Нандин-Чимэг


Миний нэрийг Чимэг гэдэг. Илүү дутуу зүйлгүй энгийн энэ нэрэндээ би яагаад ч юм дургүй байдаг байлаа. Үеийн охидын содон, чихэнд сонсголонтой нэрнүүдтэй харьцуулж, Шал хөдөөний нэр өгөх юм, Чимэгээ байхдаа яахав дээ хэмээн хошуугаа унжуулна. Тэгэх бүрийд аав минь надруу хайр дүүрэн харцаар харж Чи чинь аав ээж хоёрынхоо нандин Чимэг болсон үр минь юм шүү дээ хэмээн өхөөрддөгсөн. Би гурван хүүтэй айлд хэнзхэн мэндэлсэн ганц охин үр нь. Тиймдээ ч аав минь намайг эрхлүүлэн, хаа явсан газраа дагуулан явдагсан. Би хэдий аав ээж, ах нартаа эрх өссөн ч хүмүүжил сайтай байлаа. Ер нь ч эрхлүүлсэн хүүхэд болгон заавал эрхийн балай болдоггүй билээ. Сургуульдаа онц сурч, олон ч найз нөхөдтэй байлаа. Хаа явсан газар Чимэг гэдэг нэр тодхон дуудагдна. Чимэгээ самбарт гараарай”, “Чимэг та ирж шагналаа авна уу, Чимэгээ найз нь... гээд л олон олон дуудагдаж, дуурсагдах энэ нэрэндээ би аль хэдийн дассан. Ер нь ч том болохын хирээр хүн болгоныг цочоож, анхаарал татаад байхааргүй л бол нэрнийхээ тухай нэг их бодохоо больчихдог юм билээ. Сургуульд байхдаа олон эрэгтэй найзтай байсан хэдий ч, яагаад ч юм хэн ч намайг найз охиноо болохыг гуйгаагүй юм. Надаас эмээдэг байсан юм уу, эсвэл олон ах нараас минь эмээдэг байсан юм уу бүү мэд, ямартай ч би юу ч үзээгүй байсаар том болчихсон...

Тэгээд л би түүнтэйгээ учирчихсан. Анх удаа эр хүнд эргүүлэгдэж байгаа нь надад сонихон байсан ч би үнэндээ түүнд дурлаагүй юм. Зүгээр л болзоонд явж үзэхийг хүссэн учраас явж, эмэгтэй хүнийхээ хувьд эр хүнтэй уулзаж үзэхийг хүссэн юм. Харин тэр бараг орой бүр надтай уулзахаар ирж, зүгээр л намайг сонсож, миний нүдрүү хараад инээмсэглэдэг байсан. Тэр намайг юунд ч яаруулаагүй. Миний хийхийг хүссэн зүйлийг хамт хийж, миний явах газарт хань болж, санал бодлыг минь сонсож бас надад мэдэхгүй зүйлүүдийг минь ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг байлаа. Заримдаа надруу ирж явааг нь би мартаад унтчихна. Тэр намайг утсанд хариулахгүй болохоор Сайхан амраарай, үнсье гэж биччихээд яваад өгнө. Гэхдээ тэр намайг үнсэж байгаагүй юм.

