Хоёр хүүгийн ээж
Анх ээж болсноо мэдсэн үеэсээ эхлэн хүүдээ зориулан тэмдэглэл хөтлөж билээ. Гэртээ ганцаараа байх үе, ханьдаа гомдоод уурлаж байх үед минь хань болох шиг санагдаж, хамаг зовлон, баяр, гуниг, болсон бүх зүйлээ дэвтэртээ бичиж үлдээдэг байлаа. Хүүгийнхээ сурсан, хийсэн зүйлүүдийг нэгд нэгэнгүй бичиж хүүтэйгээ дотроо ярилцаж, энэ дэвтрийг унших үедээ хүү минь ээжийгээ шоолон инээнэ байх даа хэмээн бодон бодон бичдэг юм. Хүү минь том болж, ээж нь ч цаг зав багатай болсноор арай гэж л зав гарган хэдэн сардаа нэг тэмдэглэл бичдэг болсон. Энэ дэвтрээ хүүгээ 16 нас хүрэхэд нь бэлэглэнэ гэж боддог юм. Саяхан, саяхан ч гэж дээ 10 сарын өмнө бид дахин шинэ хүнтэй болж ярих сэдэв, анхаарлын төв дүүрүү шилжлээ. Ээж нь тэмдэглэл дээрээ дүүгийнх нь талаар их бичээд том хүүгээ гомдоочих юм шиг санагдаад, дүүд нь шинэ дэвтэр нээх гэхээр 2 дэвтэр зэрэг хөтлөх худлаа болчих юм шиг санагдаад байх юм. Том хүү минь надад зориулсан дэвтэр дээр дүүг л баахан өхөөрдсөн байдаг гэх болов уу, эсвэл бага хүү минь ахад л зориулж тэмдэглэл хөтөлсөн, намайг тоогоогүй гэх болов уу гэж айдаг юм :-) Сайн ээж үү, эсвэл муу ээж үү?
Заримдаа ийм хөөрхөн 2 хүүгийн ээж болж, тэднийгээ хайрлан өсгөж байгаа өөрөөрөө бахархахгүй байхын аргагүй мэт санагдна. Харин заримдаа хангалттай цаг гаргаж чадахгүй, эрт ажилдаа орж байгаадаа өөртөө гомдох шиг болно. Гэхдээ миний ухаантай хөвгүүд ээжийгээ ойлгох байх аа.
Би бичиж байсан тэмдэглэлээ эргүүлж уншаагүй болохоор том хүүгээ нялх байхад ямар сэтгэгдэлтэй байснаа нэг бүрчлэн санахгүй байна л даа. Гэвч хором бүр нь алдаж боломгүй, их л нандин, дэргэд нь байгаад л баймаар тийм нэг мэдрэмж төрж байсныг санаж байна. Анхных болохоор ихэнх зүйлд барьц алдаж, сандарч гүйсээр харвасан сум шиг өнгөрсөн байх. Одоо ч бас бага хүүгийн минь хувьд дэндүү хөөрхөн, бүр нэг нүд салгалгүй хараад л, өхөөрдөөд, инээгээд л баймаар тийм нэг мэдрэмжийг авдаг. Хөдлөл бүр нь, хийж байгаа үйлдэл, аяглаж аашлаж байгаа бүр нь яаж ийм хөөрхөн эгдүүтэй, сайхан байдаг юм бэ гэмээр санагддаг. Би хүүгийнхээ бүх зүйлийг сайтар харж, мэдэрч, тогтоож авахыг хичээдэг. Ийм хөөрхөн булбарай, булцагар хөл, гар, хацар, үнэхээр хараад хайр хүрэхгүй байхын аргагүй хиргүй тунгалаг харц, үнэрлээд ханашгүй хайр татам зөөлөн үнэр, жижигхээн хамар уруул, болдог бол үнсээд л үнсээд л үнсээээд л баймаар. Ямар ч уур уцаартай байсан хараад хайр хүрэхгүй, инээмсэглэхгүй байхын аргагүй эгдүүтэй инээд, гар хөлийнх нь хөдлөж байгаа бүр нь хайр эгдүү хүргэм. Ээжийгээ орой тараад ирэхэд өөдөөс хар хурдаараа мөлхөж ирээд тэврүүлнэ, тэврэхгүй зугтчихвал хойноос гомдоллоод л дагаад мөлхөөд байна. Ээждээ тэврүүлээд л бөөн хөөр болно. Тэгээд л хоёулаа тухлаж аваад мөөмөө иднэ. Өдөр бүр давтагддаг энэ үйлдэл ээж хүү хоёрын хамгийн их аз жаргал. Тайван суугаад хүүгийнхээ зөөлхөн сэвлэгийг илээд, гоёхон үнэрийг нь үнэрлэж, хөхөө бумбалзуулан хөхөнгөө, бүлтгэр нүдээрээ ээжийгээ ширтэхийг харахаас илүү жаргал эх хүнд бий гэж үү?
Хоол хийх галын өрөөнд зогсож байхад хойноос мөлхөж ирээд хормойноос татна, түшиж босч ирээд уначих гээд дэнчигнээд зогсчихно. Хэвтэж байхад хажууд ирээд түшиж босчихоод ээжийгээ түшээд авна гэдгийг мэдэж байгаа болохоор 2 гараа аваад ганцаараа зогсож үзнэ. Унахад нь түшээд авахаар хөөрөөд дахин дахин босож зогсоно. Хамар дээрээ хамаг арьсаа овоолж зангидаад л инээх, уурлахын завсар жүжиглэнэ. Унтаж байхад нь хөнжлөөр хучихаар нойрон дундаа 2 хөлөө эгц дээш нь өргөж байгаад ганц буулгаал хөнжлөө тийрчихнэ, яг таван хошуу болоод л эгдүүтэй нь аргагүй унтана. Нойрон дундаа өлсөхөөрөө амаараа мөөмөө хайна, аманд нь юу тааралдна шууд хөхөх гэж оролдоод, мөөм биш байхаар нь уурлана. Ээж нь өөдөөс нь хараад нүдээ анивчиж хэлээ гаргаж тоглохоор, өөдөөс дуурайж ээжийгээ баясгана. Хөгжим явахаар суугаагаараа гар нь хөдлөж, зогсоогоороо бол бөгс нь хөдлөнө. Зарим авиаг дуурайж хэлэх гэж оролдно. Агаагаа унтаж байхад нь дээгүүр нь мөлхөж гарна, үснээс нь татна, налж хэвтнэ. Барьлаа барьлаа гэхээр зугтаад л мөлхөнө, хаа ч хүрэх гэж байгаа юм.
Хүүхэд бүр л адилхан байхад миний хүүгийн энэ энгийн үйлдлүүд ээжийгээ хамгийн аз жаргалтай нэгэн болгоно. Ээж бүрийн хувьд үр нь дэлхий ертөнц, утга учир нь байдаг биз. Энэ бүх эгдүүтэй үйлдлүүд, булбарай үр минь том болчихно гэж бодохоор цаг хугацаанаас хүртэл харамламаар. Тэгсэн атлаа том болох, шинэ зүйл сурах бүрийг нь бас харж баярламаар. Бондойсон хөлөө атийлгахаараа бууз шиг бүр инээдтэй болчихдог юм. Тэрийгээ татаж аваад амандаа хийнэ. Мөлхөж яваад тааралдсан хогийг эвтэйхэн чимхэж аваад хурдхан шиг амандаа хийчихнэ. Энэ бүх хөөрхөн төрхийг нь энэ хэвээр нь аваад үлдчихмээр. Гэхдээ хүүгийнхээ алхахыг бас ээжээ гэж хэлэхийг нь сонсох гэж яарсаар. Ийм нэг аминчхан бөгөөд дуусаж дундрашгүй хайр үрээ хайрлах эхийн сэтгэлд байдаг ажээ. Ийм их хайр зүрхэнд нь байдаг болохоор асар их зүйлийг хийх чадал, зориг эх хүнд оршдог байх. Дэндүү бяцхан үрсийнхээ хувьд хайрлаж, хамгаалах, найдах, бүхнийг хийж өгөх, хамт байхыг хүсдэг хамгийн чухал хүн нь би гэж бодохоор өөрийн эрхгүй хүч орж, өөрийгөө бүхэл дэлхий мэт төсөөлөх юм. Бичихэд л хайр хүрч, үнэр нь ханхийх мэт. Өөрийн эрхгүй цээжинд хайр төрж, аз жаргалаар бялхах юм. Хоёр сайхан үр минь...
Comments
Post a Comment