цэгцэлмээр юм шиг, нуруугаа цэхлээд суумаар юм шиг, хоол хүнсээ өөрчилмөөр юм шиг нэг тийм мэдрэмж төрүүлээд байх болсон. Удахгүй бага багаар өөрчлөлт хийнэ ээ. 

3. Энэ 7 хоногт хийсэн хамгийн сэтгэлтийн таашаал авсан зүйл

Доор дурдагдах аялалаас хамгийн их таашаал авсаан. Шинэ газар үзэж аялах нь надад үнэхээр сэтгэлийн таашаал өгдөг. Бас өөрөө санаачлаж, зохион байгуулж явсан аялал маань хамт явсан хүмүүст маань ч таалагдаж сэтгэл өндөр байсан болохоор баяртай байсан. Доошоо харахад толгой эргэм маш өндөр уул, хавцал, түргэн урсгалтай гол, гайхалтай тогтоц бүхий хад, агуй, номин ногоон өнгийн нуур гээд байгалийн сайхан бүхэн сүрдмээр, сэтгэл сэргэмээр байлаа.

4. Энэ 7 хоногт миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн 

Эндэхийн хэсэг мундаг охидуудын нээсэн групп байдаг юм. Эрт босно, хэл сурна, дасгал ёог хийнэ, бусаддаа бас зааж сургаж бусдыгаа дэмжинэ гээд л.. Тэр группын охид англи хэлийг хэрхэн сурсан болон аливаа юмыг хэрхэн сурдаг арга барилаа ярих чэллэнж хийн бичлэг тависан байснаас хамт ажилладаг байсан мундаг охины бичлэгийг үзсэн юм. Түүнийг англиар ярьж сурахад нөлөөлсөн хамгийн энгийн зүйл нь өдөрт 30 минутын турш англи хэл дээрх номыг чанга дуугаар унших байсан. Би ч бас энэ аргыг хэрэглэхээр шийдсэн. 

5. Энэ 7 хоногийн онцлох дадал зуршил, дэг рүтинэ

Урьдын адил фитнессээр тогтмол хичээллэхийг хичээж байгаа боловч энэ 2 долоо хоногийн турш нийт 3 удаа л хичээллэжээ. Цаашид тоо болон чанараа ахиулан илүү их хичээллэнээ. 

6. Энэ 7 хоногт гаргасан амжилт

Фитнес дээрээ хийж чадахгүй нилээн зовдог байсан гэдэсний дасгалаа овоо дажгүй хийдэг болоод байнаа шүү. 

7. Энэ долоо хоногт сурсан сургамж, ойлгосон ухаарал

Өөрийгөө ер нь их залхуу, эмх цэгцгүй, зорилгогүй, урсгал дагаж урсаад байгаагаа ухаараад л байж байна. Удахгүй нэг цэгцрэх юмандаа байгаа байх аа. 

8. Юуг бичихийг хүсэж байна вэ?

Энэ хэсэгт 3 асуулт нэмэхээр шийдлээ.

8.1 Шинээр очсон газар - Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрөөр хамт амьдардаг гэр бүлийнхэнтэйгээ хамт их гоё газар очиж үзсээн. "Jenolan caves" нэртэй үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай, уул, ус, хад, агуй, хавцал, хүрхрээ гээд л байгалийн сайхан цогцолсон газар очиж аялсан. Зөвхөн байгаль төдийгүй хүмүүст аялахад тухтай байхаар зассан зам гүүр, хаяг тайлбар, хөтөчтэй аялалууд, амрах газар гээд хүүхдүүдтэйгээ явахад ч ядарч түүртээд байхааргүй сайхан газар үзсэн дээ.  

8.2 Шинээр сурсан зүйл - Одоохондоо ажил дээрээ шинэков хэвээрээ байгаа учраас өдөр бүр л шахуу бага багаар янз бүрийн л зүйл сурч байна даа. Яг тэр гээд хэлчих томоохон зүйл байхгүй ч ажлын тал дээр нилээд зүйл сурч байгаа. 

8.3 Хэн нэгэнд тус хүргэсэн эсвэл баярлуулсан тухай - Ханийн маань ээж удахгүй Монголруу буцна. Эндэхийн өртөг өндөр болохоор Монголоос ирсэн хүмүүст худалдан авалт хийхэд жаахан үнэтэй санагдаад байдаг юм. Ээж маань эргэлзэж эргэлзэж авахаар шийдсэн эндэхийн брэндийн гоё цүнхийг нь бэлэг болгон авч өгч баярлуулсаан. 

Comments

Popular Posts