Амаржсаны дараа

Төрөөд удаагүй байхдаа бичнэ дээ гэж бодож байснаа таг мартаж орхиж. Би гэдэг хүн 2 дахь хүүгийнхээ ээж болоод сар гаруй хугацааг үджээ. Догдлон хүлээлгэж байсан үр минь хэдийнээ сар хүрээд унгас алдаад унтаж байна даа дэргэд минь. Ээж хүү 2 эсэн энх амаржсаан. Анхны төрөлтийг бодвол 2 дахь нь илүү туршлагатай байдаг юм байна. Харьцангуй асуудал багатай байгаа шүү. Төрөхийн өмнөхөн л том хүү минь ээждээ нялх санагддаг байсан чинь одоо хэзээний нэг том залуу харагдаад байдаг болсон. Сахилгагүй нь хэтрээд, үймүүлээд, дүүгээ сэрээж, үгэнд орохгүй болохоороо загнуулж зэмлүүлэх нь ихэссэн. Уг нь гуравхан настай нялх юм шүү дээ миний үр чинь. Агаа нь гээд дүүгээ үнсэх нь хөөрхөн гэж. Хүүтэй хүн алздаггүй юм гэсэн. Ээж аав хоёрыгоо өргөөд л аваад явчих 2 ханхар эрийн ээж болсон доо. Ээж минь хүүг маань сар гаран болтол нь хамт байж байгаад гэрлүүгээ явсан. Эх хүн гэж... Ээждээ дэндүү их талархаж байгаа ч илэрхийлж чадахгүй юм даа охин нь. Та минь байгаагүй бол би чинь яахсан билээ. Өөрөө өсгүүлж том болчихоод одоо албатай юм шиг дахиад л ач зээг нь өсгүүлж, өөрөө асруулж зовоох юм. Миний том хүү нэг хэсэг эмээгийн хүүхэд байлаа шүү дээ. Анх төрөхдөө ээждээ очиж төрнө гэсээр ээжээрээ цай шөлөө хийлгэж асруулж тэнхрээд эргээд ирж билээ. Дараа нь ажилдаа орох гээд хүүгээ нэг мөсөн эмээд нь даатгачихсан. Нэг хэсэг хүү минь намайг нэрээр минь дууддаг байлаа. Одоо тэгтэл гэртээ төрнөө гэхэд ээж минь охиндоо ирээд дахиад л сар өнгөртөл нь цай шөл хийж, хүүг минь асралцаж сар хүргээд явлаа. Олигтойхон ачилж чадаагүй байж ээжээрээ асруулж тэтгүүлээд л.. Дэндүү азтай хүн юм аа би. Нөхөр дэргэд байхгүй байхад бас хэцүү байдаг шүү. Утсаа харж, уурлаж гомдож суусаар таардаг. Одоо харин хамт байгаа болохоор сэтгэл амар сайхан л байна. Дөнгөж сар өнгөрч байж хэзээ ажилдаа орох, хэзээ аялалд явах талаар бодоод л догдлоостой шүү дээ би чинь. Төрсний дараах хямралд орчихгүйнсэн гээд хичээж байна аа. Одоохондоо уйдсан хямарсан зүйлгүй дажгүй байгаа. Хүү минь хөхөндөө хахаж цацах, хааяадаа нүүр хүзүүгээр нь юм гарах, гэдэс нь дүүрэх, бага зэрэг хөлрөх гэх мэт асуудлаас бусдаар сайхан бойжиж байгаа. Хааяа өөрийгөө ийм баян байгаадаа баярлах юм. Аав, ээж, ах, эгч, хань, 2 хүү, дүү нар, хадам аав, ээж... Сайхан байна өө.

Comments

Popular Posts