Хэд хэдэн удаа давтагдсан яг тийм зурвасны маргааш тэр надруу залгасангүй. Бага зэрэг гайхсан боловч, ашгүй эртхэн амрая гээд унтлаа. Өглөө зуршлаараа түүнээс зурвас ирсэн эсэхийг шалгасан боловч чимээгүй хэвээр. Бага зэрэг бардам зан хөдлөөд бараг л утасруугаа ширэв татчихаад ажилдаа гарлаа. Өдөржин нэг л тухгүй оргиж, төвлөрч өгөхгүй байсаар орой найз охидуудтайгаа уулзлаа. Утасруугаа хялам хялам хийн, ямар нэг зүйл хүлээн өндөлзөх намайг охидын гярхай нүд анзаарахгүй өнгөрөөсөнгүй. “Хүүе Чимэгээ, зүгээр үү, Чимэг дурлачихаж, Хэн юм бэ хэмээн асуултаар булж хөхрөлдөнө. Хммм, хэнд дурладаг юм. Найз нь жаахан ядраад байна гэсэн үгсээр аргалж бушуухан харихын түүс боллоо. Магадгүй намайг гэрийн гадаа хүлээж байгаа ч юм билүү. Заримдаа намайг хэлэхгүй жаахан оройтоод ирэхээр гэрийн гадаа тамхи татчихсан хүлээгээд зогсож байдаг юм. Намайг хармагцаа сандран тамхиа хаяж, дөнгөж саяхан ирээд... гэсээр нөгөө дулаахан мөртлөө цайлган инээмсэглэлээрээ инээнэ. Хөл доор нь харагдах тамхины ишнүүдээр би түүнийг хэзээ ирснийг багцаалдчихна. Тэгээд би өдөржин болсон явдлуудаа түүнд ярьж, хэнд гомдсоноо, хэнд баярласнаа нэгд нэгэнгүй шулганана. Тэр намайг сонсонгоо инээж, дэмжиж бас өхөөрдөнө. Харин тэр орой яарсаар ирэхэд хэн ч байсангүй. Би урамгүйхэн гэртээ орж, унтахаар хэвтсэн боловч нойр хулжсан байлаа. Утсаа барин тависаар, зориг гарган түүнрүү залгасан боловч Таны залгасан дугаар.... Тэгж л таарна, утас нь болохгүй байна. Тэгээд л надруу залгахгүй байж. Юу болсон юм бол. Түмэн янзын хариулт бодож олоод, нэг гомдож, нэг санаа зовсоор унтчихсан байлаа. Хагас сайн өдрийн өглөө би хэтэрхий эрт сэрчихэж. Нүдээ аниад хэсэг хэвтсэн боловч нойр дэндүү сэргэг байлаа. Босч шүршүүрт орчихоод гарахаар шийдэв. Дэлгүүр ороод сагс дүүрэн хүнс цуглуулчихаад кассан дээр зогсож байхдаа эдгээрийг яаж авч явах тухайгаа бодлоо. Би эднийг ганцаараа дийлэхгүй шүү дээ. Тэгээд сагстай чигт нь дэлгүүрт нь орхичихоод юу ч авалгүй гараад явлаа.

Энэ амралтын өдрүүдээр би өөрийгөө ганцаараа бараг юу ч хийж чадахаа больсноо анзаарав. Тэр намайг өөртөө хэтэрхий их дасгачихжээ. Тэр бараг миний амьдралын нэг тал болсныг, түүнгүйгээр амьдрал ямар уйтгартай болохыг би тэгэхэд л анзаарсан юм. Би түүнд дурлачихсан юм болов уу. Үгүй байлгүй дээ. Эсвэл бүр хайр..?!

