Саарал

2016 оны анхны бичлэг. Хөөрхий блогоо бүр тоохоон байжээ. Амьдрал буцлаж, зовлон, жаргал ээлжилсээр. Байнга хөтлөж сураагүй хүн жаргалынхаа тухай бичихээр төлөвлөж байтал зовлонтой болж, зовж буй талаараа бичих гэж бодсоор байтал жаргал ирж, дунд нь толгой эргэж явсаар өдийг хүржээ. Тэгээд жаргалын ч тухай, бас зовлонгийн ч тухай бичихээргүйгээр шийдлээ. /Гарын алга загатнаад байна, гоё юм авахнээ/ Өнөөдөр хаврын нэгэн бүрхэг өдөр байна. Албан тасалгааны цонхоор амьдрал урсаж л харагдна. Шинэхэн навчис ургахыг тэсэн ядан хүлээж буй нүцгэн саарал модод, юу юугүй бороошихнуу гэлтэй бүрсгэр саарал тэнгэр, тал нь шахам приус харагдах замын түгжрэл, баригдаж дуусаагүй саарал барилга, бараан голдуу өнгийн хувцастай хүмүүс нааш цааш алхах. Ерөнхийдөө тийм саарал дүр зураг. Гэхдээ байнашдээ, саарал гэхээр тийм гундуу санагдаж байна уу. Саарал өнгө бол яааг алтан дундаж.  Хар, цагаан 2 өнгийн тэг гол нь саарал. Магадгүй цагаан саарал, эсвэл хар саарал ч байж болно. Амьдрал тас хар, эсвэл цав цагаан байх боломжгүй. Тэгэхээр тэг голд нь байна гэдэг бас ч гэж муугүй үзүүлэлт байгаа биз. Одоо би бор саарал пальтогоо өмсөөд энэ саарал орчны нэг хэсэг болохоор гарна. Магадгүй нар жаргахынхаа өмнө үүлэн завсраар гэрэлтнэ. Үгүй байлаа ч миний хувьд бүхнийг гэрэлтүүлэх хүүгээ би цэцэрлэгээс нь аваад хамтдаа гэрлүүгээ явна. Ингээд л амьдрал цагаан саарал өнгөтэй болчихно. Бүх хүмүүст түүний амьдралыг нарнаас, тэнгэрээс, өнгөлөг бүхнээс илүү гэрэлтүүлэх утга учир, гэрэл гэгээ бий. Тийм учраас үүл чи нарыг, тэнгэрийг халхаллаа ч, модод нүцгэрлээ ч, зам дээр машинууд түгжирлээ ч, бусад хүмүүс саарал харагдсан ч, амьдрал цагаан саарал болохдоо л болно. Хааяа нэг хар саарал болчихвол, бараан бүхнийг бүү тоо, чамайг гэрэлтүүлдэг тэр зүйлрүүгээ тэмүүл. Чи заавал гэрэлтнэ. Бас хэн нэгнийг гэрэлтүүлнэ. 

Comments

Popular Posts