8 жилийн дараа

Блогоо нээснээс хойш бүтэн 8 жил өнгөрчээ. 20 шүргэм насны гал халуухан үе дээрээ яваа жаахан охин анх блогоо нээж байж... Цаг хугацаа яасан хурдан өнгөрнө вэ. Хааяахан нэг бичвэр оруулж, өөрөө л уншдаг шахам жижигхэн блог минь товчхон ч гэсэн миний амьдралын түүхийг өгүүлнэ. Эргээд уншихад дурсамж бүхэн сайхан юм. Хуучин бичвэрүүдээ уншиж нэгэн оройг дурсамжин дундаа өнгөрүүллээ. Буцаад 20 насандаа очихсон гэж  тэрүүхэндээ бас санаашраад авлаа. Бардам омголон байж, шаралхуу шазруун ч байж. Мөрөөдөмтгий юм, гунигламтгай юм, бас хөөрүү юм. Яг л хорин настнууд ямар байдаг тийм л байж. Өөрийнхөө бичсэн зарим шүлгийг эргэж уншихад надаас ийм үгс бас тэр үед гардаг байжээ гэмээр сонирхолтой санагдаж байна. Ер нь л бичиж байх ёстой юм байна аа гэдгийг ухаарлаа. Эргээд харахад би хэн байсан бэ, би хаана байсан бэ, би одоо хаана байна, бас хэн болсон гэдгээ эргэцүүлэх боломжийг тэмдэглэл олгодог юм байна. Эргээд хорин насандаа очвол хийх зүйл их байх шиг. Гэхдээ.. Гэхдээ байна аа, магадгүй дахиад 10 жилийн дараа би эргээд 30 шүргэм залуу, халуун явсан насаа мөрөөдөн, тэр үедээ очиж дахиад олон зүйлийг хийхийг хүсэх болов уу? Тэгвэл тэр ирээдүйгээс одоод ирж яагаад хүссэн зүйлсээ хийж амжуулж болохгүй гэж. Бичиж эхэлсэн тэр үеэс 8 жилээр эгчмэд бүсгүй хэдий ч, би одоо ч гэсэн залуу хэвээрээ тийм үү? Гэхдээ залуу нас минь хэмжээтэй, хугацаатай юм. Хөлөө чилээгүй дээр явах ёстой газраа явж, зоригоо мохоогүй дээрээ аз туршиж, намба хэтэрхий суучихаагүй дээрээ наргиж, тархиа зэврүүлэхгүйн тулд тасралтгүй суралцаж, дурсамжийн богцоо хангалттай дүүргэж, бас тэдгээрийгээ алдалгүй тэмдэглэж байх хэрэгтэй юм байна. Өнгөрсөн цаг хугацаа бүхэн дурсамж, ирж буй цаг хугацаа бүхэн боломж юм. Харин яг одоо бол унтах цаг ⇨⇨ 12:51 :)

Comments

Popular Posts