Ном
Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээг багасгахаар шийдээд нөхөртөө утсаа подарклаад өөрөө Нокиатай найзлав. Давгүй шүү. Гэрт хаа ч явсан утсаа маажаастай байсан хүнд зав гараад ирдэг юм байна. Хүү маань байнга хүүхэлдэйн кинон дээр тавих тушаал буулгадаг тул зурагт ч тэр болгон үзээд байдаггүй болсон. Завтай болхоороо миний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол ном унших. Унаган багын минь хэзээ ч хуучрахгүй, хугарахгүй, нугарахгүй, урвахгүй ганц хобби минь юм шүү дээ. Ажил амьдрал, нөхөр хүүхэд, хичээл ном дээрээс нь сошиал ертөнц гэсээр би чинь номноосоо нилээд хөндийрч байж. Харин сүүлийн үед найз нөхдөөс бэлэг сэлт болгон ирсэн хэдэн номоо хагаслаж байна даа. Ном уншихыг уйтгартай гэж боддог хүмүүсийг би гайхдаг юм.
Бид энэ ертөнцөд нэг л амьдралаар, нэг л дүрээр амьдардаг. Харин номон дотор түмэн янзын амьдрал, түмэн янзын дүрээр амьдарч, амьдраад олж чадаагүй ухаарал туршлагыг олж, хэзээ ч мэдрэх боломжгүй тэр мэдрэмжүүдийг магадгүй номноос авах боломжтой. Ном бол ертөнцийг харах цонх гэж юутай үнэн. Миний хэзээ ч очихгүй байж мэдэх алс холын гадаад орон, хэзээ ч зочлох боломжгүй урьд эрт цаг, хэзээ ч төсөөлж чадамгүй алс ирээдүй үеийг гагцхүү ном ухаан бодолд минь ургуулж, таниулж, төсөөлүүлж өгнөм. Эрт эдүгээ цагийн эрхэмсэг хүмүүс, алдартнуудаас эхлээд, эгэл жирийн ардуудтай би номны хуудсаар танилцнам. Уйтгар гуниг, баяр догдлол, ухаарал харамсал, эрх чөлөө, бүхий л мэдрэмжийг гарт баригдах гандмал хэдэн цааснаас би олном.
Магадгүй хөгширсөн хойноо ч би ном уншиж залуу насыг мэдрэнхэн суух байх. Нүд анихдаа уншиж амжаагүй хэдэн номондоо харамсаж амжих ч байж магадгүй. Харин тэр болтол шаргал хуудсыг нь шимтэн унших дэндүү олон ном байна даа. Гэрийнхээ ханаар дүүрэн номтой, номын сантай болохыг би мөрөөддөг. Тухтай буйдандаа шигдчихээд шимтэн шимтэн ном уншиж, нөхөр хүүхдүүдтэйгээ уншсан номынхоо талаар ярилцанхан суухсан. Номонд би юутай хайртай.
Номыг утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт /Ц.Дамдинсүрэн/...
Comments
Post a Comment