Өнөө оройг л тэсчихвэл ашгүй уйтгартай амралтын өдрүүд дуусах нь. Гэрт идчих олигтой юм юу ч алга. Ядаж хажуугийн хүнсний дэлгүүр оръё гээд гэрийн хувцастайгаа, шаахайгаа углаад гарлаа. Манай хотхоны гэрлүүд орой их гоё романтик харагддаг юм байнашдээ. Яагаад анзаарч байгаагүй юм бол гэж бодсоор дэлгүүрийн зүг сажлаж байлаа. Гэнэт араас Чимэг ээгэх эрэгтэй хүний баргил мөртлөө намуухан хоолой.. Тийм ээ, тэр мөн байна. Тэр хоолойг, тэгээд миний нэрийг дуудахад танихгүй байж чадна гэж үү. Би яагаад ч юм өөртөө үл итгэн эргэж харж чадсангүй. Түүний алхаа ойртож, миний зүрхний цохилох хурд нэмэгдсээр. Эргээд харчихвал тэр миний царайнаас түүнийг ямар их хүлээснийг мэдчих байх хэмээн эмээж байлаа. Гэтэл түүний 2 том гар миний 2 мөрөөр тэвэрч дулаахан энгэртээ намайг наачихав. Би хөшсөндөө ямар нэгэн хариу үйлдэл хийж чадсангүй. Чихэн дээр минь нөгөөх дотно хойлоогойроо Сайн сууж байсан уу, миний Нандин-Чимэг хэмээн намуухнаар хэлэв. Зүрх минь цээжиндээ багтаж ядан оволзож, юу хийхээ мэдэхгүй сандарч зогссон би энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй уйлчихлаа. Аав минь намайг яг ингэж дууддагсан. Тэр ч бас догдолж байгаа бололтой зүрх нь минийхтэй нэг хэмнэлээр хурдан хурдан цохилно. Миний бүлээн нулимс түүний гаран дээр дусмагц тэр сандран тэвэрч байсан гараа авч, миний урд ирж зогсоод тонгойн нүүрлүү минь хараад Хүүе, Чимэг ээ! Яасан бэ зүгээр үү? Би чамайг гомдоочихсон уу, үгүй ээ.. найзыгаа уучлаарай, зүгээр удаан уулзаагүй болохоор санаад... Чамайг гомдооё гэж бодоогүй юм шүү... гээд л урсгаж гарлаа. Аргадмагц нь чимээгүй уйлж зогссон би түүний хүзүүгээр тэврэн аавдаа эрхэлж буй жаахан охин шиг эхэр татан уйллаа. Хэзээ хамгийн сүүлд ингэж сайхан уйлснаа санахгүй юм. Гэхдээ л дотор онгойх шиг, гомдол тайлагдах шиг, санасан сэтгэл дэвтэх шиг... Тэр гайхан хэсэг зогсож байснаа намайг 2 гар дээрээ эвлэгхээн өргөөд орцны зүг алхлаа. Би эсэргүүцэл үзүүлсэнгүй, ичсэндээ нүүрлүү нь ч харж чадсангүй, 2 гараараа хүзүүгээр нь ороосон хэвээр нүүрээ мөрөнд нь наан чимээгүйхэн нулимсаа арчина. Гэрийн үүдэнд ирмэгц намайг газар буулгаад За орж сайхан амар даа, дахиж битгий уйлаарай, өглөө эрт ажилтай биз дээ гэж хэлээд жаахан хүүхэд аргадаж байгаа мэт үсийг минь нэг илчихээд шатаар уруудан алхлаа. Би юу ч дугарч чадсангүй. Гэртээ орж ирээд өөрөө өөрөөсөө ичих, бас түүнийг ирсэнд баярлах, юу ч асууж чадаагүйдээ харамсах, ийм хурдан яваад өгсөнд нь гомдох, түмэн янзын мэдрэмж давхцан догдолж байлаа.

Өглөө сэрмэгцээ утсаа шалгаж, түүний өглөөний амрыг ирсэн зурвасыг инээмсэглэн уншаад, ажилдаа гарахаар зэхлээ. Цаанаа л нэг сэтгэл хөнгөн, инээмсэглэл тодрон байлаа. Тийм ээ, би чинь дурлачихаж шүү дээ. Дасаж дурлана гэдэг нь энэ юм болов уу? Би яагаад өмнө нь түүний хоолой, түүний инээмсэглэл ийм сайхан гэдгийг анзаарч байгаагүй юм бол. Бас түүний гар, түүний цээж ямар дулаахан бас тухтай байсан гээч. Яг л хүүхэд байхдаа тоглож байгаад хаа нэгтээ унтчихаар аав минь зөөлхөн өргөөд л орлуу минь аваачдаг байсан тэр гар шиг. Тэгээд оронд минь оруулчихаад үсийг минь зөөлхөн илээд духан дээр минь үнэрлэдэг байсан сан. Би гэрээсээ гараагүй байгаа атлаа хурдхан ажлаа дуусгаад гэртээ ирэхсэн гэж яарч байлаа. Учир нь тэр намайг хүлээж байх болно. Үгүй бол, байхгүй бол яана гэсэн бяцхан айдас бас төрнө. Үгүй ээ, тэр намайг хүлээх болно, би түүнд итгэж байна. Учир нь тэр намайг миний Нандин-Чимэг гэж хэлсэн шүү дээ.

Өдөр дэндүү удаан өнгөрөх шиг санагдаж байлаа. Гэхдээ л би өчигдрийн тухай бодож, ичиж догдлон инээмсэглэж, оройг тэсэн ядаж хүлээж байлаа. Манай ажлын залуучууд намайг явуулан Чимэг өнөөдөр болзоотой юм уу, яасан гоё болчихсон юм бэ, яагаад байн байн цаг хараад догдлоод байна, бид ч Чимэгийгээ алдах нь дээ хэмээн хошигнож байлаа. Би өнөөдөр түүндээ зориулан өөрөө ч анзааралгүй гоёчихож. Яг л анхны болзоондоо яаран догдолж буй жаахан охин шиг. Ажлаа тараад гэрийн зүг явж байхдаа жаахан сандарч эхэллээ. Ингэхэд би түүнтэй уулзаад юу гэх билээ, өчигдөр уйлсан тухайгаа юу гэж тайлбарлах вэ, өмнөх шигээ л энгийн байх хэрэгтэй юу, эсвэл дурлачихсан гэдгээ хэлэх үү. Элдвийн зүйл бодож явсаар гэрийнхээ гадаа ирсэн байлаа.

