Ээж нь хүүгээ санаж байна...

Ээж нь хүүгээ санаж байна. Энгэртээ тэврээд эрхлүүлж чадахгүй, ээж шиг ээж байж чадахгүй байгаадаа өөрөөсөө ичиж байна. Ажил хийж байна гээд хүүтэйгээ хамт байж чадахгүй өвөө, эмээд нь дасгачихаад, өөрөө өөртөө гомдож байна, ээж аавдаа эрхэлж байгаа айлын хүүхдүүдийг хараад өр минь өмөрч байна. Миний жаахан нялх үр, эвийдээ... учраа мэдэхгүй дэндүү балчир хүү минь, хайрлаж халамжилж байгааруу нь тэмүүлж, аав ээждээ зоргоороо эрхэлж чадахгүй өсөж байгаа миний нандин үр. Ээж нь хүүгээсээ уучлалт гуйя. Дахиж эргэхгүй нялх нандин насыг нь хамт өнгөрөөж, чамайгаа эрхлүүлж, эхийн хайранд бөмбөрүүлж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Чи бол надаас ургасан нахиа, миний үргэлжлэл, миний аз жаргал, хайрын дээд, утга учир минь. Ээж нь хүүгээ үнэхээр их санаж байна. Элгэндээ тэвэрч үнэрлэмээр, үнсмээр байна. Жижигхэн гараараа ээжийнхээ хөхийг тэмтчин, зөөлөн хошуугаа наан хацраа бумбалзтал хөхөх, хөлс нь бурзайсан энхрий бяцхан хүүгээ ээж нь үгүйлээд байна. Ээж нь хүүгээ маш шх санаж байна...

Comments

Popular Posts