Сайн байна уу 2018 он!

Сайн байна уу 2018 он минь! Гайхалтай сайхан бүхнээрээ надад бэлэг барихад бэлэн үү? Он гараад удалгүй нөхөр маань алсын орныг зорьж, би ч мөн адил удахгүй араас нь явахаар өдөр хоногийг тоолон хүлээж байна. Энэ он бүхэлдээ шинэ соргог, сайн сайхан бүхнээр дүүрэн байна гэдэгт итгэж байна. Нэгэн хэвийн урсгалд орсон амьдралдаа томоохон өөрчлөлт хийж, олон зүйлийг сурч мэдэж мэдлэгээ нэмсэн, их зүйл үзэж харж нүдээ нээсэн, олон хүнтэй танилцаж хүрээгээ тэлсэн их өөрчлөлт, их амжилтын жил болно гэж хүлээж байна. 2018 оныхоо төлөвлөгөөг хараахан бичиж амжаагүй байна. Завгүй гэмээр өдрүүд ар араасаа өнгөрсөөр нэг мэдэхэд 1-р сар талдаа оржээ! 

2017 оныхоо төлөвлөсөн зүйлсийн биелэлтийг ч үнэлэж дүгнэж амжаагүй явна. Ямартай ч нилээд хэдэн том ажлуудаа амжуулж чадсан гэж бодож байна. Хамгийн том зорилго болох Австрали улсыг зорих зорилго маань эхнээсээ биелэлээ олж хань минь түрүүлээд явсан. Удахгүй араас нь очих болно. Мөн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихаар төлөвлөсөн 2 том төлөвлөгөөгөө он дуусахтай зэрэгцэн амжуулаад байна. Очиж үзээгүй аймгуудаараа очих төлөвлөгөөтэй байсан ч энэ удаад үүндээ хүрч чадсангүй. Гэвч зуны амралтын өдрүүдээрээ зүгээр суулгүй гэр бүлийн найзуудтайгаа, 2 бяцхан үртэйгээ Архангай болон Өвөрхангай аймгуудаар аялаж, Төв аймгийн Жаргалант суманд найзуудтайгаа Мартагдашгүй намрын нэгэн өдрийг өнгөрүүлж, Сэлэнгэ мөрний хөвөөнд аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ налайн амарсан нэгэн сайхан зуныг үдлээ. Англи хэлний хувьд мэдлэгээ дээшлүүлж, сайн ч муу ч IELTS шалгалт өгөхөөр төлөвлөснөө биелүүлж амжаагүй ч шалгалтанд бэлдэх сургалтанд амжилттай суралцаж төгссөн бөгөөд энэ онд заавал шалгалт өгч хүссэн оноогоо авах болно оо. 

Гэр бүлээрээ зураг авахуулах гэсэн зорилгоо амжилттай биелүүлж чадсан. Байнга ярьдаг ч биелүүлж чаддаггүй, удаан ярьсан болохоор заавал хийнэ гэж бодсон юм. Эргээд харахад зураг л үлддэг шүү дээ. Бүр 2 талын аав ээжүүдтэйгээ гэр бүлээрээ их сайхан зураг авахуулсан. Жоохон хүүхдүүдтэйгээ уран сайхны зураг авахуулна гэдэг ч бас ярвигтай ажил байна лээ шүү. Энэ тал дээр нилээд баяртай байгаа.

За тэгээд өөрийн биеийн галбирт анхаарал тавих, экстрэм зүйл турших, шинэ зүйл сурах, хийж байгаа дуусгаагүй ажлуудаа дуусгах гээд нилээд хэдэн зүйл орхигдсоон. Энэ тал дээр өөртөө нилээд шүүмжлэлтэй хандаж, ирэх ондоо тавьсан зорилгуудаа заавал биелүүлэх тал дээр анхаарах болн оо. 

За тэгээд өнгөрсөн жилийн үйл явдлыг товчхон бичвэл өмнөх жилийнх нь 10 сард мэндэлсэн бяцхан үр минь дэндүү нялхаараа байсан ч ээж нь 3 сарын сүүлээр ажилдаа эргэн орж, давхар цагийн багш хийснээр завгүй өдрүүд эхэлсэн. Өдөржин ээжийгээ санаж хүлээсэн үр минь орой орж ирэнгүүт ээжрүүгээ сандран мөлхөж ирээд өөдөөс мацан бумбалзтал хөхөө хөхөхийг нь харах дэндүү сайхан өхөөрдөм харагддагсан. Хүүгээ ой хүргэлгүй хөхнөөс нь гаргаж эмээ өвөөтэй нь Эрдэнэт явуулахдаа ээж нь уйлаад хоцорсондоо. Аав ээж 2 нь агааг нь цэцэрлэгт нь зөөж, ажилдаа явсаар, өдөр хоног ээлжилсээр. Цагийн багшийн хичээлээ дуусгаад IELTS-ийн хичээлдээ явж эхэлсэн. Бараг 5 6 сар явсан байх. Дундуур нь зуны амралт болж хөдөөгүүр явж ирээд буцаад ажил хичээлдээ орцгоосон. Энэ зун хамт хөдөө явж, хамтдаа тоглож, бас бие биедээ туслаж, цагийг хөгжилтэй өнгөрөөх сайхан гэр бүлийн найзуудтай болсондоо маш их баяртай байгаа. Энэ бүхний хажуугаар Австрали явахаар эрчимтэй хөөцөлдөж байсны хүчинд хань минь он гаргаад их зорилго тээн гадныг зорисон доо. Энэ зуны ажлыг ерөнхийд нь дүгнэн хэлвэл ийм байна аа. Амжилттай зүйл нилээд байгаа ч зорьсондоо хүрээгүй, шүүмжлэлтэй зүйлүүд ч чамгүй их байна. Гэхдээ бүл нэмж 2 хүүхэдтэй болж хариуцлага улам нэмэгдэхийн хирээр амьдралын төлөө илүү их тэмцэх, бас амьдралыг илүү сайхнаар амтлах, мөн энэ бүхний хажуугаар өөрсдийгөө ч бас хаялгүй өөдөө тэмүүлэх завгүй жил байсаан гэж дүгнэж байна. 

Удахгүй шинэ оныхоо төлөвлөгөөг гаргаж, биелүүлэхийн төлөө хичээж хөдөлмөрлөх болно оо. Илүү хөдөлмөрч, илүү өсч хөгжсөн, илүү ихийг сурсан, олон шинэ газар үзсэн, олон амжилт бас хайр дагуулсан жил болно гэдэгт итгэлтэй байна.

Сайн байна уу 2018 он минь!


Comments

Post a Comment

Popular Posts