Мэдээж тэр минь намайг хүлээгээд сууж байсан юм. Яг л хэзээд байдаг тэр л төрхөөрөө. Татаж байсан тамхиа унтраагаад, босч зогсоод надруу инээмсэглэлээ. Түүнийг хармагцаа би зүгээр л тайвширчихсан. Түүний энэ тайван, дулаахан энерги хаанаас гардгийг би мэдэхгүй юм. Гэхдээ л түүнтэй хамт байхад хичнээн тухтай, сэтгэл амар байдгийг би тэгэхэд мэдэрсэн юм.
Бид хамтдаа оройжин гадуур алхаж, элдвийг ярилцан, өмнөх шигээ би зогсоо зайгүй ярьж, тэр инээмсэглэн намайг сонсож, миний асуултанд хариулж байлаа. Өдрийн төгсгөлд тэр намайг гэрийн минь үүдэнд хүргэж ирээд бид өөд өөдөөсөө харан зогсож байв. Эцэст нь тэр надаас Өчигдөр яагаад уйлсан юм?” хэмээн айж байсан асуултыг минь болгоомжтойгоор асуулаа. Би юу гэж хариулахаа мэдэхгүй доошоо харан хэсэг чимээгүй зогсож байтал Чи намайг санасан тийм үү гэж хэлэхэд нь өөрийн мэдэлгүй толгой дохиж орхив. Тэр сэтгэл дүүрэн байгаа нь илт санаа алдаад намайг дахин дулаахан энгэртээ энхрийлэн тэвэрлээ. Энэ удаад би ч гэсэн түүнийг алдахгүй гэсэн шиг чанга тэвэрсэн юм. Түүний уруул духанд минь зөөлөн шүргэхэд би толгойгоо өргөн нүдрүү нь ширтлээ. Түүний хайр дүүрэн дулаахан нүд намайг ширтэж, халуун амьсгал нь үл мэдэг дахвцан нүүр төөнөнө. Бид бие биедээ нэгэн зэрэг тэмүүлэн, бидний уруул нэгэн цэгт уулзсан юм.  Түүний уруул ямар зөөлхөн, тэр ямар халуухан үнсэлцдэг гээч...

Бидний агуу хайрын, даруухан түүх ингэж эхэлсэн юм. Би түүнтэйгээ байхдаа балчир охин шиг, харин заримдаа яг ээж шиг нь болчихдог. Тэр тийм том биетэй хирнээ заримдаа яг жаахан хүүхэд шиг надад эрхлэхэд нь л би өөрийгөө том болсон эмэгтэй гэдгээ мэдэрдэг юм. Бид хамтдаа олон сайхан дурсамжийг бүтээсэн бөгөөд харин одоо хамгийн агуу бүтээлээ хоног тоолон хүлээж байна. Тэр миний хажууд жигдхэн амьсгалан нойрсох ба том гар нь миний гэдсээр зөөлхөн тэвэрчээ. Харин би та бүхэнд өөрийнхөө хэрхэн дахин нандин Чимэг болсон түүхээ хуваалцаж сууна. Тийм ээ би түүнийхээ Нандин-Чимэг нь...

Comments

  1. Гоё юм бэ? Анхны хайртайгаа гэр бүл болсон байх нь. Аз жаргал хүсье! Өөрийн тань блогийг дагадаг хүн байна.

    ReplyDelete
  2. Hehe hoorhon yum be. Ene minii tuuh bishee. Nziinhaa nernees sedewlej zohioson yumaa sorry :-)

    ReplyDelete
  3. Youre so cool! I dont suppose Ive read something like this before. So good to find any person with some unique thoughts on this subject. realy thanks for beginning this up. this website is one thing that's needed on the web, someone with a little bit originality. helpful job for bringing something new to the web! online casino real money

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts