Ээжийн тухай шүлэг

Би мундаг зохиолч, яруу найрагч биш л дээ. Гэхдээ хааяа нэг сэтгэл хөдлөж гэгэлзэхээрээ өөрөө өөртөө зориулж хэдэн мөр холбох дуртай. Ойрд тэгж бичээгүй удсан ч байна. Надад өөрийн минь бичсэн хайрын тухай, нөхөрлөлийн тухай, аавдаа бас ханьдаа зориулсан, бүр эксдээ зориулсан шүлэг ч бий. Гэхдээ надад ээжийн тухай шүлэг байдаггүй юм. Би бичихийг хүсдэггүй, оролдоогүйдээ ч биш л дээ. Хэд хэдэн удаа эхлүүлж, оролдож үзсэн. Энд тэнд оролдож байгаад орхисон нооргууд байж л байдаг. Гэхдээ ээжийн тухай шүлэг бичихэд надад үг дутаад байх шиг санагддаг юм. Тэр нэг агуу зүйлийг илэрхийлэх илэрхийллийг цөөхөн хэдэн мөрөнд багтааж болохооргүй мэт, үг дутаад байгаа мэт санагдаад бичиж байгаа зүйлээ дуусгаж зүрхэлдэггүй юм. Хамгийн сайхан үгсийг бичлээ гэж бодтол ганцхан ЭЭЖ гэх үгний дэргэд дэндүү хүчгүй, ядмагхан мэт болчихдог. Магадгүй өөрөө ээж болсноосоо хойш ээж гэдэг хүний тухай бүр ихийг ойлгосон ч юм шиг. Зовохдоо зовж, жаргахдаа жаргаж намайг төрүүлж, хүн болгосон ижий минь одоо ч хүртэл миний төлөө амьдарсаар, надад хамгийн хэрэгтэй хүн минь байсаар.. Чухам тэр хүн үгүй бол миний амьдрал ямар байхыг төсөөлөхөд бэрх. Болосвролтой, ажилтай, мундаг, хүчирхэг ээжүүд зөндөө байдаг л даа. Гэхдээ миний л ээж надад бүхнээс илүү, бүр хэд дахин илүү санагддаг. Үрсийнхээ төлөө, үрсийнхээ үрсийн төлөө бүхнээ зориулж байгаа миний хүчирхэг, миний сайхан, миний мундаг ээж шиг хайр татам хүн энэ хорвоо дээр байхгүй. Өлмийд нь сөгдөн мөргөх ч дэндүү багадам буянтай сайхан ижийгээ жаахан ч атугай жаргаахсан. Үр чинь таныгаа жаргаах урт холын бодолдоо дараатай л яваа шүү ээж минь, урт л наслаж хайрлаарай, тэрийг л гуйя охин чинь... Тандаа нэг л өдөр хорвоогийн хамгийн нандин сайхан үгсээр хэлхсэн шүлгэн хадгаа баринаа охин нь..

Comments

Popular Posts